Монголын нэрт сэхээтнүүдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, УГЗ , Төрийн шагналт зураач Н.Цүлтэмийн ихэр хүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарыг “Зиндаа” сэтгүүл “Галерей” буландаа урин заллаа. Нэрт зураачийн ихэр хөвгүүд өдгөө Монголын тэргүүлэх сэхээтнүүдийг манлайлан яваа эрхэм хүмүүс болжээ. Тэд бол Төрийн шагналт зураач Ц.Энхжин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин нар билээ.
Бага наснаасаа уран зураг сонирхон, сурагч байхдаа олон улсын шагнал хүртэж явсан Ц.Энхжин, Ц.Мөнхжин нар эрдэмд шамдан суралцсаар 10 дугаар ангиа хоёулаа “Алтан медаль”-тай онц төгсөж байсан түүхтэй. Ихэр хөвгүүдийн нэг нь Герман улсыг зорьж, нөгөө нь Орос улсын Москва хотноо суралцсан байна.
Монгол заншлаар ихэр хүүхдүүдийн эхэлж төрсөн нь дүү болж ахдаа хаалга нээж өгдөг уламжлалын дагуу Ц.Энхжин ах нь, Ц.Мөнхжин дүү нь ажээ. “Зиндаа” сэтгүүл ах дүү хоёртой ярилцлага хийж, сэтгүүлийнхээ дугаарт нийтлэхээр бэлтгэлээ. Энэ дугаарт Монголын Урчуудын Эвлэлийн дарга асан, Төрийн шагналт зураач Ц.Энхжингийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
Та сайн байна уу? Н.Цүлтэм зураачийн гэр бүлд ирээдүйн алдартай зураачид болох ихэр хөвгүүд нь хэрхэн мэндэлж байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
Энэ тухай ярихын тулд миний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн эрхэм хүнийг дурсах хэрэгтэй болов уу. Мөнхжин бид хоёр өвөл их хүйтэн үед төрсөн гэдэг. Ээж маань өвдөөд эмнэлэгт очиж чадалгүй гэртээ төрөх болж л дээ. Манайх гэрт амьдардаг байлаа. Аав сандраад эмч хайхад урд хашаанд нэгэн цэргийн бага эмч хүн байсныг олж мэдээд дагуулаад ирсэн гэдэг. Яравгар дуу муутай хүн чихэр идээд л суугаад байсан гэж ээж ярьдаг юм. Мөнхжин түрүүлж төрсөн. Тэгээд л ихэр гэдгийг нь мэдэж. Цагийн дараа би төрсөн гэдэг. Нэг өлгий бэлдсэн байсандаа Мөнхжинг өлгийдөөд авчихсан. Намайг цагийн дараа төрөхөд нэхий дээлэнд боож авсан байдаг. Би гадуураа бүрхүүлтэй бүтчихсэн төрж л дээ. Мягмар ах цэргийн хошууч хүн байсан. Гэрийн хатавчинд дөрвөлжин лаазанд мөстэй ус байж. Мөстэй усанд дүрээд бөгсөн дээр алгадаад, дахиад мөстэй усанд дүрээд хэд хэдэн удаа алгадаж л дээ. Тэгээд л би чарласан байна. Тэр хүн миний амийг аварсан юм. Бага эмч, мэргэжилдээ тийм үнэнч бөгөөд мундаг байсан учир амийг минь аварч чадсан. Бид хоёр багадаа Мягмар ахынд их очдог байлаа. Аливаа хүн өөрийн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэлээсээ ханддаг бол ингэж л хүнд тус хүргэдэг. Миний амьдралд эргэлтийн чанартай өөрчлөлт хийсэн хоёр хүн байдгийн нэг нь энэ Мягмар ах маань юм.
Зураач аавын хүүхдүүд багаасаа л зураг зурсан уу?
Бүр багаасаа л зураг зурдаг байлаа. Сурагч байхдаа олон улсын хүүхдийн тэмцээнд оролцож шагнал хүртэж байсан. 1961 онд Мөнхжин бид хоёр 23 дугаар сургуульд ороод, 9-р ангид байхад сургууль маань орос сургууль болж, монгол сурагчдыг 24 дүгээр сургуульд шилжүүлсэн юм. Бид хоёр сургуулиа хоёулаа алтан медальтай төгсөж, Мөнхжин Москвад, би Германд сургуульд явсан даа. Аав маань биднийг хүссэнээр нь л байлгадаг байсан. Гэхдээ чиглүүлж өгнө. Би ч хүүхдүүддээ тэгж ханддаг. Өөрийнх нь хүслээр. Яагаад гэвэл хүн бүр өөрийн хувь заяатай, зурсан зурагтай.
Та Германд уран зургийн сургуульд суралцахаар явсан уу?
Шууд уран зургийн сургуульд суръя гэхэд дээд сургуульд орох мэргэжлийн бэлтгэлгүй байлаа. Би “Малчин болж хөдөө гарч мал маллая” гэсэн чинь аав “Хэрэггүй ээ“ гээд, гадаад руу сургуульд яв гэж зөвлөсөн. Германы Реклам чимэглэлийн тусгай мэргэжлийн дунд сургуулийн хуваарь ирсэн юм. Энэ үед аав “Герман яв. Нэгдүгээрт хэл нь дэлхийн том хэл. Хоёрт хүн ер нь яаж амьдардгийг үз” гэсэн. Тэгээд л би Германд одоогийнхоор бол коллежид суралцахаар явсан юм. Тэр үед би Оросын тагнуулч Рихард Зоргегийн тухай ном уншчихсан. Берлиний Унтер ден Линден гэдэг гудамжаар нь алхаж үзэх юмсан гэж боддог байлаа. Эхлээд герман хэлний бэлтгэлд суусан. Нэг ч үг мэдэхгүй.
Германд дөнгөж очсоны дараа хүмүүстэй яаж ойлголцож байв?
Анх би Берлинд очоод хоолны газар ороод салфеткан дээр тавагтай хоол зурж харуулаад хоолоо авч идэж байлаа. Тэгээд нэг жил суралцаад хэлний бэлтгэлээ тусгай шагналтай төгссөн. Манай сургууль надад герман хэлний товч толь гаргах захиалга өгч байлаа. Толийн англи, франц, испани, араб, португали, вьетнам орчуулга дээр нь нэмж монголоор бичих ажлыг надад хариуцуулсан. Би уг толийн монгол тайлбарыг бичиж өгөөд 500 маркийн шагнал авч байлаа. 1971 оноос хойш Лайпцигийн хэлний сургуулийг төгссөн монгол оюутнууд энэ толийг ашигласан байх шүү.
Та Реклам чимэглэлийн сургуульдаа суралцаж төгссөн үү?
Берлинд нэг жил сураад дараа жилээс нь Дрездений урлагийн дээд сургуульд шилжсэн. Эхний үед дандаа 5, 4 авна. Энэ чинь германы хамгийн муу дүн шүү дээ. Нэг жилийн дараа гэхэд аль алинаар нь бусдыгаа гүйцсэн. Уран зурагт дуртай учраас дэлгүүрээс байнга л ном авч уншина. Нэг удаа хичээл тараад номын дэлгүүрт ном үзэж байгаад дэлхийн хар зургийн нүцгэн хүн дүрслэлийн тухай олон орны зураачдын бүтээлийг хэвлэсэн ном олж авсан юм. Үзэж байсан чинь дотор нь Дрездений дүрслэх урлагийн дээд сургуулийн анатомийн тэнхимийн зураг байсан. Багш нь Баммес гэж цагаан халадтай хүн зогсож байлаа. Тэр номыг Баммес гэж хүн өөрөө бичсэн байсан. “Би энд л сурах ёстой юм байна» гэж бодогдсон. Тэгээд л би Германы боловсролын яамаар орж хөөцөлдөж эхэлсэн дээ. Гэтэл Монголын боловсролын яам, элчингээсээ бичиг авчир гэлээ. Элчингийн оюутан хариуцсан атташе Цолмон гэдэг хүнтэй уулзтал надад маш дипломат үг хэлсэн. “Чи өөрөө хөөцөлдөж байгаад орчихвол би чамд саад болохгүй. Харин би чиний төлөө хөөцөлдөхгүй” гэсэн. Зуны амралтаар Монголд ирээд хөөцөлдөхөд Дээд боловсролын хорооноос дунд сургуулиа алтан медальтай төгссөн гээд надад бичиг хийгээд өгсөн. Би Берлиний дунд сургуульд зурж байсан бүх зургаа Дрездений сургууль руу илгээчихсэн байсан чинь үзээд намайг аль хэдийн сургуульдаа элсүүлчихсэн байлаа. Цолмон дипломат миний хувьд маш том дэмжлэг болсон юм. Дэмждэггүй юмаа гэхэд садаа болохгүй байна гэдэг чинь залуу хүний амьдралд ямар их эргэлт авчирч байна вэ. Би Цолмон дипломатчид үнэхээр их баярлаж явдаг. Миний амьдралд эргэлт авчирсан хоёр хүн бол нэг нь Мягмар ах, нөгөө нь Цолмон дипломатч юм.
Урлагийн сургуульд хэдэн жил сурав?
Дрездений урлагийн дээд сургуульд таван жил сураад 1978 онд тусгай шагналтай төгсөж байлаа. Баммес багш манайд анатоми ордог. Би хичээлдээ хамгийн эрт ирдэг оюутан байсан юм. Багш надад их сайн. Чи мэргэжлийн зураач боллоо. Надтай нэмж хичээллээд анатомийн багшийн зэрэг ав гэсэн. Гэтэл би эх орноо хөгжүүлнэ гээд хэдэн номоо үүрээд л хүрээд ирсэн. Ийм оргилуун сэтгэл, эх оронч үзэлтэйгээр ирж байлаа. Энэ бол миний сонгосон зам. Алдсан юмгүй гэж боддог. Би Германы ард түмэнд их баярлаж явдаг юм. Тэнд байснаараа дэлхийн соёл урлаг, эдийн засаг, соёл иргэншилтэй танилцах боломж надад олдсон. Ардчилсан Германд оюутан байхдаа дэлхий дахины бүх мэдээллийг авах боломжтой байлаа. Нийгэмд болж байсан үйл явдал, тухайн цагийн нөхцөл байдал нь намайг хүн болоход минь маш чухал түлхэц үзүүлсэн.
Сургуулиа төгсөж ирээд хаана ажилласан бэ?
Монголдоо ирээд ажил олддоггүй. УЭХ-ны гишүүн биш, анх сургуульд явахдаа Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр явсан гээд. Тэгээд Монголын Урчуудын Эвлэлд эх загвар зохиох зураачаар анх ажилд орж байлаа. Би оргилуун сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй хүн. Өдөр болгон хийх ёстой юмаа заавал хийдэг. Нямбай зантай. Тэр зан маань л намайг аварч байна. Эмх цэгцтэй байна гэдэг чинь амжилтанд хүрэхийн суурь шүү...
Үргэлжлэлийг та бүхэн Зиндаа сэтгүүлээс уншаарай.
Ярилцсан Ц.Оюунчимэг
Сэтгэгдэл ( 11 )
Ухаантай хүнд атаархагч байдаг юм даа? Багаасаа бүтээлийг чинь сонирхож үздэг байлаа\n
Ta bol zugeer ulger jishee bolson xun .Tand bayrlaj yabdag shuu .Ulam ondor anjilt xusie.
Enkhjin dargatai olon jil ajillaj baisan,manai darga denduu tseverch, hund shuud uneniig ni heldeg shudarga,helsen ugendee ezen,tsag sain barimtaldar,ih undur soeltoi hundee.
Эхлээд доор сэтгэгдэл бичсэн хүнд хариу өгчих үү, Энхжин гуай, чи хүнийг царайгаар нь дүгнэдэг хүн байна шүү, өөрөө их царайлаг хүн хирнээ хоосон хүйтэн сэтгэлтэй хүн байх, ямар ч хүний хайрыг татдаггүй байх, сайн бодоорой, би буруу хэлээгүй байх. Энхжин
Цүлтэмийн 2 сармагчин.Яг ээж шигээ Вьетнам шиг царайтай
Enkhjin akh taniig demjij baharhaj yavdag. Tani ajil uilsed amjilt husen yeruuye.
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
Мундаг сэхээтнүүд шүү. Амжилт хүсье.