Ш.Чимэдцэеэ: Дуу, дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг юм гэнэ лээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй Сүхбаатар аймагт болох Дарьганга уртын дууны анхдугаар наадмын эргэн тойронд ярилцлаа.


-Та өөрийн  нэрэмжит дарьганга уртын дууны анхдугаар наадмыг төрсөн нутагтаа зохион байгуулж байна. Энэ наадмын зорилго, ач холбогдол нь  юу вэ?

-Өнөөдөр хүсэж байсан хүсэл, зорьж явсан зорилго минь биелж байна. Энэ наадмын зорилго бол уртын дууг дэлхийн сонорт маш өндөр хэмжээнд хүргэх юм. Тэр дундаа дарьгангын уртын дуунуудыг онцолж байна. Ерөнхийдөө дуучид тэр болгон сурч дуулж чадахгүй байсан учир энэ чиглэлд анхаарал хандуулж, онцолж байгаа юм. Уртын дууг нийтэд нь ингэж заах юм бол, тэр дотроо удирдамж дээрээ дуунуудын нэрийг заагаад өгчихвөл олон хүн сурна. Дээр нь эрдэмтэн, судлаачид, олон улсын дуучдыг урьж оролцуулах юм бол илүү үр дүнтэй, миний зорьсон зорилго биелэх юм гэж үзсэн.

-Хэдэн улсаас хэчнээн дуучин оролцож байгаа вэ?

-Онлайнаар явагдсан эхний шатанд 100 гаран уран бүтээлч оролцсон. Одоо дараагийн шатанд 99 дуучин оролцож байна.

-Дарьганга уртын дуу дотроо олон төрөл байдаг байх. Гол онцлог нь юу вэ?

-Үндэстэн, ястнууд бүгд өөр өөрийн уртын дуутай, бас өвөрмөц онцлогтой. Үүнд баруун аймгууд ч байна, газар газрын дуулалт, дууны онцлог өөр. Манай дарьгангын уртын дуу мөн янз бүр байдаг. Найрын хөөгүүлийн уртын дуу, Шилийн сайн эр Торой бандийн дуу гэхэд л  өөр өөрийн онцлогтой.

-Аялгууны хувьд ямар байдаг вэ?

-Аялгууны хувьд бусад дуунаас ялгарах онцлогийг мэргэжлийн биш хүн мэдэхгүй байж магадгүй, зүйрлэж хэлбэл нэг тийм тойрсон хөдөлгөөнтэй. Тиймэрхүү  аялгуутай байдаг юм.

-Дарьганга уртын дуунд газар нутаг, хүн зоны амьдралын тухай тусгасан байдаг болов уу?

-Дуу, дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг юм гэнэ лээ. Эртний ийм үг байдаг. Тийм болохоор тэр нутагт төрсөн хүнээс тэр дуу яг тэр л нутаг шиг нь дуу төрнө гэсэн үг байх. “Жаахан шарга” гэхэд л нэг тийм зөөлхөн аялгуутай. Тэгсэн мөртлөө цохилготой юу гэвэл цохилготой. Баруун зүгийн дуунууд гэхэд мөн л уул усаа дуурайна шүү дээ. Тэр нутаг усны элементүүд хүнд нь шингэсэн болохоор дуунд нь мөн шингэж байгаа.

-Таны төрсөн газар “Хоолой” гэдэг нэртэй гэсэн. Төрсөн газрын өгөгдөл танд байгаа байх нь ээ?

-Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Хоолой гэдэг газар төрсөн хүн байгаа юм. тэр газар хүний хоолойд нөлөөлөх ямар элементүүд байдаг байна вэ, тэрийг нь авч төрсөн байх л гэж боддог.

-Та төрсөн газраа очиж дуун өргөл  өргөнө биз?

-Зуны сайхан дэлгэр цагт Хоолойдоо очиж дуулна аа. Дуулахаар соно гэж сайхан амьтан хураад ирнэ. Өнгө, өнгийн соно олноороо цуглах ямар гоё гэж бодно. Дуулсны дараа яваад өгдөг. Би тэгээд боддог юм. Энэ газар төрөөгүй байсан бол би ийм анзааны дуучин болох байсан болов уу гэж. Хүй цөглөсөн нутаг, хүн хоёр хоорондоо яахын аргагүй холбоотой юм даа.

-Та анх дуулж эхэлсэн дурсамжаа эргээд нэг дурсаач?

-Сургуульд байхдаа нэг их дуулдаггүй, багш “дуул” гэхээр самбарын өмнө гараад уйлчихдаг  охин 15 настайдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа “Жаахан шарга”-ыг дуулж байлаа. Сумаасаа шалгараад аймагт, аймгаасаа Зүүн бүсэд, тэндээсээ  шалгарч, улсын нийслэл Улаанбаатарын тайзнаа дуулсан юм. Урлагийн хүн, дуучин болох миний зам ингэж эхэлсэн. 1974 онд “Дуучин болох хүмүүсийг курст суулгана” гэж аймгийн Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн  багш  нь дуудсанаар хотод очиход алдарт дуучин Н.Норовбанзад, Дорждагва нарын шавь болж,  нэг үеийн 16, 17-тууд, хожмын цуутай дуучин С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш  нартай хамт дууны урлагт  шамдан суралцаж, төгсч ирээд Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд гоцлол дуучнаар ажиллаж, дуулалт жүжгийн гол дүрүүдийг бүтээн, хөгжим анги дутагдалтай тул өөрөө хөгжмөө тоглон урлаг соёлыг түгээн дэлгэрүүлсээр 1986 онд Соёлын тэргүүний ажилтан, 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болж 1993 онд Улаанбаатар хотноо ирж “Морин хуурын чуулга” анх байгуулагдахад гоцлол дуучнаар орж, Ардын жүжигчин гэдэг эрхэм алдрыг хүртэж, 2003 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилсан.Өнөөдрийг хүртэл дууны хорвоод дуугаар амьдарч явна даа.

-Наадмын үеэр таны төрсөн газарт дуун хөшөө босгоно гэсэн. Ямар учиртай хөшөө босгох вэ?

-“Нэг сумаар хоёр туулай...”  гэж үг байдгаас “гурван туулай”  гэж  үг байгаагүй, тэгж сонсож  ч байсангүй. Тэгвэл би энэ наадмыг гурван зүйлд зориулж байна. Төрсөн газар Хоолойн бууцандаа, ээждээ зориулан “Тэнгэр ээж минь өршөө” дууныхаа гэрэлт хөшөөг босгож байгаа. Энэ дуу зохиогдож, би өөрөө 30 гаран жил дуулж, сүүлдээ шавь нартаа уламжлуулж хүлээлгэж өгч байгаа. Энэ дууг манай “Увертюра” хамтлагийн хүүхдүүд, гавь нар маань очиж дуулж, хөшөөг нээх юм. Маш их сэтгэл, зүтгэл шүү. Багш хүний хувьд би маш их баярлаж байна. Мөн наадмыг ивээн тэтгэж буй “Дуулим тал” төсөл, Дарьганга зочид буудлын хамт олонд баярласнаа илэрхийлье.

-“Тэнгэр ээж минь өршөө” гэсэн нэрнээсээ эхлээд  тарни мэт сайхан дуу гэрэлт хөшөөтэй болж байгаа юм байна. Энэ сайхан мөчид та ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Миний ээж хөдөөний малчин хүн байлаа. Тийм боловч олон түмэндээ ихээ танигдсан нэгэн байжээ. “Урдуур гарсныг ундаалж, хойгуур гарсныг хооллодог” нутаг орондоо ааш зан сайтайгаараа гойд танигдсан хүн байлаа. Мөн царай зүсний хувьд гайхалтай үзсгэлэнтэй хүн байв. Миний дэргэд ёстой хүүхэн шиг хүүхэн байсан гэдгийг гоцолж хэлмээр санагддаг. Одоо үед хүүхнүүдийг мисс энэ тэр гэж өргөмжлөх юм. Миний ээжийг сайхан өргөн ташаатай хүүхэн гэж ярьдаг байсан. Тэр үеийн л хэллэг байж л дээ. Одоогоор бол нарийн тайлтай, нүд хөмсөг болсон, инээд алдсан, харахад хачин сайхан эмэгтэй байв.

-Таны ээжийг сайхан  бүсгүй байснаас гадна сайхан дуулдаг байсан гэж мэдэх хүмүүс хэлдэг юм билээ?

-Малчин хүнд л байдаг онцгой нэг ур чадвар бол малаа урьж дуудах эгшиглэнт аяс юм даа. Миний ээж хонь тойглох, үнээ өөвлөх, хурга ишиг хоолбойлох, тугал гүүргийлэхдээ гойд нэгэн байсан. Энэ бүгд тэр хүнийг хэр сайхан хоолойтойг шалгаж байгаа шалгуур шүү дээ. Манайх хоньтой бригадын айл байлаа. Ээж минь хаваржин хонь тойглоно. Тойглосон хонь хурга бүр нь эх, үр болно. Сайхан хоолойн хүч, гайхамшиг гэж аугаа юм даа. Малын зүрх, тархинд тэр л уянгыг ойлгуулж чадаж байна гэдэг гойд зүйл байгаа биз. Тайзан дээр ээж минь гарч дуулж байсангүй ээ. Арван гурван хүүхэд төрүүлж өсгөжээ, ээж минь. Бид ар өврөөс нь зүүгдсээр байгаад л насыг нь элээсэн дээ хөөрхий. Хааяадаа ээжийгээ бодохоор өрөвдөж л байдаг юм. Тэглээ гээд яахав. Намайг өдий зэргийн төрүүлсэнд нь хачин шүү их баярлаж явдаг даа.

-Та дуучнаас гадна судлаач,  монгол ардын уртын дууг нотжуулсан анхны хүн. Судалгаа ямар түвшинд явааг хэлэх байх?

-Би уртын дууны нотыг 1974 оноос зохиосон. Тэр бол дөнгөж эхлэл. Түүнийгээ сайжруулсаар нот маягийн юм болсон. Яагаад нот гэж хэлж байна гэвэл Ж.Бадраа багш амьд сэрүүн байхдаа миний бичсэн нотыг үзсэн юм. Мөн МҮОНРТ-ийн Соёл урлагийн газрын Лхамсүрэн гэж хүн Сүхбаатар аймагт очиж миний туршлагыг судалж гаргаж байлаа. Тэр үед нот гэж хэлээгүй ч бичиж тэмдэглэснийг минь Ж.Бадраа багш үзээд Монгол Улс уртын дууны ноттой болох дөхжээ, үүнийгээ чанаржуул гэсэн. Ингээд би бичиж тэмдэглэсэн, судалж гүнзгийлүүлснээ нотны зэрэгтэй болгосон. Орчин цагийн хөгжмийн урлагт долоохон нот бий, давхар ноттойгоо нийлээд 14 болдог. Миний нот 24 байгаа юм. Уртын дуу, дуучны тооны хувьд харахад хөгжөөд байгаа юм шиг, чанарын тухайд учир дутагдалтай. Өнөөдөр уртын дуугаар байнгын судалгаа хийж байгаа хүн цөөн. Ж.Энэбиш багш судалгаа явуулж байна. Миний бие жаахан ч гэсэн оролдож байгаа. М.Дорждагва гэж хүү Завхан аймгаас анх ирж бидэнд шавь орж байсан, сүүлийн үеийн  судалгааг тэр л голлон явуулж байх шив дээ. Дөрвөлжингийн Оюунцэцэг гэж монгол ардын дуугаар анх гадаадад доктор хамгаалсан хүн бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu