Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд ажиллалаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, мөн хороодын Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл багтсан байлаа.
Ажлын хэсэг ЧД-ийн 6 дугаар хороонд байрлах “Монголиан стар мелшерс” компанийн хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газар эзэмшсэн нөхцөл байдалтай танилцав. Тус компани эзэмшил газраасаа хэтрүүлж хашаа барьсан тул зүүн хэсэг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын төлөвлөлтөд орсон байна. Нийслэлийн Газрын албанаас тус компанид газрын зөрчил арилгах тухай мэдэгдэл хүргүүлсэн аж. “МСМ” группийн хуулийн зөвлөх ирэх зургаадугаар сарын 13-ны өдрийн дотор өөрсдийн зардлаар хашааг татаж орц гарц чөлөөлнө гэдгээ ажлын хэсгийнхэнд хэллээ.
Үүний дараа СУИС-ийн ард байрлах 72, 58 дугаар байрны оршин суугчдын орох гарах гарц хааж хашаа барьж, газар олгосон зэрэг асуудалтай газар дээр нь очиж танилцсан юм. Хотын дарга нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орц гарцыг нээж, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орц гарц нээх ажлыг цаашид ч хийх болно гэдгээ оршин суугчидтай уулзах үеэрээ хэлж байлаа.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд иргэн н.Түмэн-Ерөөлтөд олгосон 246м2, “Дулаан өргөө” ХХК, иргэн н.Ганбат нарт олгосон 288 м2 газрын маргаантай асуудалтай танилцав. Ажлын хэсгээс тус газарт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, нийтийн эзэмшлийн талбай болгох нь зүйтэй гээд газар эзэмших эрхийг цуцлах санал гаргав. Мөн 5 дугаар хороонд байрлах “Меридан” ХХК-д хууль зөрчиж олгосон гэх газрын асуудалтай танилцаж, огт сургууль, цэцэрлэггүй хороо учир газар эзэмших эрхийг нь цуцалж, тус газарт цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй гэж үзлээ.
Ажлын хэсгийнхэн 23 дугаар сургуулийн гаднах авто зогсоолын нөхцөл байдалтай танилцлаа. Уг авто зогсоолын газрыг иргэн Ж.Батсайханд олгосон нь сургуулийн орц гарцыг хааж, галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа аж. Хотын даргын зүгээс “Ойр орчимд нь орон сууц, сургууль, цэцэрлэг төвлөрсөн байдаг тул энд барилга бариулахгүй, авто зогсоол хэвээр нь үлдээнэ” гэж оршин суугчид болон сургуулийн багш удирдлагуудад хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Бид авто замыг хааж хашаа барьсан, орон сууцны орц гарцыг тагласан байдлаас үүдэж эмнэлэг, онцгой байдал гэх мэт яаралтай тусламжийн машин орох боломжгүй болсон газар, мөн сургууль цэцэрлэггүй төвийн хороонд газар олгох боломж, сургуулийн авто зогсоолыг иргэнд олгосон зэрэг асуудалтай танилцаж газар дээр нь шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэлээ” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )