Монголчууд гурил экспортолно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Ирэх жил тариаланчид 300 мянган га-д үр тариа, 14 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 13 мянган га-д тэжээл тарих юм байна. Манай улсын хувьд 400 мянган тонн үр тариа, 180 мянган тонн төмс хурааж авахад л гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангана. Үүнээс 40 мянган тонн үр тариаг үрийн нөөцөд, арав шахам мянган тонн үр тариаг спирт болон тэжээлийн хэрэгцээнд зориулах юм. Энэ жилийн хувьд тариалалт бүс нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймаг 140 мянга, Төв аймаг 50 мянган га-д тариалснаараа тэргүүлж байна. Харин аж ахуйн нэгжүүдээс Сэлэнгэ аймгийн “Гацуурт” компани тариалалтаар тэргүүлжээ. Тус компани усалгаатай нэг га талбайгаас 40 гаруй центнер үр тариа хураасан аж. Төрөөс газар тариаланг нэгээс хоёр жил дэмжихэд л энэ том салбар төрөөс нэг ч мөнгө нэхэлгүйгээр найдвартай үндэсний хэмжээний хүнсний бэлтгэн нийлүүлэгч, татвар төлөгч болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.  2007 оныг 2010 онтой харьцуулахад тариалалтын талбай, хураасан ургац гурав дахин нэмэгджээ. Атрын аяны хүрээнд техник, технологийн шинэчлэлд 62 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6000 ажлын байр шинээр бий болгосон байна. Салбарын яамны тооцоогоор бол цаашид монголчууд гурилын гачаалд орохгүй. Харин ч экспортлох боломж бүрдэх аж. Тариалалт хийх боломжтой 1.2 сая га газар байгаа бөгөөд өнөөдөр үүний талыг нь ашиглаж байгаа юм байна. Энэ нь цаашид газар тариалангийн салбарт хөрөнгө оруулах боломжийг ч олгох юм. Бид зөвхөн үр тариа биш, тэжээл, жимс жимсгэнэ тарьсан тохиолдолд дэлхийн аль ч оронд гаргаж чадна. Манай бүтээгдэхүүн цэвэр эко хүнсэнд тооцогдоно. Мөн гурилаас биотүлш гаргаж авдаг. Технологи нь ч манайд бэлэн гэж тус салбарынхан ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top