“Алт-2” хөтөлбөрийг хүлээх шалтгаан

2017 оны 01 сарын 31

Монгол Улсад олборлосон нэг грамм алтыг ч Монголбанкинд тушаадаг болгоё.

Монгол Улс эдийн засгаараа хамгийн эрсдэлтэй орны жагсаалтад 11 дүгээрт бичигдсэнийг “Bloomberg” мэдээллээ. Эрсдэлтэй орнуудыг эрэмбэлэхдээ валютын нөөц болон ханш, ажилгүйдлийн төлөв, инфляци гэсэн дөрвөн үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Энэ үзүүлэлт Монгол Улсад итгэх олон улсын итгэлийг мөн л сулруулж орхив. Бодлого, шийдвэр нь тогтворгүй, данс нь улайсан манайх шиг улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Ямар сайндаа энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд төр засаг нь бүхий л арга замыг хайж, байдгаа барж сууна. Үүний нэг жишээ гэвэл, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Энэ хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзжээ.

Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж буй.

Алт бол тухайн орны эдийн засгийн гол хөшүүрэг байдаг. Алтгүй улс “гуйлгачинтай адил” гэдгийг дэлхийн банкууд тодорхойлсоор ирсэн. Тэгвэл манай улсын алтны үйлдвэрлэл Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр ДНБ-ий 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм. Харин өдгөө Монгол Улсын алтны нөөц хоёр мянга гаруй тонн бөгөөд шороон ордын 27.6 тонн, үндсэн ордын 224.2 тонн, алт агуулсан бусад металлын ордын 1101.3 тонн бүртгэгджээ. Алт олборлогчдын Монголбанк болон арилжааны  банкуудад  тушаасан алтны хэмжээ 2015 онд 12.6 тонн байсан бол 2017 онд 14 тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Харин ирэх жил 14.8 тонн алт тушаахаар төсөвт тооцжээ. Монголбанкны мэдээгээр 2013 онд 71 аж ахуйн нэгж, иргэдээс нийт зургаан тонн алт худалдан авч байсан бол 2015 оны эхний арван сард 86 аж ахуйн нэгж, 1723 иргэн 12.9 тонн алт тушаажээ. Алт тушаагч аж ахуйн нэгжүүд, бичил уурхайчин, иргэдийн тоо ч ихээхэн өссөн юм. Алтны экспорт 2014 онд арван тонн, 2015 оны эхний арван сард 9.5 тонн болж өссөн байна. Экспортлосон алтны дийлэнхийг Канад болон Их Британи улсууд эзэлдэг аж. Дэлхийн тэргүүлэх олон улсын арван банк, санхүүгийн байгууллагын хийсэн алтны үнийн урьдчилсан төсөөллөөр алтны зах зээлийн үнэ 2017 оноос аажмаар өсч 2018-2020 онд унц нь 1210.0-1230.0 ам.доллар, 2020-2025 онд 1250.0-1350.0 ам.долларын хооронд хэлбэлзэх аж.

Ийнхүү ирэх арван жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.840.0 тоннын хооронд хэлбэлзэхээр төлөвтэй байна. Энэ хугацаанд алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрнэ гэж төсөөлжээ. Харин Монгол Улсын Засгийн газар алтны нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Гэхдээ бидэнд “Алт-1” хөтөлбөрөөс оносон, алдсан зүйл бишгүй бий.

 

“Алт-1” хөтөлбөрийн ололт

Манай улс өмнө нь “Алт” хөтөлбөр болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байв. 1992-2000 онд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтыг татаж алтны жилийн олборлолтыг 0.7 тонноос 11.0 тоннд хүргэж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн ашиглалтад оруулан, ихээхэн хэмжээний татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Харин 2000-2010 онд алтны үйлдвэрлэлийн хөгжлийн үе ирсэн бөгөөд анх удаа улсын хэмжээнд жилийн олборлолт 24.1 тоннд хүрч, түүний 40 гаруй хувийг алтны үндсэн ордоос олборлодог болсон байна. “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-1996 онд 13 тонн, “Алт 2000” хөтөлбөрийн хүрээнд 1997-2000 онд 53 тонн алт олборложээ. Ингэснээр нийт 66 тонн алт олборлосон байна. 1992 онд алт үйлдвэрлэлийн салбарт 950 хүн ажиллаж байсан бол 2000 онд 7500 болтлоо өсчээ. Олборлолтын хажуугаар геологи, хайгуулын ажлыг ч орхигдуулаагүй байна. 1991 онд 140,49 тонн алтны нөөцтэй байсан бол 1992-2000 онд геологи хайгуулын ажлаар 110,36 тонн алтны нөөцийг илрүүлжээ. 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр дэлхийн топ аравт орж байсан түүхтэй.

Тухайн үедээ алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж, “Алт” хөтөлбөрийн хугацаанд 107,6 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж байжээ. Алтны аж үйлдвэрийн салбар улсын төсвийн орлогын арав шахам хувийг бүрдүүлдэг улсын валютын сангийн үндсэн эх үүсвэрийг бүрдүүлэгч болсон юм. Өнгөрсөн арав гаруй жилд олборлосон алтны хэмжээ 65.56 тонн болж, 368.4 тэрбум төгрөгийн буюу 468.7 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулж, 114.3 сая ам.доллартай тэнцэх татварыг улсын төсөвт төлж, 3.76 тонн алт экспортлосон байна.

Гэвч 2006 оноос алтны худалдааны 68 хувийн татварын бодлого хэрэгжсэнээр олборлолтоос гарч байгаа алтыг бүрэн хэмжээнд цуглуулах боломж алдагджээ. 2014 онд “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монголбанкны алтны худалдан авалтад эерэгээр нөлөөлсөн байдаг.

 

“Алт-1” хөтөлбөрийн сургамж

 Алт олборлолтын эхэн үедээ нөхөн сэргээлт болон байгаль хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй байсан нь “Алт-1” хөтөлбөрийн алдаа байсан юм. Ихэнх шороон ордууд дээр ашиглалтын хаягдал үүссэнтэй холбогдон гар аргаар алт олборлогчид  Шарын гол, Заамар, Баянхонгорын алтны ордууд дээр бий болсон түүхтэй. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн салбараас хамааран 5,8 мянган га газар эвдрэлд орсон гэсэн тоо байдаг. Үүний 5,36 мянган га нь 1992-2000 оны хооронд байв. “Алт” хөтөлбөр эхэлж байхад 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт бараг байхгүй байсан нь уг хөтөлбөрийн сөрөг үр дагавар юм. Тодруулбал, “Алт” хөтөлбөрийг эхлүүлж байх үед техник технологийн хүчин чадал муугаас болж хаягдал их гарсан. Хоёрдугаарт, нөхөн сэргээлт хийдэггүй, дутуу хийдгээс болж байгаль орчны унаган төрх алдагдсан. Мөн 2001 оноос “нинжа” гэсэн бүлэг гарч ирсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Түүнчлэн “Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр 5700 га газар эвдрэлд орж Ерөө, Заамар зэрэг газруудад усны бохирдол нэмэгдсэн байна. Заамар дахь алтны үйлдвэрүүдэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах менежментийн систем байхгүйгээс экосистем нь ноцтой гэмтжээ. Тухайлбал, экосистемийн хамгийн хүнд эвдрэлд өртсөн хэсэг бол Туул гол юм. Алтны уурхайнуудын тунгааж цэнгэгжүүлээгүй, нарийн ширхэгтэй хурдас материалаар булингартсан усыг Туул голд цутгаснаар урсгалын талбай болон хөрс, ургамал нь гэмтсээр байгаа билээ. Түүнчлэн ойр орчмын газрын хөрс тээврийн хэрэгслийн эмх замбараагүй хөдөлгөөнөөс болж ихээр эвдэрч, бэлчээр сүйтсэнээс болж улаан шороо борооны усанд угаагдан урсаж Туул гол руу цутгаж байгаа юм. Мөн алтны компаниуд ашигласан талбайн нөхөн сэргээлт бараг хийдэггүй бөгөөд хөрсжүүлэх, ургамалжуулах, мод, бут сөөг тарихгүй байгаа нь хамгийн том алдаа юм. Энэ байдал мэдээж иргэдийн дургүйцлийг төрүүлээд зогсохгүй иргэний нийгмийн байгууллагууд ч хүчтэй эсэргүүцсээр ирсэн юм.

Эдгээр ноцтой зөрчлүүдийн шалтгаан нь нэгдүгээрт, алт олборлолтын технологи, ашиглалтын систем, ажиллагааны горим зөрчигдсөнтэй холбоотой. Нөгөөтэйгээр алт олборлох технологийн гол дамжлагын нэг болох усан хангамжийн байгууламж тунгаах цөөрмийн загвар, байршил, ашиглалт буруу хийгдсэнээс болсон гэдгийг судлаачид хэлж буй. Борлуулалтын орлогод ногдох татварын ачаалал Монголын алтны үйлдвэрүүдэд 20-30 хувь байхад алт олборлодог бусад орнуудад дунджаар арван хувь байдаг аж. Богино хугацаанд үүргээ гүйцэтгээд хаягдаж орхигдох замын орох гарах гарц, далан, суваг, нуур зэрэг байгууламжийг 40 жилээр тооцож элэгдэл байгуулахыг шаарддаг нь оновчтой биш байгааг мөн хэлж байна. 

 

“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алдах ёсгүй

Дэлхийн улс орнуудад байгалийн баялаг ашигласан бол тухайн газрынхаа 20 хувийг заавал нөхөн сэргээх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьдаг. Харин манайд нөхөн сэргээлт хийдэг компани тун ховор. Ямар нэгэн хэл ам таталсаар байдаг нь нууц биш. Энэхүү хайнга, ухамсаргүй байдлаа удахгүй хэрэгжих “Алт-2” хөтөлбөрт гаргамааргүй байгаа юм. хэрэв энэ байдал үргэлжлэвэл юун алт байтугай байгалийн баялагаа юу ч үгүй хоосолсон африкийн орнууд шиг болох нь мэдээжийн хэрэг. Тиймээс “Алт-2” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэйг судлаачид хэлж байна. Тодруулбал, технологийг сайжруулах, хаягдлыг багасгах, үүсмэл ордыг ашиглах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, алтны нөөцийг нэмэгдүүлэх, алтны үндсэн ба шороон ордын аль алиныг олборлох, хууль эрх зүй, татвар санхүүгийн нөхцлийг улам сайжруулах, алт цэвэршүүлэх үйлдвэр барих хэрэгтэйг хэлж байна. Мөн алтыг гар аргаар олборлох ажлын зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Олборлолт хийсэн газрыг нөхөн сэргээж орон нутгийн засаг захиргаанд нь хүлээлгэж өгдөг зарчмыг хатуу баримтлах хэрэгтэйг хэлсэн юм.

Хэрэв нөхөн сэргээлтээ журмынх нь дагуу хийгээд хариуцлагатай хандвал “Алт-2” хөтөлбөр амжилт дагуулна. Ямар ч валютын нөөцгүй, төлбөрийн чадваргүй улсад зээл өгөх хүн олдохгүй. Тиймээс төлбөрийн чадвартай болох, валютын нөөцөө нэмэгдүүлэхийг тулд байгальд оршин буйн алтаа ашиглах л хэрэгтэй. Ингэж байж гаднаас зээл тусламж авч чадна. Олон улсын итгэл ч сайжрах юм. Хамгийн гол нь төр засгийн бодлого тодорхойлж буй хүмүүс нь энэ асуудалд нямбай хандах нь зүйн хэрэг биз ээ.

Монгол Улс алтны худалдааны 68 хувийн татварын бодлого хэрэгжүүлснээр эсрэгээрээ алтнаас олох орлогоо алдсан түүхтэй.Хуулийн цоорхой, улстөрчдийн талцлыг Хятадууд овжин ашиглаж, ченжүүдийн гар дээрээс алтыг хэдэн тонноор нь худалдаж аваад зөөчихсөн. Алт нь бараг газар дээрээ гялалзаж байсан газруудад нь “Бороо-Гоулд”, “Алтан-Дорнод” зэрэг гаднын компаниуд ажилласан нь нууц биш. Харин энэ түүхийг “Алт-2” хөтөлбөрт давтахгүй гэж найдъя. Монгол Улсын хөрс шорооноос гарсан грамм алт ч хууль бусаар гадагшаа гарах ёсгүй юм. Монголбанкинд тоо ёсоороо тушаагдах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

У.Сарангэрэл


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top