Дэлхийн эдийн засаг 2016 онд ямар байв?

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 23

2016 онд дэлхий даяар ажилгүйдлийн төвшин буурсан нь эдийн засагчдын хувьд хамгийн сайн мэдээ боллоо. Ялангуяа хөгжиж буй орнуудад энэ өсөлт харьцангуй өндөр гарсан байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог АНУ-д л хоёрхон сарын дотор 371 мянган хүн шинээр ажлын байртай болсон нь чамлахаар үзүүлэлт биш юм. Есдүгээр сард тус улсад 292 мянган ажлын байр бий болж, дээд амжилт тогтоож байсан бол түүнээс хойш аажмаар буурсаар өнгөрсөн сард хувийн хэвшилд 156 мянган ажлын байр л нэмэгджээ. Улсаар нь авч үзвэл Камбож, Катар, Беларусьт ажилгүйдлийн төвшин хамгийн бага буюу 1 хувь дотор, АНУ-д таван хувь, харин Либерид 85, Зимбабвед 95 хувьтай байна.

Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн гэсэн эдийн засагчдын дүгнэлтийг баталсан жил боллоо гэж эдийн засагчид дүгнэж байна. Үүнийг доорх баримтаас харж болно.  

1-рт, дэлхийн эдийн засгийн нийт эргэлт 2015 онд 73.506 триллион ам.доллар байсан бол энэ онд 76.321 триллион ам.доллар болж нэмэгджээ.  

2-рт, БНХАУ 6.9, Энэтхэг 7.3 ДНБ-ээ хувиар өсгөж дэлхийн эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ хамгийн их өсгөсөн, өөрөөр хэлбэл хямралаас хамгийн хурдан гарч буй улс нь Эфиоп (+10.2%), Папуа Шинэ Гвиней (+9.0 %), Узбекистан (+8.0 %) байна. Харин газрын тосны бүтээгдэхүүнээс хамааралтай улсууд, тухайлбал ОХУ-ын эдийн засаг жилийн эцэст 3.3 хувиар буурах горимоор явж байгаа юм.  

"Уул уурхайн салбарын олборлолтын зардал нэмэгдэх хандлагатай байгаа учир цаашид үнэ өндөр тогтоогдох болно” гэсэн мэдэгдлийг Дэлхийн металл олборлогчдын холбооноос хийжээ. Тус байгууллагын захирал Эдвин Бассон импортлогчидтой Бээжинд хийсэн уулзалтынхаа  үеэр “Экспортлогчдын зүгээс сүүлийн 40 жилд анх удаа ийм таагүй байдалтай уулзахаас өөр аргагүйд хүрлээ. Уур амьсгалын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас олборлолтын зардал зарим бүс нутагт 90 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь импортлогчдын хувьд “маш таагүй” хэрэг гэдгийг ойлгож байна” хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс үзвэл, алт, зэс болон бусад металлын ханшид олборлолтын зардал гол үүргийг гүйцэтгэх цаг иржээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top