Б.Чойжилсүрэн: ОУВС-тай хийх хэлэлцээрээ энэ сарын 15-наас өмнө эцэслэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 02

Эдийн засгийн хүндрэлээс гарахаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах тал дээр судалж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Үүний хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард манай улсад 10 хоногийн турш ажиллаж байгаад явсан. Энэ үеэр Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдалтай урьдчилан танилцсан байдаг.

Тэгвэл энэ өдрүүдэд ОУВС-ийн санхүүжилтийн ажлын хэсгийн төлөөлөл хоёр дахь удаагаа манай улсад ажиллаж байна. Энэ удаад Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаар ярилцаж байгаа юм. 

"ОУВС-тай хийх хэлэлцээрээ энэ сарын 15-наас өмнө эцэслэхээр ажиллаж байна" гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн. Сангийн яам болон Засгийн газар энэ удаад ОУВС-ийн ажлын хэсэгтэй ажиллаж "Standby credit facility" болон "Standby arrangement" гэсэн хоёр төрлийн санхүүжилтийн хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг шийдэх юм.

"Standby credit facility" хөтөлбөр нь орлогын төвшин доогуур улс орнуудад  богино хугацааны төлбөрийн тэнцлийн хэрэгцээг нь хангахад чиглэдэг, 12-24 сарын хугацаатай олгогддог зээл юм. Макро эдийн засагт нүүрлээд байгаа хүндрэл хоёр жилийн дотор арилах боломжтой гэж үзсэн тохиолдолд энэхүү хөтөлбөрийг сонгодог байна. Зарцуулалтын бодлого нь ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих чиглэлд нийцтэй байхыг шаарддаг төрөл юм. Харин "Standby arrangement" хөтөлбөр нь санхүүгийн хямралд өртсөн гэж үзсэн гишүүн орнууддаа  санхүүгийн тусламж үзүүлдэг онцлогтой хөтөлбөр юм.

"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд эхлээд зээлдүү­лэгчтэй харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг. Энэ са­намж бичигт тавигдсан шаард­­л­агуудыг хөтөлбөр хэрэг­жих хугацаанд тухайн улс хэрэгжүүлдэг.


 

Б.АЛТЖИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
har baina(150.129.140.142) 2017 оны 02 сарын 02

oron nutgiin zahirgaag davhar deeltei bolgoj bolohgui

0  |  0
Top