Сүлэлдсэн өнгө, метал холбоосууд, түүн дээр тусах гэрлийн ойлт болон зөөлөн өнгийн даавууны нийлбэрүүд зэрэг нь үзэсгэлэнгийн ердөө л үзэгдэх өнгөн тал юм. Бүтээлүүдийг нарийн тулж ажиглан, дотор нь орвол (Жинхнээсээ дотор нь биеэрээ орвол) та бүтээлийн нэгэн хэсэг болно.
Энэ бол 2019 оны гуравдугаар сарын 16-30-ны өдрүүдэд "Norphei" арт галерейн танхимд дэлгэгдэх “Passengers” үзэсгэлэн. Энд тавигдсан бүтээлүүд энгийн сэдэв болох хүн буюу “БИ”-г олон талт өнцгөөс харуулж, хүний мэдрэхүйг голчлон онцолно. Бидний мэдэх мэдрэхүйгээс гадна оноож хэлсэн нэргүй ч содон мэдрэмжүүдийг бид сэтгэлдээ тээсээр явдаг тухай гэх үү дээ.
Харин “Passengers” гэдэг тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнээс бусад аялагч, зорчигч нарыг нэрлэсэн үг юм. Бид заримдаа оноож нэр өгөхөд хэцүү мэдрэмжүүддээ хөтлөгдөн явсан байдаг. Эсвэл бүр эсрэгээрээ тэр мэдрэмжүүдээ тээсээр хаа нэг тийш оддог. Гэтэл тэр мэдрэмжүүд эсвэл бид хаашаа оддог юм бол?..
Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг хийх явцад барималч Д.Очир, зураач Н.Отгонбат, А.Болормаа нарын дунд өрнөсөн ярианы хэсгээс... Тэдний бүтээлээс юу уншигдав.
А.Болормаа: “Зүүд” зурган дээрээ төвлөрч ярья. Бидний зам мөр анхнаасаа “зурагдсан” байдаг. Харин бид үүнд эртнээс бэлтгэгдсэн байх гэсэн хачин бодол та нарт төрж байсан уу. Зарим хүнд энэ их өөдгүй ч гэмээр бодол. Эсвэл эсрэгээрээ зарим хүнд сайхан хэрэг. Гэхдээ зөв эсвэл буруу гэж маргахын өмнө бид өөрсдийн эцэг өвгөдийн мэдээллийг тээж, дараа үедээ өвлүүлдэг гэдэгтэй эвлэрэх байх. Яг танд одоогоор илрээгүй дүр төрх, ааш араншин, зан чанар ирээдүйн үр хүүхдийн чинь замнал байх магадлалтай. Энэ генийн мэдээллийн сан нүдний өнгө эсвэл хааяа гаргадаг хачин аашны тань тайлбар байх боломжтой. Энэ тохиолдолд орчин нөхцөл бас нөлөөлдгийг мартаж болохгүй. Би зүүд болон зүүдний тайлал судалж байтал сонирхолтой нэг сонирхолтой зүйлийг олж мэдсэн юм. Танд урьд хожид үзээгүй дүрс, мэдээлэл бүхий зүүд зүүдлэгдвэл тэр таны өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн зүйлсийн нэг байж болдог байна. 2015 онд байх, Атланта их сургуулийн судлаачид хулгана дээр нэгэн туршилт хийснээр энэ батлагдсан гэдэг. Мэдээллүүд бидний генд хадгалагдан дамжуулагдахдаа зөвхөн дүрслэлээр хязгаарлагдахгүй бөгөөд таалагддаг үнэр, дуртай зүйлс эсвэл айдас гэх мэт мэдрэмжүүд дээр илэрч байсан гэсэн.
Н.Отгонбат: “Зүүд”... Эргээд дахин төрлөө гэдэг шиг... Эрт үеэс их олон соёлд хүмүүс эргэж төрөх, мөнхөд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн, элдэв зан үйл хийдэг байсан. Одоо тэгэхээр үүний оронд бид биеэрээ эцэг, өвгөдийнхөө мэдээлэл мэдрэмжүүдийг тээн, түүнийгээ үргэлжлүүлэхээр үр хүүхдүүддээ үлдээж байна гэсэн үг биздээ. Цаанаасаа өгөгдсөн өгөгдөл нь орчин үеийн техник технологийн хөгжилтэй хоршоод сонирхолтой болох байх. Гэхдээ мэдрэмж, тэр тусмаа зургаа дахь мэдрэмж, зөн совин бол хүн бүрт өөрөөр байдаг гэж бодож байна. Жишээ нь, “13 араншин” гэх энэ зураг маань өнөөх зургаа дахь мэдрэхүйгээс илүү бодит зүйлсийн тухай юм. Харин ард нь тусах таны дүрс тэр үлдсэн мэдрэхүй байж болно.
Д.Очир: Эрчилсэн утас шиг хэрэн холбогдсон амьдрал хэмээх энэ гинжин хэлхээнд хааяа ээдэрч, түүнд хөтлүүлэн төөрч будилан явах уу, эсвэл түүн дээр дөрөөлөн, жигүүр урган дүүлэн нисэх үү? Амьдрал мөнх байж болох уу? Хана хэрэм болон биеийг бүрхэх эрээн судлууд гадна өнгөөр юм бүхнийг дүгнэгчдэд өмссөн хувцас шиг нь биш л дээ.Өчнөөн эс үхэхэд гашуудах нь үгүй. Цагаа ирэхэд сүнс хунгийн далавч шиг даллан одно.../Арслангийн нүүрний булчин урласан бүтээлээ тэр тайлбарлав/.
Сэтгэгдэл ( 0 )