Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжиж эхэллээ

2017 оны 01 сарын 25

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Цагаан сар”-ын баяр хаяанд ирлээ. Энэхүү баяртай холбогдуулан “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Уг төслийн зорилго нь эх орондоо үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг иргэдэд илүү ихээр сурталчилан танилцуулахад оршиж байгаа юм. Монгол түмэн цагаан сарын баяр болоход ёс уламжлалаа дагаж, ирсэн зочиддоо бэлэг өгөх ёсыг гүйцээдэг.

Судалгаанаас харахад ямар нэгэн байдлаар зочин хүлээн авч, бэлэг өгдөг өрхийн тоо дунджаар 100.000 орчим байгаагаас өрх бүр 250.000-300.000 төгрөгийг бэлэг авахад зарцуулж байгаа гэсэн тоо баримт байна. Энэхүү үзүүлэлэтээс үзэхэд 25-30 тэрбум төгрөг цагаан сарын бэлэг худалдан авах хэлбэрээр гадагшаа буюу урд хөрш рүү гарч байна. Нэг ёсондоо эдийн засгийн эргэлтэнд орж байгаа гэсэн үг юм. 

Иймээс “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжиж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, иргэдийг дотоодын бүтээгдэхүүнээ цагаан сарын баяраар хэрэглэхийг уриалж байгаа ажээ.

Иргэд хэрэглэгчдийн зүгээс дотоодын үйлдвэрэгчдийн бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хэт үнэтэй, олдоц муу, мэдээлэл олдодгүй гэх мэт шалтгаанаар дотоодод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг бэлгээр сонгох нь харьцангуй бага байдаг.

Харин үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээл жижиг, цөөн тоогоор үйлдвэрэлэхэд өртөг өндөр, маркетингт зарцуулах төсөв хүндрэлтэй, олон салбар нээхэд зардал их орох зэрэг шалтгаанаар хэрэглэгчдэд хангалттай хүрч чаддаггүй байна.

Иймээс энэхүү асуудлыг шийдэж, үндэсний үйлдвэрлэлээ бодитоор дэмжих боломж болгон харж, гадны улс руу гарч буй 25-30 тэрбум төгрөгийн эргэлтийг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих боломж гэж үзээд“МОНГОЛ БЭЛЭГ”  төслийг санаачилжээ.

Уг төсөл нь үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэн, чанар, өнгө үзэмж сайтай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, бэлгийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, худалдан авахад хялбар нөхцөлийг бүрдүүлэх аж.

Мөн “МОНГОЛ БЭЛЭГ” төслийн хамт олон асуудалд анхаарлаа хандуулан иргэдийг уриалаад зогсохгүй шийдлийг санал болгож байгаагаараа онцлогтой юм. Тодруулбал, маркетинг хийх зардалгүй бага төсөвтэй хувь хүмүүсийг нэгтгэх замаар цогц маркетингийн ажил зохион байгуулж, хамтарч ажилласан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг мэдээллийн сувгуудаар олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top