Roundup ургамлын хор хорт хавдар үүсгэдэг

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Хөдөө аж ахуйн химийн бодис үйлдвэрлэгч “Monsanto“ компанийн “Roundup” ургамлын хороос болж АНУ-ын нэгэн иргэн хорт хавдар тусчээ.

 

Калифорни мужийн Сонома тойргийн оршин суугч Эдвин Хардман гэгч 1980-аас 2012 оныг хүртэл өөрийн цэцэрлэгтээ энэхүү гербицидийг хэрэглэдэг байжээ. Түүнд Хожкины бус лимфомын онош тавьсан аж. Тойргийн шүүх дэлхийд хамгийн ихээр хэрэглэгддэг гербицид болох ургамлын хорд ордог глифосат бодис Хардманыг хорт хавдар тусахад хүргэсэн гол шалтгаан болсон гэдгийг нотолсон байна.

 

Roundup ургамлын хорыг 40 гаруй жилийн турш үйлдвэрлэж буй “Monsanto” компани энэхүү бүтээгдэхүүнийг зааврын дагуу зөв хэрэглэвэл эрүүл мэндэд аюулгүй гэсэн судалгаа харуулсан гэж мэдэгдэж, Хардман тус компанийн бүтээгдэхүүнээс бус харин гепатит С вирусээр өвчилсний улмаас хорт хавдар туссан хэмээн эсэргүүцсэн байна.

 

Monsanto“ компанийг худалдан авсан Германы “Bayer” компани шүүхийн энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд глифосат суурьтай ургамлын хор хорт хавдар үүсгэдэггүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top