Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 10 сарын 12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаныхан өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор “Гэмт хэргийн хяналтын систем”, “Эргүүл”, “Телекамер” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газар офицер 204, ахлагч 97, энгийн 39 нийт 340 алба хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний 6 сард 5657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буурсан. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа албаны шаардлагатай мэдээллийг авч ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Таблет” төхөөрөмжийг нэвтрүүлэн хэрэглэж байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байр ашиглалтад орж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн барилгын өргөтгөлийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна” хэмээн албаныханд мэдээлэл өгөв.


Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хот урагшилж хөгжих, цаашид оршин тогтнох гол үндэс бол иргэд, оршин суугчдын аюулгүй, амар амгалан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалж, аюулыг таслан зогсоох  явдал юм. Тиймээс НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд хамгийн эхний ажлаа нийслэлийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас эхлүүлж байна. НИТХ-ын зүгээс авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Удирдлагын нэгдсэн системийг бий болгосонтой холбоотой мэдээллийг газар дээр нь ирээд авлаа. Цаашид нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх, хүн хүчийг чадавхжуулах, орон тоог нэмэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэтээр ард олны аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нь бидний үүрэг учраас үүнд анхаарч нийслэлийн Цагдаагийн газар болон хууль хэрэгжүүлэгч байгууллагуудтай илүү нягт хамтарч ажиллах болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар нь 1.4 сая  буюу нийт Монгол Улсын хүн амын 50 орчим хувь амьдарч, төрийн үйлчилгээ авч байдаг том хот. 9 дүүрэгт амьдарч буй нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчин маш олон зүйлээс бүрдэж байгаа юм. НИТХ, НЗДТГ хамтраад иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлийн Цагдаагийн газрын Мэдээлэл удирдлагын төвийг бий болгосон байгаа. Үүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсооход мөн олон ажлыг хэрэгжүүлж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн мэргэжлийн байгууллагын гэхээс илүүтэй иргэд олон нийтийн оролцоо хамгийн чухал. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлхээр бид ажиллаж байна. Цаашид ч нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, НЗДТГ болон бусад байгууллага хамтран ажиллах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэлээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top