Б.Жавхлан: Гаднын банкны дүрмийн санг 300-500 тэрбум төгрөг байхаар тусгасан

2017 оны 01 сарын 05

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, З.Нарантуяа, Б.Ундармаа тэргүүтэй таван гишүүн гаднын банкийг Монголд үйл ажиллагаа эрхлэх эрхийг нээх эрх зүйн зохицуулалт санаачлаад байгаа билээ. Тэдний өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үр дүнд жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Гэвч зарим судлаачдын зүгээс  Монголд гаднын банк салбараа байгуулах нь санхүүгийн салбараа эрсдэлд оруулна хэмээн тайлбарладаг. Энэ талаар дээрх хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын банкны хууль батлагдвал гаднын банк Мон­голд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэх нь. Хуулийн тө­сөлд гаднын банк ямар төрлийн үйл ажиллагаа явуулахаар тусгасан бэ?

-Монгол Улс 1990 оноос хойш банкны хоёр тогтолцоотой явж ирсэн. Төв банкны тухай хууль, арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулдаг хуультай. Энэ хоёр тийм ч муу хууль биш. Гэхдээ зөвхөн нийтлэг үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулдаг. Одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь төрөлжсөн банкны үйл ажиллагааг зохицуулж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын чиглэлийн санхүүгийн үүрэг гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг зохицуулах юм. Үүнийг зөвхөн гаднын банкны үйл ажиллагааг зохицуулах жижиг хүрээнд ойлгож болохгүй. Гаднын банкны салбар, эсвэл хуулийн этгээд, хөрөнгө оруулалтын сан ч байж болохоор хуулийн төсөлд тусгасан.

-Дотоодын арилжааны банкуу­дын үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

-Нэг талдаа энэ хуулийг одоо байгаа банкны системдээ хамгаалалт хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд орж ирж ажиллах гаднын банк, дотоодын банкуудын зах зээлд ажиллахгүй. Иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй. Зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулж өгч байгаа. Дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ. Мөн банкны хоорондын зах дээр ажиллаж болно. Ингэснээр манай арилжааны банкуудын том хэмжээний хямд эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд дотоодын банкуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нээлт­тэй байхаар зохицуулалт оруулсан.

-Хуулийн төсөлд Хятадын банкинд давуу эрх олгосон заалт орсон гэх мэдээлэл гарч байна. Ийм зүйлийг тусгасан байгаа юу?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гаднын банкны үйл ажиллагааг журмаар зохицуулж байгаа. Хуулиар биш үү. Уг журмаар Монголд үйл ажиллагааг эрхлэх сонирхолтой гаднын банк төлөөлөгчийн газраа нээсэн, улмаар хэр хэмжээний хөрөнгөөр ямар үйл ажиллагаа эрхлэхийг зохицуулсан. Бидний санаачилсан хуульд ийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагчдыг аль болох татах гэж буй алхам учраас олон төрлийн шаардлага тусгаагүй. Нэн ялангуяа эдийн засгийн ийм нөхцөлд шалгуурыг ал болох цөөлөх хэрэгтэй. Хэрэв одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зохицуулна гэвэл, дотоодын банкны зах зээлээ хамгаалсан өөр шалгуур тавих хэрэгтэй болно.

-Энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх гаднын банкинд ямар шалгуур тавих вэ?

-Бид зах зээлээ харамлах хэмжээний чадалтай биш байна. Магадгүй эдийн засгийн өсөлт 10-аас дээш байгаа үед гаднын хөрөнгө оруулагч олон байсан байх. Одоо бол уян хатан бодлого баримталж хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Үүний тулд өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ таниулах, боломжийг нээж харуулах нь чухал  байгаа юм. Мэдээж, хуулийн тө­сөлд тодорхой шалгуур заалтууд бий.

-Гаднын банк дотроо төрийн болон төрийн бус эзэмшлийн гэж байгаа. Үүнд шалгуур тавьсан уу?

-Үүнийг өөр олон хуулиар зохицуулж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хэрэв цаад хөрөнгө оруулагч нь гадаад улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай байвал, заавал манай төр, засгаас гаргасан чиглэлийн дагуу хариуцсан төрийн байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхлэх ёстой. Мөн Терроризмийн санхүүжилтийн эсрэг хууль гэж бий. Түүгээр олон төрлийн нарийн зохицуулалт хийсэн байдаг.    

-Томоохон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийж өгсөн учраас хөрөнгийн босго тавьж өгөх үү?

-Одоо байгаа хуулиар Төв банкны арилжааны банкуудын дүрмийн санг тогтоодог. Төв банкнаас тогтоосноор дотоодын арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх гаднын хөрөнгө оруулагчийн дүрмийн санг 300-500 тэрбум төгрөг байхаар төсөлд суулгасан. Хэлэлцэгдэх явцад энэ хэмжээнд өөрчлөлт орж магадгүй. Түүнчлэн санхүүжүүлэх нэг төсөл хөтөлбөрийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг гэх мэтээр хязгаарлалт хийсэн. Ийм зохицуулалт хийж дотоодын банкуудын үйл ажиллагаанд эрсдэл уч­руулах нөлөөллийг хязгаарлаж байгаа.

-Энэ хууль батлагдсан тохиол­долд Монголд үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлсэн хэчнээн гаднын банк байгаа вэ?

-Надад байгаа мэдээллээр таван банк байсан. Өнгөрсөн есдүгээр сараас хойш гурвынх нь төлөөлтэй уулзлаа. Тэгэхэд “Танай эдийн засагт тодорхойгүй байдал үүсчихлээ. Түр хугацаанд харзнана” гэсэн хариу өгч байна. Бодит байдал ийм л байгаа. Тиймээс бид хуулиа гаргаж, банк санхүүгийн салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чухал байна. Бид нэг банкны нэр дурдаж, түүнийгээ улс төржүүлэн бусад боломжоо хаадаг. Bank of China гэхэд л дэлхийн тэргүүлэх 10 банкны жагсаалтад байнга багтдаг. Энэ банкны хувьд цаад хөрөнгө оруулагч Засгийн газар нь учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ энэ асуудлаас болоод бусад боломжоо хааж болохгүй.

-Гаднын банкууд Монголд үүдээ нээснээр зээлийн хүү буурна хэмээн харах хүн олон бий. Үнэхээр тийм нөлөө үзүүлнэ гэж харж байна уу?

-Тийм үзэгдэл богино хугацаанд болохгүй. Зээлийн хүүг бууруулахын тулд Монголынхоо банкны системийн хүүгийн бүтцийг харах хэрэгтэй. Манай банкны хүү зээлийнх бус хадгаламжийн хүүн дээр тогтдог системтэй. Хадгаламжийн хүү өндөр, Монголбанкны бодлогын хүү өндөр байгаа. Дээр нь бизнесийн эрсдэлийн төвшин өндөр. Энэ сувагт гаднын хямд эх үүсвэр орж ирвэл зээлийн хүүд нөлөөлөх боломжтой. Үүнээс эерэг хүлээлт үүснэ гэж ойлгох хэрэгтэй.

-Одоо байгаа Банкны тухай хуулиар зохицуулж болохгүй юу?

-Дотоодод үйл ажиллагаа явуулж буй 13 банкны 7-8 их, бага хэмжээгээр гаднын хөрөнгө оруулалттай. ХААН банкны 51 хувь, “Кредит” банк 100 хувь гаднынх, “Хас” банк Канад, “Худалдаа хөгжлийн” Америкийн хөрөнгө оруулалт татсан байх жи­шээ­тэй. Гэхдээ том хэмжээний төс­лийг санхүүжүүлэх чадвар бүхий хөрөн­гө оруулалтыг татахын тулд зөв зохи­цуулалт хийх шаардлагатай байгаа юм. 

Д.Мягмардорж


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.20) 2017 оны 01 сарын 07

Их хуралд банкны, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй хүмүүс орсон нь сайн бна үр өгөөж гарч эхэлж байна даа.

0  |  0
зочин(103.229.123.20) 2017 оны 01 сарын 07

Гадны банкийг зөвшөөрдөггүй 3 улс энэ дэлхийд бна монгол.куба.хойд сол. ашгүй дээ энэ нэг муу нэгнээсээ салах цаг ирж бна даа .одоо банкуудын мөнгө хүүлэлт зогсож хүү нь буурч хөрөнгийн зах зээл хөгжинө дөө сайн бна дэмжиж бна.

0  |  0
зочин(103.229.123.20) 2017 оны 01 сарын 06

Гадны банкийг оруулах нь зөвөө.Гэхдээ нэг их хязгаарлалт тавиад байх нь сайн биш шүү .Жижиг зээлийг ч өгдөг болгох хэрэгтэй тэгж байж манай банкуудын өндөр хүү буурна шүү дээ.

0  |  0
бид(202.179.31.71) 2017 оны 01 сарын 05

Нарантуяа Жавхлан гээд ганц нэг гайгүй зөв хүмүүс бас байна аа энэ хуралд

0  |  0
ZOCHIN(202.21.106.114) 2017 оны 01 сарын 05

Дүрмийн сан нь хэтэрхий бага байна. 500 тэрбумаа ядаж 1 их наяд болгох хэрэгтэй. 400 сая доллар бол гадны банкинд их биш мөнгө.

0  |  0
АРД(202.55.191.130) 2017 оны 01 сарын 05

Гар атгаад бугуй барина , Ацаг шүдний зөрүү гэж нэг кино байгаа шүү, сайн бодоорой, Манайхан авилага авах дуртай шүү, бүгдээр хэлэлцвэл буруугүй бүлэн усаар угвал хэргүй

0  |  0
Top