Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төвийг өнөөдөр /2019.03.13/ нээж, иргэдэд хүргэх үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулах нөхцөл бүрдүүллээ.
Баянзүрх дүүргийн хувьд 350 мянга гаруй оршин суугч, 5000 гаруй ажил олгогчтой, албан журмын даатгалд 103 мянга, сайн дурын даатгалд 21,9 мянга, эрүүл мэндийн даатгалд 195 мянга гаруй даатгуулагчийг хамруулан, 38,5 мянган өндөр настанд тэтгэвэр, 27 мянга орчим даатгуулагчид тэтгэмж олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэдэг ачаалал ихтэй хэлтэс юм. Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүлээгдэлгүй хүргэх зорилгоор тус төвийг Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулан, сүүлийн үеийн техник хэрэгслээр хангаж, өнөөдрөөс ийн тохилог таатай орчинд үйлчилж эхэллээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөс даатгуулагч, тэтгэвэр авагч, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг авах боломжтойгоос гадна банк, нотариатын үйлчилгээг багтаасан байна. Мөн цахимаар өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтыг цахимаас харах, нийгмийн даатгалын архивын лавлагааг иргэдээс шаардахгүй байхаар зохион байгуулж үйлчлэх юм. Ингэснээр иргэд даатгуулагчдад үйлчилгээ нь илүү ойртож, шат дамжлага багасах давуу талтай байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЗОРИГТ:
ТУН УДАХГҮЙ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БУЮУ ЭХНИЙ САЛБАР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ НЭЭГДЭНЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтоос энэ үеэр тус газрын үйл ажиллагаа, шинэчлэлийн талаар товч сонирхлоо. Тэрбээр "Бид өнгөрсөн оноос гар утасны аппликейшн бий болгосон. Энэ аппликейшн нь иргэд өөрсдийнхөө нийгмийн даатгал төлсөн түүхээ харах боломж олгоно. Түүнээс гадна маш олон боломжууд бий болно. Мөн тус аппликейшнд иргэд сайн дурын даатгалын гэрээгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Call center” үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. “Call Center” үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн асууж, лавлахыг хүссэн бүх мэдээллийг утсаар өгөх юм. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нэг цэгийн үйлчилгээ нээлтээ хийж байна. Тун удахгүй хөдөө орон нутагт буюу эхний салбар Өвөрхангай аймагт нээгдэнэ. Нэг цэгийн үйлчилгээ цаашдаа амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд дараа дараагийн салбаруудыг нээх боломжтой болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
hezee ch huniihee tuluu bish niigem