“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс шаардлага хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс өнөөдөр /2019.03.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан шаардлага хүргүүллээ. Учир нь тус нэгдлээс 2019.02.14-ний өдөр ээлжит бус чуулганыг хуралдуулж, 8 асуудал хэлэлцэхийг шаардаж байсан ба уг шаардлагын биелэл болж, ирэх даваа гарагаас ээлжит бус чуулган хуралдах болсон ч хэлэлцэх асуудалд 8 шаардлага нь тусгагдаагүй юм байна.

Иймд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс дараах 8 асуудлыг дахин хүргүүлж, ойрын хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардлаа. Үүнд:

 

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг тус тус шаардаж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top