З.Болормаа: Эрүүл мэндийн үнэ цэнийг сайтар ойлгуулах нь бидний эрхэм зорилго

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Нано технологи ашиглан нөхөн сэргээх эмчилгээг шинэ шатанд гаргаад буй “Ла Санте” эмнэлгийг зорин захирал З.Болормаатай цөөн хором хөөрөлдөж, шинэлэг ажил үйлчилгээнийх нь талаар тодруулснаа уншигч танаа толилуулъя.

-Манай улсад эмэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг элбэг байдаг. Тэгвэл ижил төст үйлчилгээтэй эмнэлгүүдээс танайх юугаараа давуу талтай вэ? Мэсийн бус аргаар эмчилнэ гэдгээ тодруулна уу.

-Хүн хэдий зүрхээрээ амьдардаг ч хүний чанартай, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын зүрх нь нь аарцаг ёроолын булчин гэж би боддог. Манай улсад мэс ажилбар маш сайн хийгддэг хэрнээ, хагалгааны дараах нөхөн сэргээлтээс хамаарч үр дүн багасах явдал ажиглагддаг. Тийм учраас хагалгааны өмнө, хагалгааны дараа нөхөн сэргээлт хийгдээгүйгээс шалтгаалан өвчлөл, зовиур  бүрэн голомтоороо эмчлэгдээгүйгээс тодорхой хугацааны дараа дахин сэдрэх нь их байдаг. Манай эмнэлгийн гол онцлог нь Монголд анх удаа бага аарцаг ёроолын булчинг эмч болон аппарат бүрэн оношилж,  эмгүй, өвдөлтгүй, мэсийн бус аргаар дотоод гоо сайхны эмчилгээг хийж байна. Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хүний биеийн булчингийн үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, эд эсийг нөхөн төлжүүлэх замаар эмэгтэйчүүдэд тулгамдсан бүхий л өвчлөлийг эмчилдэг. 

-Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа сулрахад юу голлон нөлөөлдөг юм бол? Түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийн талаар уншигчдад мэдээлэл өгнө үү.

-Доод эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь тухайн хүнээс маш их шалтгаална. Олон улсад аарцгийн булчин сулардаг дараах шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт, өтгөн хаталт. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хүүхдүүдээ багаас нь суултуур дээр зөв сууж хэвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, жирэмслэлт. Хүүхэд тээх явцад эрхтэн системүүд жингээрээ маш их даралт өгдөг учраас аарцгийн булчин сулардаг. Кесарево хагалгаагаар төрсөн ч гэсэн аарцгийн булчингаа нөхөн сэргээж, чангалах хэрэгтэй. Гуравдугаарт, хэвлийн таргалалт. Эрхтэн систем өөхлөлт ихтэй, хэвлийн таргалалттай удаан явснаар аарцгийн булчинд даралт өгч сулардаг. Иймд жингийн илүүдэлтэй хүмүүс шээс задгайрах өвчинд өртөх нь элбэг тохиолддог. Дөрөвдүгээрт,  удаан хугацаагаар ханиалгах, дархлаа султай байх, астма өвчинтэй хүмүүсийн аарцгийн булчин сулардаг. Ханиалгах тоолонд аарцгийн булчинд ачаалал өгдөг учраас ийнхүү сөргөөр нөлөөлдөг. Мөн манай улсад эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор булчин их сулардаг. Дархлаа муудсанаар булчин суллах антибиотик эмчилгээ ихэссэн, хярзангын хайчилбартай, урагдалтай, оёдолтой төрснөөс булчин буцаж агших процесс бага явагддагаас асуудал их үүсдэг. Монголд анх удаа аарцагны нөхөн сэргээх физик эмчилгээг нэвтрүүлснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд эерэг өөрчлөлт гарч байгаа нь хүмүүс урьдчилан сэргийлэх аргад суралцсантай холбоотой юм.

Дархлаа муудсанаар булчин суллах антибиотик эмчилгээ ихэссэн, хярзангын хайчилбартай, урагдалтай, оёдолтой төрснөөс булчин буцаж агших процесс бага явагддагаас асуудал их үүсдэг.

-Танай эмнэлэг эмгүй, мэсийн бус аргаар нано аппаратыг эмчилгээндээ үр дүнтэй ашиглаж байгаа. Энэ талаар тодруулан мэдээлж болох уу?

-Манай эмнэлэг 2016 оноос хойш VIVALTIS факультетийн маш олон төрлийн нөхөн сэргээх төхөөрөмжийг  эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлсээр байна. Үүнд:  2016 онд PHENIX PORTABNLE URO, 2017 онд PHENIX NANO, 2018 оны 1 сард PHENIX PHYSIO URO, PHENIX LIBERTY зэрэг төхөөрөмж нэвтрүүлэн, Монгол эмэгтэйчүүдийн аарцгийн булчингийн онцлогт тохируулан 99,8-100 хувийн төгс үр дүнг бэлэглэсээр байна. Тус аппарат нь цахилгаан соронзон долгионы эмчилгээ хийж, булчингийн эд эс болгоныг сэргээж өгдөг нано технологи юм.  Нарийн мэргэжлийн эмч нар аарцагны булчингийн оношилгоог олон улсын стандартын дагуу хийж умайн унжилтын зэрэг, булчингийн сулралын хувь, булчингийн оёдлоос үүссэн наалданги болон төрөлтийн дүлэлт болон сэтгэцийн гэмтлээс үүдэлтэй булчингийн зангирал зэргийг бүрэн оношилсны дараа нөхөн сэргээх аппаратаар шээс задгайрлын шалтгаан, цагираг, хөндлөн булчингийн сулралын хувь, булчингийн уян хатан чанарын хувь, булчингийн тархи мэдрэлийн системтэй холбогдсон мэдрэлжүүлэлт, дур тавилтын цэгийн мэдрэмж зэргийг нарийн оношилдог. Ингээд хувь хүн бүрт тохирсон эмчилгээний программ гарган эмчилгээ хийгдсэнээр эмэгтэйчүүдийн шээс задгайрал, анхдагч болон хоёрдогч үргүйдлийн шинж тэмдгүүд, эрт цэвэршилт, хуурайшилт, умай унжилт, үтрээний булчингийн сулрал, геморрой буюу шамбарам /цагаан мах эргэх/ өвчлөлүүдийг 100 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг. Манай эмчилгээний гол үр дүн нь тухайн өвчтөний тархинд суусан рефлексийг ч давхар эмчилдэг явдал юм. Өөрөөр хэлбэл, тархи мэдрэлийн системд тогтсон буруу зуршлыг устгаад, шинээр зөв программ суулгаад өгчихөж байна гэсэн үг. Эмнэлэгт үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн гэр бүлийн дотно харилцаанд эерэг өөрчлөлт гарсан, жирэмсэн болохгүй байсан эмэгтэйчүүд жирэмсэлж, сарын тэмдэг нь 5 жил ирээгүй байсан үйлчлүүлэгчийн сарын тэмдэг ирсэн зэрэг гайхалтай үр дүн гарсанд бид баяртай байгаа. Үйлчлүүлэгч маань ямар шинж тэмдэгтэйгээс шалтгаалан аппаратанд 15-25 удаагийн давтамжтайгаар орох бөгөөд үйлчлүүлэгч бүрт зориулагдан наалданги, булчингийн зангирлын массаж болон бусад эмчилгээнүүд курс хэлбэрээр нэмэлтээр хийгддэг . Ер нь эмчлүүлээд гарсан үйлчлүүлэгч өндөр үр дүн авсан ч гэсэн урьдчилан сэргийлэх зорилгоор ямар дадал зуршилтайгаас шалтгаалан жилдээ 5-10 удаагийн давтамжтай эмчилгээндээ ороод явж болно. Нэг үгээр хэлбэл, аарцаг ёроолын булчингийн фитнесс гэсэн үг юм.

-Одоогоор Монголд танайхаас өөр яг ийм технологи ашиглаж байгаа эмнэлэг бий юу? Боловсон хүчний асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Байгаа,  гэхдээ манай эмнэлэгтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа, үр дүн адил гэж ойлгож болохгүй. La Sante эмнэлэг нь энэ чиглэлээр анхдагч бөгөөд нөхөн сэргээх эмчилгээний ухагдахууныг Монголд сурталчлан таниулах гэж маш их туршилт, судалгаануудыг хийж,  хүний нөөцийг дэлхийн стандартын дагуу бэлдэж, чадваржуулсан. Хөдөө орон нутагт манай салбарууд нээгдээд эхэлж байна. ДОРНОД, ӨМНӨГОВЬ аймагт одоогоор нээгдсэн байгаа, аажимдаа бүх аймагт салбараа нээх зорилго тавиад ажиллаж байна. Эмнэлгийн давуу талын хувьд, ЭМС-ын баталсан тушаал, олон улсын эмчилгээ үйлчилгээний удирдамж, стандартуудыг чанд хатуу мөрдөж, тав тухтай орчин, эмнэлгийн халдвар хамгааллыг чандлан баримталж, мэргэжлийн эмч мэргэжилтнүүд маань “Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл” алсын хараатайгаар эмчилгээ үйлчилгээгээ түгээн дэлгэрүүлж байна.  Эмч ажилчдын хувьд,  Франц улсад олон улсын сертификаттай сургалтанд 2017 онд хамрагдсан, 2018 онд Франц эмч нарын олон улсын сертификаттай сургалтанд нийт ажилчдаа дахин хамруулснаас гадна Монгол улсдаа мэргэжлийнхээ чиглэлээр сургалт авч, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байна.

-Танай эмнэлэг дээр гэр бүлээрээ  ирж байгаа хүмүүс харагдлаа. Гэр бүл рүү чиглэсэн ямар үйлчилгээ явуулдаг вэ?

-Эмэгтэйчүүдэд тулгамдсан эрүүл мэндийн асуудал нь гэр бүлийн болоод нийгмийн чухал асуудлын нэг юм. Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн халуун дотно уур амьсгалд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэнд, бэлгийн боловсрол чухал нөлөөтэй байдаг. Энэ ухагдахууны талаар зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд маш сайн ойлголттой байх ёстой. Манай эмнэлгийг зорин ирсэн үйлчлүүлэгч, гэр бүлийн гишүүд мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сексологичоос зөвлөгөө авах боломжтой байдаг. Улс үндэстний хүн амын өсөлтийн бодлоготой хүртэл эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний эрүүл мэнд чухал холбоотой шүү дээ.

-Танай байгууллагын эмч мэргэжилтнүүд ажил үйлчилгээндээ ямар зарчим баримталдаг вэ? 

-“Аливаа амжилт бүтээлээр дүүрэн байгууллага нь нийгмийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй, харилцагч, хамтран ажиллагч түншүүд, олон нийтийн өмнө нээлттэй, хууль эрх зүйн хүрээнд ил тод шударга үйл ажиллагаа явуулж баялаг бүтээхийн зэрэгцээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж үлгэрлэн уриалж байдаг билээ. Манай эмнэлгийн нийт хамт олон нь нийгэмд тустай үйл хэрэгт  манлайлан оролцдог төдийгүй хүрсэн амжилт ололтынхоо хирээр нийгэмд тустай хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. La Sante эмнэлгийн нийт хамт олон нь  үйлчлүүлэгчийг хүндэтгэх, нууцыг хадгалах, үнэнч байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлтэд нийцүүлэн чанартай хүргэх, батлагдсан стандарт, хэм хэмжээнд тулгуурлан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний журамд заасны дагуу ажилладаг.

-Ласанте эмнэлгийн эрхэм зорилго юу вэ?

-La Sante эмнэлэг нь анагаах ухааны тэргүүний нөхөн сэргээх физик эмчилгээг эх нутагтаа  эмчилгээ үйлчилгээндээ анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой. Манай хамт олон “Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл” алсын хараатай, “Далд гоо сайхны, Төгс шийдэл”  уриатайгаар эрч хүчтэй ажиллаж байна.

“ЛА САНТЕ” ГЭДЭГ НЭР “ЭРҮҮЛ МЭНД” ГЭСЭН УТГАТАЙ ФРАНЦ ҮГ

-Олонд танигдсан томоохон эмнэлгийг удирдаж буй бүсгүй маань төсөөлж байсныг бодвол харьцангуй залуухан байж таарлаа. Энэ хэмжээнд хүрэхэд ямархуу замналыг туулав даа?

-Би багын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дээрээ зургаан ахтай, айлын ганц охин. Аав, ээж маань багш мэргэжилтэй, насаараа боловсролын салбарт бага ангийн багш хийсэн болохоор гэр бүлийн суурь хүмүүжил сайтай төлөвшсөн. Гэрийнхээ бараг л “ерөнхий зохицуулагч” байсан гэх үү дээ /инээмсэглэв/. Аав, ээж хоёр маань ч “охины хэлж байгаа зөв” гээд байнга дэмждэг байлаа.  Айлын ганц охин болоод ч тэр үү, маш их хайран дунд умбаж өссөн. Өвөө минь бас олон шавь нарынхаа хүндлэлийг хүлээсэн багш хүн байлаа. Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургууль өвөөгийн маань нэрэмжит сургууль болсон шүү дээ.

-Гэр бүлийн суурь хүмүүжил сайтай байсан нь амжилт гаргахад зохих хэмжээгээр нөлөөлсөн байх. Ер нь хүүхэд ахуйн төлөвшил тань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болов уу?

-Дунд сургуульд байхдаа нийгмийн идэвх сайтай, номонд шимтсэн сурагч байлаа. “Эмпати”-гийн “Сургамжит өгүүллэгүүд”-ийг анх уншаад л номонд эргэлт буцалтгүй дурлах болсон доо. Ингээд өглөө нь хичээлдээ явж ирээд, даалгавраа хийн, гэр орныхоо ажилд туслалцаж дууссаны дараа оройн цагаар ном уншаад л суучихдаг хүүхэд байлаа. Голчлон “хүн байхын утга учир”, “амжилтын зарчмууд” гэх мэт сэдвүүдэд чиглэсэн эвсээрхэн кейс-зохиомжууд уншдаг байсан маань багаасаа өөрийгөө төлөвшүүлж хөгжүүлэхэд их нөлөөлсөн байх. Уншсан номнуудаасаа урам зориг авч, өөрөө бие даан амьдрах чадвар чухал юм гэх ойлголтыг авч чадсан. Хэдийгээр бага нас гэр хороололд өнгөрсөн ч бүх зүйл цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх ёстой гэсэн үзлээр хүмүүжсэн учраас ихэвчлэн цав цагаан хувцас өмсөн, байнга угааж, нямбай гэгч нь индүүдээд далд хийдэг байлаа.

-Суурь хүмүүжил ийм чухал шүү! Хот суурин газарт оюутан болоод ч энэ зуршлаа орхиогүй биз дээ?

-Би ахлах сургуулиа Говь-Алтай аймагт дүүргээд, ШУТИС-ийн КТМС-д оюутан болж байлаа. 10 жилд байхын л хүсэл мөрөөдлөө бичиж тэмдэглэдэг, өөрийн зорилгоо бүр нарийвчлан бичиж үлдээдэг байсан. Ингээд тухайн үед бичиж тэмдэглэчихээд, хэзээ хойно 2-3 жилийн дараа ахин уншиж үзэхэд ойрын ихэнх зорилго маань биелчихсэн байдаг байж билээ. Оюутан байхдаа лекторуудын сургалтад их суудаг байсан. Японд суралцаж байсан том ахаасаа үлгэрлэн “ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжил юм байна” гээд КТМС-д элсэн орж байлаа. Гэхдээ тэрхүү мэргэжил бол яг миний хүсэл зорилго биш байсан. 

-Хэр амбицтай оюутан болов? Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд их чармайдаг байв уу?

-Үс зүс, арьсаа сайн арчилж, гоё будаж сурах хэрэгтэй гээд ахлах ангиа төгсөөд Монголын үсчин, гоо засалчдын тэргүүн багшид шавь орж, мөн насанд хүрсэн учраас хэзээ нэг цагт гоё машин авна гээд жолооны курст суралцаж байлаа. 2008 онд боломж цаг заваараа хичээлийн хажуугаар сурсан мэдсэнээ ашиглаад гоо сайхны жижиг салон нээсэн. Энэ ажилдаа маш их сонирхолтой, өглөө нь хичээлдээ явж ирчихээд, үдээс хойш үйлчлүүлэгч цөөн байвал компьютер дээр хичээлээ хийгээд суудаг байлаа. Эмэгтэй хүн эдийн засгийн хувьд хараат бус, хүссэн хувцас хунар, машин унаагаа өөрийн хүчээр аваад хэрэглэчих чадвартай байх ёстой гэсэн хатуу үзэл бодолтой байсан маань идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхэд түлхэц болж өгсөн байх. Ажилдаа дуртай, үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ ханддаг, өөрийгөө байнга хөгжүүлдэг байсан болохоор нэг мэдэхэд л маш олон үйлчлүүлэгчтэй болчихсон байсан. Ихэвчлэн шөнийн 2-3 цаг хүртэл ажилладаг байлаа. Боловсролын яамныхан, их дээд сургуулийн багш нар гээд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Ингээд бүсгүйчүүдтэй байнга ажиллаад байхаар эмэгтэй хүнд тохиолддог асуудлуудыг илүүтэйгээр мэдэрч, эмэгтэйчүүдийн амин хүсэл нь гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо сайхан чухал гэдгийг маш сайн ойлгосон.

-Эмэгтэйчүүдийн дотоод гоо сайханд анхаарал хандуулах нь таны хүсэл мөрөөдөл мөн үү?

-Дунд сургуульд байхад таван охин найзлаад, хүсэл мөрөөдлөө ярьдаг, өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тухайн үед бичиж тэмдэглэж байсан зүйлсээ хожим нь харж байхад, эмэгтэйчүүдэд зориулсан цогц төвийг таван давхар байшинтай байхаар төсөөлөн мөрөөдөж байснаа тэмдэглэн үлдээсэн байсан. Тэр төвөө тавуулаа нийлээд ажиллуулна, давхар тус бүрт нь охид, эмэгтэйчүүд, ээжүүд, эмээ нарт зориулсан эмчилгээ сувиллын газар байхаар төсөөлж байлаа. Тавуулаа нэг нь эмч, нэг нь сэтгэл зүйч, нэг нь дизайнер, нэг нь бүжгийн багш гэх мэт өөр өөр мэргэжилтэй болоод энэ цогц төвөө өөрсдийн гараар цогцлоон бүтээнэ гээд их дэврүүн мөрөөддөг байж.

Эрүүл мэнд гэдэг ухагдахуун нь биеийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд гэх эрүүл мэндийн гурвалжин бүтэцтэй. Тиймдээ ч “La Sante” эмнэлэгтээ ирсэн бүх үйлчлүүлэгчдэд нэр шигээ цогцоор нь төгс эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.

-Одоо тэр мөрөөдөл тань бараг биеллээ олчихсон юм биш үү?

-Тэрхүү хүсэл мөрөөдлийн маань суурь нь манай энэ Ла Санте төв. 2008 оноос хойш тасралтгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөн, 2013 онд гоо заслын цогц төв, кофе-шоп, фитнесс гээд бүсгүйчүүдэд зориулсан цогц үйлчилгээний газар том ахтайгаа хамт нээж байсан ч байршил тал дээрээ алдаа гаргаад, бизнес маань бүтэлгүйтсэн. Харин би энэхүү алдаанаасаа маш том сургамж авч цаашдын хөдөлмөртөө тусгаж ажилласан. 2016 онд энэ “La Sante” эмнэлгээ нээсэн. “Ла Санте” гэдэг нэр “эрүүл мэнд” гэсэн утгатай франц үг юм. Хүний зүрх, тархи, цусан хангамж, эрхтнүүд эрүүл байна уу, мөн сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гээд асар өргөн ойлголтууд энд багтана. Эрүүл мэнд гэдэг бол хүний бүхий л зүйл юм.

-Эмэгтэйчүүдийн хувьд юу хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой гэж боддог вэ? Энэ талаар саналаа хуваалцвал?

-Бүсгүй хүн нэн тэргүүнд өөрийн ажил мэргэжил, хань ижлээ л хамгийн зөв сонгох хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд, энэ хоёр сонголтоо зөв хийж чадсан азтай эмэгтэй. Одоо би багаасаа хүсэн мөрөөдөж байсан дуртай ажлаа хийгээд явж байна. Халамжтай сайн хань минь бүхий л цаг үед дэргэд байж, байнга тусалж дэмжсээр ирсэн. Бид хоёр дунд сургуулийн ахлах ангид хамт суралцаж байсан, анх үерхэж эхэлснээс хойш даруй 10 жил өнгөрчээ. Хүү, охин хоёртой. Гэр бүлийн хүн маань удам судар сайтай, ноён нуруутай, халамжтай, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай мундаг залуу байдаг. Тэр минь миний ар талд бат зогсдог учраас би өнөөдрийн энэхүү амжилтдаа хүрчихээд явж байна.

"Зиндаа" сэтгүүл. 2019 он №13.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top