Үл хөдлөх хөрөнгийн салбарыг тойрсон ипотекийн зээлийн санхүүжилт өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.
Одоогийн байдлаар, ипотекийн зээлийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц" санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Сүүлийн хоёр сар ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 200 орчим иргэнд зээл олгогдсон байна. Мөн арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 24 тэрбум орчим төгрөгийг тус тус олгожээ.
Тэгвэл энэ долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Орон сууцны ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна” гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар арилжааны банкуудаас тодруулахад ташаа мэдээлэл" болохыг баталлаа. Учир нь арилжааны банкууд иргэдээс зээлийн хүсэлт шинээр хүлээн авахгүй байгаа юм. Ингэхдээ зарим банк зөвхөн өөрийн эх үүсвэрийн зээл олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл тухайн банк өөрийн хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна. Тухайлбал "Голомт банк" ийн замаар зээлийн хүсэлт авч байгаа гэлээ.
Хаан банк, Төрийн банкны тухайд ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа хэдий ч зээл олгохгүй байгаа аж. Худалдаа хөгжлийн банк “Ипотекийн зээлийн санхүүжилт орж ирээгүй байгаа учир одоогоор материал хүлээн авахгүй байгаа” гэлээ.
Цаашид ипотекийн зээлийг хэрхэн олгох эсэх нь тодорхойгүй хэвээр л байна. Ипотекийн зээл олголт ийн хумигдсан нь зээлийн хамрах хүрээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3-4 дахин буурчээ. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрсөн оны 11 дугаар сарын байдлаар 2,061,245 төгрөг болж өмнөх сараас 1.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус тус өссөн байна. Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 74,319,000 төгрөг болж өмнөх сараас 2.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар тус тус буурчээ.
Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд дагалдаж байсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд шийдэж ирсэн. Харин одоо энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэхэд дэд хөтөлбөрийн хугацаа дууссан, мөн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төвбанк зах зээлд долоон их наяд төгрөгийн нийлүүлэлт хийжээ. Үүний дөрвөн их наяд нь ипотекийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Энэ нь нэг зээлдэгчид 50 орчим сая төгрөг ногдож буй тоон үзүүлэлт юм. Одоогоор ипотекийн зээлд 88 мянган иргэн хамрагдсан байна. УИХ-аас баталсан 40 дугаар тогтоолын хүрээнд ипотекийн зээлийг ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх замаар шийдэх ёстой гэж заасан. Гэвч тус тогтоолтой холбоотойгоор олон зүйл тодорхойгүй бүрхэг байгаа юм. Одоогоор ипотекийн зээлийг олгохдоо өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлсэн байдлаар амь аргацааж байна. Үүнтэй зэрэгцэн "Монголбанк энэ онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хийхээр боллоо" гэсэн таатай мэдээлэл оны өмнө гарсан ч энэ нь мөн л ташаа мэдээлэл болохыг Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил тайлбарласан.
Засгийн газар 80 м.кв хүртэлх талбайтай орон сууцны зээлээ ч санхүүжүүлэх эх үүсвэргүй атал 100 м.кв болгох шийдвэрийг гаргасан байдаг. Монголбанкны хувьд "80 м.кв хүртэл талбайтай орон сууцны зээлээ санхүүжүүлээд л явна. Хэрэв 100 м.кв болгож нэмэгдүүлэх юм бол Засгийн Газар эх үүсвэр олж ирж санхүүжилтийг шийднэ биз" гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа гэдэг хариултыг өгөв.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг судалж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3,8 их наядын эх үүсвэр байгаа. Түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум төгрөг. Түүгээрээ ипотекийн зээлийг үргэлжлүүлээд явах бодлого барьж байна. Гурван их наяд гаруй төгрөгийн хөтөлбөрийг бид 1,7 тэрбум доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. 100 м.кв талбайтай орон сууцыг зээлд хамруулах нь битгий хэл 80 м.кв-аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Яагаад гэвэл дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хугацаа 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд дууссан” гэв.
Тэгвэл 2017 оноос гадаад эх үүсвэрээс ипотекийн зээлийн санхүүжилтийг шийднэ” гэж Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат хэвлэлд хэдэнтээ ярьсан байдаг. Мөн БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэлэхдээ “Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй болгох бодлого баримталж байгаа. Ипотекийн зээлийг хариуцах эзэн нь Монголбанк, Засгийн газар. Бид нэгэн рүүгээ энэ асуудлыг түлхэхгүй. Тиймээс ч эх үүсвэрийг бодитой болгох асуудлаар Сангийн яам идэвхтэй хэлэлцээр хийж байгаа. Дахин хэлэхэд, энэ асуудал сая бараг л шийдэгдчихээд байсан. Гэвч улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдлаас үүдээд хойшилчихлоо. Дөрвөн тэрбум ам.доллар орж ирэхээр гэрээ зурагдахад бэлэн болоод байсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байх юм. Түүний тайлбараар бол Далай ламын айлчлалаас үүдэж энэхүү гэрээ нь хойшлогдсон бололтой юм.
Уг нь ипотекийн санхүүжилтийн асуудлыг ойрын хугацаанд шийдэж зээл олголтыг урьдын адил үргэлжлүүлэхгүй бол иргэд нь хүлээлт, барилгын компаниуд нь дампуурлын ирмэгт тулаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
shine bairnaas daatgal avahaa bolio ene bolluivar
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
zeelin xvv bond n xezee orj irex ym be