Ой, хээрийн түймрийг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авчээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Завхан аймгийн Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Гантөмөр, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Б.Дамдинсүрэн нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр ой, хээрийн түймэр гарсныг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авчээ.

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Нам хавтгай гэх газарт гарсан түймрийг илрүүлэн, орон нутгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад даруй мэдэгдсэн байна.

Улмаар Цэцэрлэг сумын ЗДТГ, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, “Тэсийн-Илч” ХК-ийн ажилтан алба хаагчид болон нутгийн 30 гаруй иргэн хамтран түймрийг цурамд оруулж, унтраасан байна.

Урьдчилсан байдлаар түймэрт нийт 12.7 орчим га талбай өртсөнөөс 10 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байгаа аж. Түймэр дахин асахаас сэргийлж хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.

Албаныхны мэдээлснээр, түймрийг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авсан нь гал цааш тархаж, илүү өргөн талбайг хамрахаас сэргийлэх боломж бүрдүүлжээ.

Намрын хуурайшилтын үед багахан оч, ил задгай орхисон гал богино хугацаанд ой, хээрийн түймэр болон тархах эрсдэлтэй тул иргэдийг галын аюулгүй байдлыг сахиж, түймэр гарах эрсдэлтэй үйлдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top