Намрын чуулганаар хэлэлцэх онцлох 8 хууль

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Эрх баригч намын дотооддоо бүтэн бүлээн эвлэрээгүй, хагарал одоо ч байгааг харууллаа. Н.Учралын Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Ардчилсан намынхан Н.Учралд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх ёстой гэж сөрж байгаа. Намрын чуулганы өнгө гэвэл энэ байна. Үйл явдал өрнүүн энэ намрын чуулганаар олон хууль хэлэлцэх ч онцлох найман хуулийг уншигч танд танилцуулъя.

Монгол Улсын 2027 оны төсөв

Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Алдагдлын тухайд 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ний 2%-д барихаар төлөвлөж буй. Зарлагын бүтцээс үзвэл 33.6 их наяд төгрөг буюу нийт зарлагын 77 орчим хувь урсгал зардал, харин 10.3 их наяд төгрөг нь хөрөнгийн зардалд ногдож байна.

Өөрөөр хэлбэл нэмэгдсэн төсвийн томоохон хэсэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн үйл ажиллагаатай холбоотой тогтмол шинжтэй зардалд шингэхээр байна.

Ирэх оны төсөвт 2027 оны хоёрдугаар улирлаас эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10%, төрийн захиргаа болон тусгай албан хаагчдын цалинг 20%-иар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.

Түүнчлэн сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх заалт тусгагдсан. Мөн залуучууд болон гарааны бизнесүүдэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлж, нийт нэг сая орчим иргэний татварын ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулахаар тооцжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

Хамгийн сүүлд энэ оны долоодугаар сард нэмэлт өөрчлөлт орсон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна.

Энэхүү хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн гүйцэтгэх чиг үүргийг зааглан тогтоож, давхардлыг арилгана.

Түүнчлэн орон нутгийн өдөр тутмын асуудлыг иргэдэд хамгийн ойр шат буюу сум, дүүрэг дээр бие даан шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

Санхүүгийн бие даасан байдлыг хангахын тухайд онцлох хэд, хэдэн заалтууд бий. Үүнээс хувь хүний орлогын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төлбөр, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт илүү ихээр үлдээх эрх зүйн орчныг тусгаж байгаа. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтад иргэдийн цахим санал асуулга болон оролцоонд үндэслэн зарцуулах шаардлагыг чангатгаж буй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын шаардлагыг чангаруулж байгаа. Тухайлбал ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтыг чангаруулж, хуралдааны ирц болон шийдвэр  гаргах явцыг ил тод болгоод буй. Үүнээс гадна баг, хорооны Засаг даргыг томилохдоо иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэх, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгожээ.

НӨАТ-ын тухай хууль

НӨАТ-ын тухай хуульд дараах хэд, хэдэн зохицуулалт оруулах гэж байна.

Иргэдийн буцаан олголт, урамшуулалтай холбоотой онцлох заалтууд гэвэл одоогийн хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн сарын худалдан авалтын хэмжээнээс хамааруулан 5-10% болгон үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай хэлэлцүүлгийн явцад тусгасан.

Жилийн борлуулалтын орлого нь 400 сая төгрөгт хүрэхгүй багтаамжтай жиижг ААН, бизнес эрхлэгчдэд зориулж хялбаршуулсан татварын горимыг ашиглах боломж бүрдүүлэхээр тусгасан. Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг суутган хасалт хийх хүрээг тэлэхээр тусгажээ.

Нийгмийн халамжийн тухай хууль

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэд, хэдэн зохицуулалт хийжээ. Тухайлбал халамжийн үйлчилгээг зөвхөн бэлэн мөнгө олгохоос илүүтэй ажиллах хүчний насны иргэдийг сургалтад хамруулах, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой шууд холбоно. Ажиллах чадвартай иргэдийг халамжаас хамааралтай болгохгүй байх үүднээс ажил идэвхтэй хайж буй болон сургалтад сууж буй нөхцөлд халамжийн дэмжлэг үзүүлэх зарчим баримтална.

Халамжийн санхүүжилтийг тэгш хуваарилахаас илүүтэй амьжиргааны түвшин нэн доогуур, үнэхээр тусламж шаардлагатай өрх, иргэдэд чиглүүлнэ.

Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн төрлүүдийг цэгцэлж, бусад салбарын үйлчилгээтэй давхардаж буй зардлуудыг багасгана.

Халамжийн үйлчилгээний хүсэлт авах, судалгаа хийх, шийдвэрлэх явцыг цахимжуулж, хүний хүчин зүйлээс шалтгаалсан субъектив шийдвэр болон нэр бүхий авлигын эрсдэлийг бууруулна. Халамжийн сангийн хөрөнгийг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үр ашигтай зарцуулах, халамж хүртэгчдийн мэдээллийн нэгдсэн санг бусад төрийн мэдээллийн нэгдсэн санг төрийн мэдээллийн бусад системтэй шууд холбож хянана.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, зорилгоор хэд, хэдэн өөрчлөлт оруулахаар байна. Тухайлбал хүнсийг үйлдвэрлэгчээс эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх шатны (түүхий эд, бэлгэл, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт г.м.) мэдээллийг цахим системд бүртгэж, мөшгөн тогтоох боломжийг бүрдүүлнэ. Аливаа бүтээгдэхүүний шошго дээр гарал үүсэл, савлагаа, хадгалах хугацааны тодорхой мэдээллийг QR кодоор дамжуулан иргэдэд шууд шалгах боломж олгоно.

Хяналт, шалгалт, хариуцлагын механизмыг чангаруулах хэд, хэдэн зохицуулалт тусгажээ. Тухайбал чанарын болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан, эсвэл гарал үүсэл тодорхойгүй хүнс борлуулсан ААН, иргэнд тооцох торгууль, үйл ажиллагааг нь зогсоох шийтгэлийн хэмжээг чангаруулсан. Мөн импортын болон дотоодын хүсний бүтээгдэхүүний шинжилгээний чадавхыг дээшлүүлж, итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн захуудад нэвтрүүлэх зохицуулалтыг чангаруулжээ.

Онцлууштай нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдлын зохицуулалт байна. Тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн байгууллагад нийлүүлж буй хүсний бүтээгдэхүүнд тавих чанар, аюулгүй байдлын шаардлагыг тусгайлан чангаруулж, шууд үйлдвэрлэгчэээс худалдан авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Боловсролын ерөнхий хууль

Боловсролын ерөнхий хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт, өөрчлөлтөөс онцлох хэд, хэдэн зүйлийг та бүхэнд хүргэе.Төсвийн зарцуулалтын доод хэмжээг тогтоосон. Тухайлбал тухайн жилийн ДНБ-ний 7-гоос доогүй хувийг, эсхүл улсын төсвийн нийт зардлын 20-иос доогүй хувийг боловсролын салбарт зарцуулахаар баталгаажуулж, зохицуулалт оруулсан. Түүнчлэн боловсролын байгууллагын санхүүжилтийг сургалтын чанар, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хэлбэрт бүрэн шилжүүлэхээр байна.

Багшийн нийгмийн баталгаа, мэргэжлийн хөгжлийн тухайтад онцлох зохицуулалт оруулжээ. Тухайлбал багш мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох замаар боловсон хүчний чанарыг дээшлүүлнэ.

Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад заавал гүйцэтгэх шаардлагагүй чиг үүргийг, багшаар гүйцэтгүүлж, дарамт учруулахыг хатуу хориглоно.

Багш, ажилтнуудын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй облон ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, тэгшж боломжийг хангах шаардлагыг улам тодорхой болгожээ. ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, агуулгыг суралх хугацааны туршид ойр, ойр өөрчлөхгүйгээр тогтвортой мөрдөх зохицуулалт тусгагдсан.

Өмчин хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуульд Монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, зан заншлын агуулгыг заавал үзүүлэх шаардлагыг чангатгана.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль

Энэ хуулийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2025 оны тавдугаар сард өргөн мэдүүлж байлаа. Үүнээс хойш засаг хоёронтоо томилогдсон ч хуулийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байна. Батлагдахаа хүлээж буй энэ хууль энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.

Энэхүү хуулиар гэм бурууг заавал нотлох шаардлагагүй. Энэ нь тухайн албан тушаалтныг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр заавал тогтоохыг шаардахгүй. Хөрөнгө өөрөө хууль ёсны эх үүсвэртэй байх ёстой. Энгийн иргэний эсвэл эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч/прокурор тухайн хэргийг нотлох ёстой байдаг бол энэ тохиолдолд албан тушаалтан өөрөө тухайн хөрөнгө, орлогоо хууль ёсны эх үүсвэрээр бий  болгосноо шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.

АТГ болон Прокурорын байгууллага төрийг төлөөлөн шүүхэд иргэний нэмэхжлэл гаргана. Тухайн албан тушаалтны бодит орлого, ХОМ-ээс илт хэтэрсэн, хууль ёсны эх үүсвэрийг нь тайлбарлаж, нотолж, чадахгүй байгаа аливаа хөрөнгө, мөнгө, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, ашиг сонирхол хамаарна. Хууль бус хөрөнгийг гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд, эсхүл хамааралгүй бусад этгээдийн нэр дээр шилжүүлэн завшиж, ашиглаж байгаа бол тэгээд хөрөнгөийг мөн нэхэмжлэн улсын орлого болгох боломжтой.

Шүүхээс тухайн хөрөнгийг хууль ёсны эх үүсвэрээр бий болоогүй гэж үзвэл улсын төсөвт эсхүл тусгай фондод татан төвлөрүүлнэ.

Эх хөрөнгө нь үрэгдсэн, шилжсэн, бусдад борлуулагдсан тохиолдолд түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн болон бусад хөрөнгөөс нь нөхөн төлүүлнэ. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл сэжигтэн/яллагдагч нас баран зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон дохиолдолд ч ирэний журмаар хөрөнгийг нэмэхлэн авч болдог байхаар зохицуулжээ.

Газрын тухай хууль

Газрын тухай хууль оруулах нэмэлт, өөрчлөлтөөс онцлох хэд, хэдэн заалтуудыг хүргэе.

Газар олголт, эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл болон холбогдох бүх үйлчилгээг зөвхөн Газрын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэж, хүний хүчин зүйлийн нөлөөлөл, авлигын эрсдэлийг бууруулна. Түүнчлэн Газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааны мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлж, цахимаар зохион байгуулах журмыг чангаруулна.

Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, эсхүл заасан хугацаанд бүтээн байгуулалт хийгээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг тодорхой болгоно.

Түүнээс гадна Газрын кадастрын зураглалын зөрүү, нэгж талбарын давхардлыг арилгах, заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй этгээдэд тооцох хариуцлагыг чангаруулахаар болж байгаа.

Дахин төлөвлөлт болон нийтийн эрх ашгийг хамгаалах тухайд хэд, хэдэн зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн зориулалттай газрыг бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөхийг хатуу хориглоно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх, нөхөн олгох журам, нөхөн олгогдох нөхөн төлбөрийн үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлнэ.

Онцлох бас нэг зохицуулалт нь Бэлчээрийг зүй зохистой ашиглах, даац хэтрэхээс сэргийлэх, орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн оролцоонд суурилсан бэлчээр ашиглалтын зохицуулалтыг сайжруулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.45) 49 минутын өмнө

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль хэлэлцэхдээ махны үйлдвэрүүдээ хятадуудын гараас салгах асуудлаа заавал оруулах ёстой шүү

0  |  0
Top