Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 15

Засгийн газрын зургадугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. 


2016 оны зургадугаар сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна. 2016-2017 онд 60 гаруй сая мал өвөлжих төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, төлөвлөгөө гарган, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг даалгалаа.

Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулах, зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор үүрэгжүүллээ.

Мөн малын гоц халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: www.zasag.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top