Татварынхан төсөвт нэг их наяд 800 тэрбумыг төвлөрүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Татварын ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлт "АСА" циркийн гадаа талбайд өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээ энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм. Өдгөө 12 дахь жилдээ зохион байгуулж буй "Татвар төлөгчдийн өдрүүд" нь Монгол Улсад Санхүү, татварын байгууллага үүсч, хөгжсөний 20 жилийн ойн жилд тохиож буйгаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Тиймээс татварын албаны технологи, үйл ажиллагааны онцлог, 1000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд татварын албаны байцаагч нар юу хийдэг, тэд юу бүтээдэг, энэ нь Монгол Улсад өнөөдрийн нэг төгрөгийн үнэ цэнээр хэрхэн яаж очдог гэдгийг танилцуулахыг зорьжээ.

Гадаа талбайд Татварын ерөнхий газар, Нийслэл болон Дүүргүүдийн татварын хэлтсийн холбогдох албаныхан, байдаагч нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн. Мөн тэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхийн ач холбогдлыг таниулах, тэргүүний татвар төлөгчдийг сурталчлах ажлыг хийсэн юм. Иргэд ч "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлтэд оролцож, нэг дороос мэдээлэл авах боломжийг алдахыг хүсээгүй бололтой олноороо цугларсан байлаа. Татварын байцаагч нартай уулзахад "Хувь хүний орлогын албан татвартай холбоотой зүйлийг иргэд их асууж байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг хамгийн их сонирхож байна. Хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн саналыг ч авч байна" хэмээсэн юм. Нэг үеэ бодвол иргэд, аж ахуйн нэгжүүдийн  татварын боловсрол, мэдлэг өссөн гэдгийг ч тэд онцоллоо.

"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд мэдээлэл, сурталчилгаанаас гадна ирээдүйн татвар төлөгчдөд энэ талын боловсрол олгох ажлыг хийх юм байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль, эрх зүй, аргачлал, арга зүйг нь хэлэлцээр, мэтгэлцээний хэлбэрээр хүргэхийг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top