Хүн төрөлхтөний утга зохиолын шилдэг өв дурсгал дунд Монголчуудын аугаа их түүх, үлдээсэн ул мөр, нөлөөн дор бичигдсэн гайхамшигт зохиолууд цөөнгүй. "Тагтаа Паблишинг" хэвлэлийн газар Монголчуудын нөлөөгөөр бичигдсэн, Монголчуудын тухай бичсэн дэлхийн уран зохиолын шилдэг өвүүдийг хураан цуглуулж, Монгол түмнээ сорчлон танилцуулах нэгэн бүлэг ажлаа Италийн сод зохиолч Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд" туужаар эхлэж байгаа гэнэ.
Хубилай хааны хураан тохинуулсан агуу их гүрэн мутрынх нь зангаа, мэлмийнх нь хараавчнаас нэгэнт хальж, хаан эзэндээ ч танигдахын аргагүй, орчлон хорвоон дайдаар тарамдан сунайжээ. Хаантан өөрийн их гүрний өнцөг булан, өнгө зүс, өвөрмөц төрхийг орчлон хорвоогоор хэрэн хэсүүчлэгч, итгэлт туслах, Италийн аялагч Марко Пологийн амнаас л хачирхан сонсоно. Марко Поло өөрийн үзсэн, орчлон хорвоогийн гайхамшигт сонин хотуудын тухай Хубилай хаанд сонирхуулан хүүрнэж буй зохиомжтой эл тууж Монголчуудын байгуулсан, хүний ой санаанд ч багтаж төсөөлөгдөмгүй агуу их гүрний төсөөллийн дүр төрхийг бүтээгээд зогсохгүй философийн мөн чанарыг ч уудлан гаргасан хосгүй бүтээл юм.
Дэлхийн алдартай зохиолчдоос өөрсдийнх нь хамгийн дуртай номуудыг асуухад ихэнхи нь Итало Кальвиногийн "Үл үзэгдэгч хотууд"-ыг онцгойлон нэрлэсэн байдаг. "Үл үзэгдэгч хотууд" бол туурвилын хувьд харахуй, сэтгэхүй, төсөөлөхүй, бичихүйн хамгийн яруу жишээ болсон зохиол мөнөөс мөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )