Есөн ЖИЛ, Есөн ТӨСӨВ дамнаж барилга барьдаг улс Монголоос өөр байхгүй
2019 оны Улсын төсөв өнөөдөр батлагдана гэж спикер хэллээ. Орлогоо ч, зарлагаа ч ТОМ тоогоор төсөөлсөн төслийг чуулганаар хэлэлцэж буйтай зэрэгцэн улстөрчид, эдийн засагчид олон л хэлэлцүүлэг хийв. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн тогтвортой бүтэцтэй болж чадаагүй манай улсад хөгжлийн цогц бодлого дутагдаж буйг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлж буй. Мөн тэрбээр улсын төсөв боловсруулж, баталж буй процессоос харахад төсвийн ерөнхийлөн захирагчид тус тусдаа саналаа оруулдаг. Тэрийг нь яам нэгтгэх байдлаар УИХ-д өргөн барьдаг. Дээрээс нь төсвийн бодлого чухам юунд чиглэж байгааг олж харахад төвөгтэй. Монгол Улсын төсөв эдийн засаг, нийгмийн ямар үр дагаврыг авчрах вэ гэдэг нь дурдагддаггүй. Гэтэл хууль эрх зүйн актуудаас харахад төсөв нь нийгэм, эдийн засгийн тогтвортой бүтцийг бий болгох ёстой, төсвийн хуваарилалт тэгш хүртээмжтэй байх ёстой гэхчлэн асар том зарчмын заалтуудтай байдаг хэмээн хэлж сууна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Монгол Улс дэлхийн эдийн засгийн глобалчлалын нэг хэсэг хүссэн, хүсээгүй болсон. Тиймээс үүнийг маш зөв тодорхойлж, урагшлах ёстой. Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрт манай улс 1990 оноос хойш дөрөв дэх удаагаа орж байна. Энэ нь айлд нэг сахилгагүй хүүхэд байгаад түүнийгээ дийлэхээ байгаад ирэхээрээ томоожуулахын тулд цэрэгт явуулдагтай агаар нэг ойлголт юм. Бид өөрсдөө стандарт төсөв, мөнгөний бодлогоо алдахаараа нарийн дэглэмтэй журманд орж байгаа гэсэн үг. ОУВС-гийн хөтөлбөр дуусна. Тэрнээс цааш бид “цэрэгт явснаа” мартаж болохгүй” гэж байгаа юм.
Төсвийн реформ гэхчлэн олон жилийн өмнөөс хаа сайгүй ярьсан ч үр дүнгүй, хэлбэр төдий хандаж ирснийг нөхцөл байдал гэрчилж буй. Бодит байдлыг илтгэх баримтыг холоос хайх хэрэггүй. Ирэх 2019 оны төсвийн төсөлд тусгагдсан ОН ДАМНАСАН 32 барилгын жишээ үүнийг илэрхийлнэ.
Тэдгээр 32 барилгыг 2-9 жилийн хугацаанд төсөвт суулгаж, мөнгө хуваарилж ирсэн ч баригдаагүй. Улстөрчид улстөржиж болох ч арай ч ийм завхарсан байдал гаргаж болмооргүй. 2-9 удаагийн Улсын төсөв дамнасан барилгууд гэсэн статистикийн цаана анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн барилга, ажил үйлчилгээнүүд байна. Зарим барилга 4-5 жил зогссон байгаа нь сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой байх магадлалтайг судлаач Ж.Сайнзаяа ярьсан.
Улстөрчид улстөрждөг байж болно. Гэхдээ Улсын төсөв гэдэг зүйл үе үеийн эрх баригчдын дур зоргоороо мөнгө хувааж авдаг гүүр болж тогтжээ. Есөн жил, есөн төсөв дамнаж барилга барьдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй болов уу. Улсын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт гэдэг зүйлийг бодитой тавих шаардлага чинээндээ тулчихаад буйг тодотгоё.
НЭГ БИШ ОЛОН ЖИЛ ДАМНАСАН 32 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
2010-2014 ОНД ЭХЭЛЖ, 2019 ОНЫ ТӨСӨВТ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТУСГАСАН ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВААРЬ /тэрбум төгрөг/
ОН ДАМНАСАН ТӨСЛҮҮДИЙН ҮНЭ ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ЖИШЭЭ
Дашрамд өгүүлэхэд, 2019 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэхэд 752 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцсон. Улмаар 117 сургууль, 143 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 52 соёлын төв, 37 спорт заал, улсын хэмжээний болон орон нутгийн 50 замын ажил, 13 гүүрний байгууламж зэрэг ажлууд хийхээр төсөлд тусгагдаад буй.
Өмнөх олон жилүүдийн хяналтгүй байдлаараа явбал эдгээр төсөл, хөтөлбөрүүдээс ч он он дамнаж төсвөөс зулгаахгүй гэх баталгаа алга байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )