Нүүрсээ жинлэхгүй экспортлох гэж байсан Хөшөөтийн уурхай хаагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Зуун хувь хятадуудын мэдэлд очоод байгаа Хөшөөтийн уурхайн нүүрсийг зөөхийн тулд "Мон-Энко" компани 340 км хар зам тавьсан нь Ховд аймгийн хамгийн том бүтээн байгуулалтаар шалгарсан. Хятадууд зам барихад 200 сая ам.доллар зарцуулсан гэж мэдүүлсэн байна. Тэдний мэдүүлгээр бол нэг км зам 850-900 сая төгрөгөөр бүтсэн болж таарах нь. Гэтэл хүнд даацын хар зам барих зах зээлийн дундаж ханш нь 250-300 сая төгрөг байгаа юм. Харин Ховд аймгийн шинэ зууны бүтээн байгуулалтаар тодорсон замыг нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хааж, Хөшөөтийн нүүрсний уурхайг нь мөн зогсоосон байна. Ингэхдээ автозамын ажил дуусаагүй, хяналтын талбай байхгүй, хилээр гаргаж байгаа нүүрсийг жинлэх жин байхгүй гэсэн гурван үндэслэлийг мэргэжлийн хяналтынхан гаргажээ. Үүнээс Монголоос Хятад руу экспортлох гэж байгаа нүүрсээ жинлэхгүй гэж тооцсон нь хачирхалтай.
Жижиг Таван толгой, Энержи ресурс компаниудаас дутахгүй нөөцтэй Хөшөөтийн орд Монгол улсад ямар ашигтай нь одоогоор тодорхой биш байна. Шинэ зууны бүтээн байгуулалт гэж яригдаж байгаа хар зам нь хүнд даацын машинууд тээвэр хийхэд зориулагдсан, нэг ёсондоо Хөшөөтийн нүүрсийг бушуу түргэн цөлмөх гэсэн санааны үзүүрт бүтсэн эд болохоос нутгийн иргэд, монголын эрх ашгийн төлөө хийчихсэн ажил биш гэдэг нь ойлгогдож байна.

 

Д.Билгүүн.

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top