С.Бямбажав: Талбай дээр хоёроос олон легионер тамирчин тоглуулахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

 Монголын Сагсан Бөмбөгийг Холбоо /МСБХ/-оос уламжлал болгон зохион байгуулдаг, Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд эхэлнэ. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн Спортын төв ордонд өчигдөр боллоо. Зөвлөгөөний үеэр тамирчид болон зохион байгуулагчид түрүү жилийнхээ алдаа оноог дүгнэн хэлэлцэв. Талбай дээр тамирчдын гаргадаг алдаа түүнд өгөх шүүгчийн буруутай хийгээд зөв дүгнэлт шийдвэрийг ч нэлээд нухацтай хэлэлцээд авна билээ. Бөмбөг бөөрөнхий ч тамирчид хариуцлагатай ухамсартайгаар тэмцэлдэхээ энэ үеэр онцлов. Тэмцээний талаар Дээд лигийн комиссар Санжжавын Бямбажаваас тодрууллаа...

- Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 1990-ээд оноос эхэлсэн санагдана. Өнөө жилийн тэмцээний онцлог гэвэл?

-Өнгөрсөн жил бид Монголын сагсан бөмбөгийн холбооныхоо түүхт 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин Дээд лигийн тэмцээнийг 1994 оноос зохион байгуулж байгаа. Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулахаар өнөөдөр багуудтайгаа техникийн зөвлөгөөнөө хийж байна. Түрүү жил манай холбоо, холбооны Удирдах зөвлөлийн зүгээс улсаас нэг ч төгрөгийн татаас авалгүйгээр өөрсдийн хүч бололцоог дайчлан Спортын төв ордондоо хөрөнгө оруулалт хийж, заалны сандлуудыг шинэчилж, шит солих зэрэг багагүй ажлуудыг хийсэн. Харин энэ удаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, заалны шалыг их засварт орууллаа. Спортын төв ордны лед дэлгэцийг бүрэн шинэчилж байна. Цаг электроникийн асуудлуудыг шийдвэрлэж бүрэн шинэчилж байна. Маш их бүтээн байгуулалтын ажил өрнөсний эцэст Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үүдээ нээж байна.

-Хэчнээн баг тамирчин оролцохоор бүртүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар таван баг оролцохоор бүртгүүлээд байна. Ер нь найм орчим баг оролцох болов уу, гэж тооцоолж байгаа.

-Цөөн баг оролцох юм шиг санагдаад байна л даа. Өөр олон баг оролцох боломж бий биз дээ?

-Байлгүй яахав. Ивээн тэтгэгч, санхүүгийн асуудлаас болоод оролцох боломжгүй багууд байх шиг байна. Мэдээж хэрэг тамирчин хүний хүсэл мөрөөдөл бол дээд лигтээ тоглох, тэндээс шигшээ багтаа багтах, цаашлаад олон улсад амжилт үзүүлэх гээд олон зүйлд тэмүүлж байдаг. Оролцох боломж бол нээлттэй. Харин санхүүгийн асуудлаас үүдээд тэр боломж нь хязгаарлагчихдаг л даа.

-Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн маань хэдий хугацаанд үргэлжлэх бол. Тоглолтын зарчмын хувьд?

-Энэ жилийн хувьд бол хоёрдугаар сарын хоёронд албан ёсоор нээлтээ хийнэ. Дөрвөн сар орчим хугацаанд үргэлжилнэ. Тавдугаар сард дуусна гэсэн үг. Оролцож байгаа багууд маань гурван тойрог тоглоно. Амжилтаараа нэгээс дөрөвт жагссан багууд шигшээд өрсөлдөж, түрүүлж дөрвөн хожил байгуулсан баг цаашаа аваргын төлөө тоглох эрхтэй болно. Ийм зарчмаар өрсөлдөнө дөө.  

-Тэмцээний журмын талаар танилцуулаач. Өмнөх жилүүдийнхээсээ өөрчлөгдсөн үү?

-Түрүүн би хэлсэн, 1994 оноос анх зохиогдож эхэлсэн гэж. Тухайн жил бүртээ лиг зохион байгуулах комиссоос журмыг боловсруулдаг. Журам маань тухайн оныхоо алдаа оноог цэгнээд баяжиж, боловсрогдож байдаг л даа. Энэ удаад ч мөн журмаа өөрчилж боловсруулаад багийн ахлагч, дасгалжуулагч нарт танилцуулаад, санал авлаа. Бүх багт адил тэгш үйлчлэх хэрэгтэй.  

-Энэ жил багууд гаднаас легионер тамирчин авч ирж тоглуулах уу?

-Журамдаа, баг тус бүр нэгээс гурав хүртэлх лигеонер буюу зочин тамирчин багтаа тоглуулж болно гэж заасан. Гэхдээ Монгол тамирчдаа түлхүү тоглуулах бодлого давхар баримталж байна. Өөрөөр хэлбэл талбай дээр хоёроос олон легион тамирчин тоглуулахгүй гэж журамдаа тусгасан. Өнөөдрийн байдлаар багууд эхнээсээ зочин тамирчнаа хүлээж авч байгаа. Зарим нь гэрээ хэлэлцээр хийж байна. Зарим нь лигеонер хайж байгаа гэсэн мэдээ байна.

-Лигеонерууд хаанаас голдуу ирэх бол. Бас багш дасгалжуулагчдаа багууд гаднаас урьж авч ирдэг шүү дээ?

-Сагсан бөмбөгийн спорт хамгийн өндөр хөгжсөн Америкийн нэгдсэн улсаас авч ирдэг. Өнөө жил мөн голдуу тэндээс ирэх байх. Харин багш дасгалжуулагчдыг Зүүн өмнөд Азийн улсуудаас урьдаг. Дэлхийд нэр алдар нь түгсэн багш дасгалжуулагчдыг авч ирж бэлтгэл сургуулилтдаа хангаж байгаа.

-Монголын сагсан бөмбөгчид саяхнаас онцгой амжилтуудыг үзүүлж эхэллээ. Энэ нь амжилтын үндэс суурь нь юутай холбоотой вэ. Залуусын биеийн өсөлтөөс хамаараад байна уу, бэлтгэл сургуулилттай холбоотой юу?

-Сагсан бөмбөг Монголд хамгийн олон сонирхогчтой спорт л доо. 400 мянга гаруй залуус, тамирчин, сонирхогч, хөгжөөн дэмжигчээс бүрдсэн байна гээд бодоход шүү дээ. Хамгийн том амжилт гэвэл Бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотноо зохиогдсон Азийн наадмаар манай сагсчид топ наймд багтсан амжилт. Ер нь энэ амжилтууд сүүлийн үед гэнэт бий болоод байгаа зүйл биш л дээ. 55 жилийн түүхэн хугацаанд бүрэлдэж бий болж байгаа зүйл гээд хэлчихэд буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл энэ амжилт бүх үеийн багш дасгалжуулагч, тамирчдын амжилт юм.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо өөр нэг холбоо хоёрын хооронд үл ойлголцол үүсээд байгаа тухай яриа бий?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо 56 жилийн түүхтэй. Тус холбооны үйл ажиллагаа доголдоогүй хэвийн үргэлжилж байна. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд ахмадын аваргаа, улмаар Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээ хэвийн зохион байгуулаад явж байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх.

-Ер нь танай холбооны бүтэц санхүүжилтийн тухайд хүмүүс ойлголт муутай байдаг учраас шүүмжлэлтэй ханддаг байх?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Холбооны удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, ажлын алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй. Хүмүүс бас буруу ойлголттой байх шиг санагддаг. Олон улсаас маш их мөнгө авдаг. Дээр нь улсын төсвөөс татаас авдаг гэж ойлгоод байдаг. Манай холбоо бол гаднаас ямар нэг мөнгө авч санхүүждэггүй. Улсаас татаас аваад байдаггүй.


Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэндээ(185.9.19.146) 2018 оны 02 сарын 01

Ээ чааваас даа, энэ хаанаас гарч ирсэн нөхөр вэ. Чи сагсыг хөгжүүллээ юу. Энэ мэтийн юмнууд сагсан бөмбөгийн хөгжилд гай болж байна. Мэдэхгүй юмаараа оролдооод хэрэггүй. Өөр чадах юм аа хий

0  |  0
Top