Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгжийн тооллогыг өнгөрсөн сарын 15-30-ны өдрүүдөд явуулсан. Уг тооллогод улсын хэмжээнд эрх авсан 1100 тоологч, шалгагч ажилласан бөгөөд 80 орчим мянган байгууллага тоологдох урьдчилсан дүн гарсан юм. Харин өнөөдрийн байдлаар уг тооллогод 60 гаруй мянган аж ахуйн нэгж хамрагдсан байна. Түүнчлэн энэ сарын 15 хүртэл тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийг илрүүлэх, бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийж байгаа аж. Харин энэ хугацаанд тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах ажээ. Ямар үндэслэлээр татан буулгах талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсангаас тодруулахад, "Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжийг бүртгэх, татан буулгахтай холбоотой 10 төрлийн хууль мөрдөгддөг. Тухайлбал, Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар нөхөрлөл бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлээгүй, эхэлсэн ч 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд бүртгэлээс хасах, мөн санхүүгийн тайланг зургаан сар ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй аж ахуйн нэгжийн улсын буртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар хэвлэлээр олон нийтэд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэсэн юм.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )