Махны үнийг килограмм тутамд 200-400 төгрөгөөр бууруулах боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны зах зээлийн талаар анх удаа дэлгэрэнгүй судалгаа хийжээ. Уг судалгаагаар махны жижиглэнгийн болон бөөний худалдаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төрийн зохицуулалт зэрэг чиглэлээр сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн байна. Судалгаагаар эхний ээлжинд махны эрэлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэх дүн гарчээ. Энэ нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө тарааж байгаа зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй гэж холбогдох хүмүүс үзэж байна. Гэхдээ нөгөө талд нийлүүлэлт ч бас хэвийн хэмжээнд, бүр илүү өргөн хүрээтэйгээр хийгдэх ч боломжтой нь судалгаагаар харагджээ. Нийлүүлэлт багасч, эрэлт ихэссэнтэй холбоотойгоор үнэ өслөө гэж ченжүүд тайлбарладаг нь үндэслэл муутай гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзэж байна. Учир нь энэ онд нийслэлийн хэмжээнд 12000 тонн мах бэлтгэсэн байдаг. Харин махны холбооноос 17000 тонн мах нийлүүлэх боломжтой гэх саналыг дэвшүүлж байсан аж. Энэ нь нийлүүлэлт хангалттай хэмжээнд байгааг илтгэсэн гэнэ. Түүнчлэн энэ зах зээл дээр 100 гаруй аж ахуйн нэгж монополь байдалтайгаар ажиллаж байгаа нь судалгаагаар мэдэгдсэн байна. Энэ хүрээнд холбогдох хяналтыг Шударга өрсөлдөөний газраас тавьж ажиллаж байгаа гэлээ. Судалгааны эцсийн үр дүнд махны зах зээл нь чөлөөт зах зээлийн сонгодог зарчмаараа хөгжиж чадахгүй байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн энэ зах зээл дээр мэдээллийн тэгш бус байдал ноёрхдогоос болж үнийн зөрүү гарах, ченжүүд дундаас нь хожих, үнэ хөөрөгдөх зэрэг сөрөг хандлагыг нийгэмд бий болгож байгаа гэнэ. Төрийн зохицуулалтын хувьд нөөцийн махыг худалдаанд гаргадаг ч гэсэн энэ нь төдийлөн үр дүн муутай байгаа нь судалгаагаар харагдсан байна. Хэрвээ төрийн зохицуулалтыг оновчтой болгож, зах зээлийн шударга байдлыг хангавал махны үнийг килограмм тутамд нь 200-400 төгрөгөөр бууруулах боломжтой аж. Түүнчлэн хөдөө аж ахуйн биржийг байгуулах, олон шат дамжлагыг цөөрүүлбэл үнэ дахиад ч буурах боломжтой гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан хэлж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top