Түүхий эд, бараа бүтээгдэхүүн ховор байх тусмаа үнэтэй байдаг. Хэрвээ олж, бүтээж чадаж гэмээ нь өртөг зарцуулахгүйгээр ашгаа олон дахин нэмэгдүүлэх боломжтой. Бизнесийн энэ зарчмыг хэрэгжүүлэхийг бүгд хүсдэг ч тэр бүр санаснаар болохгүй байх нь олонтаа. Тэгвэл ажигч гярхай япон бизнесмэний ачаар Индонезид энэ боломж нээгдсэн байна.
Тус улсын Минданао арлын фермерүүд энэ жилээс Criollo хэмээх маш ховор сортын какао тарьж эхэлжээ. Японы бизнесмэн Кейзо Муто 30 гаруй жил эрэл хайгуул хийсний дүнд арлыг Испанийн колончилолд байх үед ургадаг байсан какаоны ховор төрлийг олж авсан юм байна. Энэ төрлийн какао нь дэлхийн нийт ургацын тавхан хувийг эзэлдэг учир үнэ өртөг ч харьцангуй өндөр байдаг ажээ. Энэ сортыг тариалснаар арлын фермерүүдийн амьдрал дээшлээд зогсохгүй улс орны эдийн засагт ч нааштай нөлөөлөх боломжтой гэж эрх баригчид найдах болжээ.
Ховор төрлийн какао Минданаод ургадаг байж магадгүй гэсэн санааг К.Муто нутгийн иргэдийн дунд тарсан үлгэр домог, хууч ярианаас олж авчээ. Ингээд үлгэрт дүрслэгдсэн шинж тэмдэг бүхий газруудаар явж хайгуул, шинжилгээний ажил хийх болсон байна. Удаан хугацаанд үргэлжилсэн эрэл нь эцсийн эцэст амжилттай болж, Давао хотын ойролцоох ширэнгэ ойгоос хайсан зүйлээ олжээ.
Минданао нь экватороос нэлээд зайтай боловч халуун дулаан бүсэд оршдог. Мөн Филиппинд байнга л болж байдаг далайн хар шуурганд тэр бүр өртөөд байдаггүй нь шинэ сорт тариалахад яг тохирч байгаа аж. К.Муто өнгөрсөн жил бизнесийн хамтрагчидтайгаа Давао хотоос холгүй газар худалдаж аван ховор сортын какаоны 3000 суулгац тарьсан нь амжилттай болж, энэ жилээс арлын бусад фермер ч тариалж эхэлсэн нь энэ юм. Ховор сортын гол онцлог нь маш шүүслэг амттай бөгөөд өндөр үнэтэй тансаг чихрийн гол орц болдог ажээ.
Япон улс, Давао хот харилцааны эртний урамжлалтай юм байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү жилүүдэд 20 мянга гаруй япон иргэн Минданао аралд цагаачлан очиж, жижиглэн худалдаа эрхлэн амь зууж байсан аж. Эдгээр япончууд дайны дараа нутаг буцсан ч зарим нь үлдэж, одоо болтол амьдарсаар байгаа гэнэ. Тэдний нэг нь Кейзо Муто юм. Тэрээр 1980-аад оны дундуур Минданаод ирж суурьшсанаас хойш 30 гаруй жил амьдарчээ. Өнгөрсөн зууны үед иргэний дайны гол талбар болж, үгүйрэл хоосрол, аллага хүчирхийлэл ноёлж байсан Минданао арал ийнхүү улсынхаа эдийн засгийг тэтгэх “Саалийн үнээ” болох цаг холгүй иржээ. Энэ сайхан боломжийг ажигч гярхай, зорилгынхоо төлөө зүтгэж чаддаг Кейзо Муто гэгч бизнесмэн бий болгожээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
филиппиний тухай бичээд байх шиг индонези гээд юу балайраад байгаа юм бэ Төгөл дөрөө