Хавдрын эмнэлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

2016 оны 10 сарын 31

 

ХСҮТ-ийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа 2016 оны аравдугаар сарын 28-нд боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлсэн үгэндээ, Хавдар судлалын үндэсний төвөөс олон эрдэмтэн докторууд, гавьяатууд төрж гарахын зэрэгцээ насаараа тус байгууллагад сэтгэл зүрхээ зориулан ажилласан олон эмч, ажилчидтай чадварлаг хамт олон гэдгийг хэлээд, тус эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор хавдрын оношилгоо, эмчилгээг олон улсын хэмжээнд хийх боломж бүрдэж, иргэд  өндөр чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Тэрээр цаашид ийнхүү тоног төхөөрөмжийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүйн төлөө хичээн ажиллана гээд, тус өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахад хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүстээ Монгол улсын засгийн газар, ЭМЯ, Сайдын нээрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм.

Түүнчлэн тус эмнэлгийн нийт эмч, ажилчдад хандан Олон улсын байгууллага, Элчин сайдын яамдуудтай хамтран эмч ажилчдаа багаар нь гадаадад сургахыг зорин ажиллаж буйгаа хэлээд, өөрсдийн нийгмийн асуудал болон шийдвэрлэх шаардлагатай ажлууд байвал төсөл хөтөлбөр болгон албан ёсоор яаманд хандаж хамтран ажиллахыг хүслээ.

ХСҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Хүрэлсүх хэлэхдээ, Манай эмнэлгийн хэвтэн эмчүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж ачааллаа даахгүй ажиллаж байлаа. Харин одоо энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор ачаалал 30-40 хувь буурна. Анх 1961 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол ийнхүү 55 жилийнхээ ойн дээр барилга болон тоног төхөөрөмж, ажиллах хүчээ өргөтгөж байгаадаа талархалтай байна. Ийнхүү ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэх 60 ор нэмэгдэж, 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шинээр ажилд авч хүний нөөцийн асуудлыг давхар шийдсэн гэв.

Энэхүү Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар байгуулсан Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор элэг шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлэх аж. Мөн хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд шийдсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас хорт хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт шинэ техник технологи нэвтрүүлэхэд байнга анхаарч дэмжиж ажилладаг бөгөөд үүний нэг томоохон жишээ нь өнөөдрийн энэхүү өргөтгөлийн барилгын ажил болж байна.

Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалтай нийт 4 давхар 5200 морчим талбайтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top