Энэ онд Энэтхэгийн эдийн засаг хамгийн ихээр өснө

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

Эдийн засгийн хямралаас болоод дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт нэлэнхүйдээ буурч байгаа билээ. Өндөр хөгжилтэй зарим оронд хасах үзүүлэлттэй гарах төлөв ч мэдрэгдээд буй. Тэгвэл энэ хямралыг толгой өвдөхгүй давж байгаа ганц улс нь Энэтхэг болоод байна. БНХАУ-ын эдийн засаг тогтмол 10-аас дээш хувиар өсч байх үед бүгд л “гайхамшиг” гэж нэрлээд, жилд ойролцоогоор 6-7 хувийн өсөлттэй байсан Энэтхэгийг тоогоогүй. Гэтэл Хятадын өсөлт зургаа руу орж, цаашдаа хэр уруудахыг хэн ч хэлж чадахгүй байхад Энэтхэг нөгөө л жигд темпээ хадгалсаар. Товчхондоо Хятад холын зайд хэт хурдалж гүйгээд бахардаж байгаа тамирчныг, Энэтхэг нэгэн жигдээр удаан ч биш, хурдан ч биш гүйж яваа тамирчныг санагдуулах болов. Энэ хоёр “тамирчны” аль нь хол зам туулах вэ гэдэг асуулт эдийн засагчдын сонирхлыг хамгийг их татсан сэдэв болж байна.    

БНХАУ аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж,  сүүлийн 35 жилийн хугацаанд 600 сая иргэнээ ажлын байраар хангасан билээ. Энэ нь “Хөдөлмөрийн зах зээлд олсон амжилтаараа дэлхийд тэргүүлэх улс” гэсэн статусыг БНХАУ-д өгч, өнгөрсөн зууны сүүлийн хагасын хамгийн онцлох үйл явдал хэмээн тооцогдсон. Дэлхий дээр өмнө нь нэг ч улс ийм богино хугацаанд иргэдээ ажлын байраар хангаж байгаагүй нь үнэн. Гэвч 21 дүгээр зуунд Энэтхэг энэ түүхийг давтах боломжтой гэж дэлхийн тэргүүлэх эдийн засагчид таамаглаж байгаа юм. Ингэж дүгнэх хэд, хэдэн шалтгааныг тэд нэрлэж байгаа юм.

Нэгдүгээрт, Энэтхэг нь эртний соёл иргэншилтэй ч харьцангуй залуу хүн амтай улс. Тус улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоо жил бүр 12 саяар нэмэгдэж байдаг аж. Гэтэл БНХАУ-д хөдөлмөрийн насны иргэд буурах үе, шат руугаа орчихсон. Энэ байдлаараа арван жилийн дараа гэхэд Энэтхэг хөдөлмөрийн хүчээрээ дэлхийд тэргүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Энэтхэгт цаг байгаа, боломжоо ашиглана гэдэгт итгэх өөдрөг үзэлтнүүд цөөнгүй байгаа юм. Жишээлбэл, нэрт эдийн засагч, “Энэтхэгийн зуун” номыг бичигч Камал Натх үүнд бат итгэлтэй байна. Шалтгаан нь ч маш бодитой юм.

Эдийн засаг өсч байгааг хөдөлмөрийн насныхан нэмэгдэж байгаатай холбож ойлгох явдал байна. 2005-2007 онд тус улсын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 9 хувьтай гарсан. Түүнээс хойш дунджаар долоон хувийн өсөлтийг хадгалж яваа. Энэ хооронд хүн амын өсөлт нь ч хоёр дахин нэмэгджээ.

1991 онд буюу тус улсын Парламент эдийн засгаа либералчилахад төрсөн залуус одоо яг нөхөн үржихүйн идэвхитэй насан дээрээ иржээ. Хүн амын 40 хувийг тэд бүрдүүлдэг болсон байна. Энэ нь улс төрийн салбарт ч нөлөөлөх бодит хүчин зүйл болж хувирав. Энэтхэгийн Засгийн газрын сайд нарын дундаж нас 65 байдаг. Тэр ч байтугай Нарендра Модигоос өмнө Энэтхэг улс тусгаар тогтносноос хойш төрсөн /1947 онд тусгаар тогтносон/ нэг ч Ерөнхий сайд байгаагүй юм.Тэгвэл энэ байдал эвдэгдэж, 1950 онд төрсөн Нарендра Моди гүйцэтгэх засаглалыг удирдаж байна. Ингэснээрээ залуусын дунд хүчээ авч байсан “Хуучин Энэтхэгт төрсөн хүн шинэ Энэтхэгийн эрх ашгийг хамгаалж чадахгүй” гэсэн үзлийг сулруулж чадлаа.  

Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байгаа нь үнэн ч илүү эрчимжүүлэхийн тулд хөрвөх чадвар сайтай, уян хатан бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч байгааг үгүйсгэж болохгүй. Баян хоосны ялгаа ихтэй, “мөнчгөрөөрөө” амжилтад хүрэх боломж бараг “0”-тэй тэнцүү  гээд асуудал бий. Өөрөөр хэлбэл, нэгэнт ядуу айлд л төрсөн бол тэр чигтээ дуусах магадлал өндөр. Томчууд нь хоорондоо ураг барилдаж, амьдралаас хэт тасарсан, жирийн иргэдийн цалин хөлс дэндүү бага гээд хөгжиж байгаа улсад байдаг бүх л бэрхшээл тэнд байна. Залуус өсөөд л байдаг, ажлын байр байдаггүй. Тодруулбал, эдийн засгийн өсөлт нь  ажиллах хүчнийхээ өсөлтийг гүйцэхгүй бэрхшээл байна. Тэд энэ бэрхшээлээ шийдвэрлэж, БНХАУ-ыг гүйцэн шинэ зууныг эрхшээх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top