Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2018 оны 05 сарын 24

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран  байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилготой “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ залуучуудын сайн дурын оролцоонд суурилж явагдаж байгаа бөгөөд цэвэрлэгээг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ‘’Гачууртын гүүр’’-ээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүр’’-ээс  ‘’Баянзүрх хайрхан’’, ‘’Хар усан Тохой’’-оос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу хийх юм.  

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд оролцох хүсэлтэй иргэд тавдугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагт Хангарди ордны автомашины зогсоолоос хөдлөх автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очиж болох юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top