Зиндаа сэтгүүл | ХАРИЗМ

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

"Зиндаа" сэтгүүлийн 17/517 дахь дугаарын "Style&image" буланд орсон Стилист Ц.Саруулжаргалын "Харизм" нийтлэлийг хүргэж байна.


Хэн нэгэн хүний гадаад төрхөөс хамаарч хэрхэн харилцахаа шийдэх, үнэлж дүгнэх тохиолдол танд тулгарч байсан уу? Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг ч үнэнтэй нүүр тулцгаая. Бусдыг гадаад төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдлаар нь аль хэдийн дүгнэж, ямар нэгэн тодорхойлолт өгөх тохиолдол гардаг. Гэтэл тухайн хүнтэй ярилцаад үзэхэд толгойдоо буулгасан дүрээс тань тэс өөр хүн байж, цаашлаад хүндэлж биширмээр мэдрэмж төрүүлж байсан удаа бий юу? Энэ бол Харизм юм.

Харизмтай хүнийг өрөөнд орж ирэхэд л бүгд анзаарч хардаг. Тэд юугаараа онцгой гэж? Харизмтай хүмүүс цаанаасаа л төрчихсөн байдаг юм уу, эсвэл бүгд өөртөө энэ чанарыг хөгжүүлж болох уу?

Юуны өмнө харизмтай хүн бусдад баяр хөөрийн мэдрэмжийг төрүүлдэг. Тэдний бэрхшээлийг туулах хат нь бусдад урам зориг өгч, өөдрөг байхад нь нөлөөлдөг. Мөн тэд өөртөө маш итгэлтэй. Гэхдээ өөрийгөө эергээр үнэлэх, өөртөө итгэх итгэлийг нь нарциссизмтай андуурч болохгүй шүү. Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч, сайжруулах тал дээр нь “ажиллаж”, давуу талаа улам “дур булаам” болгосон хүнийг харизмтай гэдэг билээ. Харизмтай хүмүүс өөрийн амжилтын замаа бусадтай хуваалцаж, тэдэнд боломж байгаа гэдэгт итгүүлэхээс айдаггүй. Мөн хэн нэгэнтэй цаг нөхцөөх байдлаар хэзээ ч ярилцдаггүй ба чин сэтгэлээсээ гайхалтай түүх хүүрнэгч байдаг тул хүмүүс яриаг нь хэдэн цагаар ч хамаагүй сонсоход бэлэн байдаг.

Харизмыг хэд хэдэн төрөл болгон ангилдаг. Жишээ нь, дэлхийн нөлөө бүхий хүмүүс болох Мартин Лютер Кинг, Стив Жобс, Жанна Д.Арк нарын хүмүүс биеэ авч яваа байдал, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн хэлэмжээрээ олон нийтэд урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж байдаг ба үүнийг алсын хараатай харизмт шинжид хамруулдаг бол Далай лам, Тераза эх, Диана гүнж зэрэг алдартнууд эелдэг харизмт төрөлд багтдаг байна. Мэдээж бусдыг татах, бусдад нөлөөлөх, сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэхийн сацуу гадаад имижийг нь ч мартаж болохгүй. Аль ч улсын үндэсний хувцас өөрийн гэсэн өнгө төрх, намба аяг, ая данг өөртөө гүн гүнзгий шингээсэн байдаг. Кимоно гэхэд л дангаараа Дорнын соёлыг илэрхийлэхүйц ур хийц, донжийг илтгэж чаддаг. Гүн ухлаадаст энгэр, урт ханцуй, өргөн хатуу бүс, бариу урт хормойтой энэхүү хувцсыг өмсөхөд багадаа дөчин минут шаардагдах ба өмсөх дэс дараалал нь маш нарийн дэг жаягтай. Хувцасны тухайд нарийн дурдвал их олон зүйл хэлж болох ч энэ хувцсан дотор орсон хүний харизм тэр дороо л өөрчлөгдөх боломжтой мэт.

 

СТИЛИСТ: Ц.Саруулжаргал, АРТИСТ: Н.Ариунтунгалаг, МОДЕЛЬ: Реппер ДЕСАНТ /Г.Батболд/

Таныг илэрхийлэх хамгийн анхны сэтгэгдэл бол таны биеэ авч яваа байдал, биеийн хэлэмж, өөрийг тань илэрхийлэх хувцаслалт юм. Та гарт тааралдсан ямар ч хамаагүй хувцсыг хэзээ ч бүү өмсөөрэй. Имижээ олно гэдэг харизмаа бүрдүүлэх үйл явцын тал хувийг гүйцэтгэсэнтэй ижил. Үргэлж зүүх дуртай Хермесийн ороолт, Шанель 5, намрын өнгийн винтэж стилиэр магадгүй та имижээ бүрдүүлсэн бол таны тухай бусдад үлдэх дурсамжид энэхүү имиж нь харизмын тань бүрдэл хэсэг болон буух юм. Өнөөдөр уламжлалт соёлын элементийг орчин үеийн хувцас загварын деталь хэсгүүдэд шингээж, хүмүүс өдөр тутамдаа өмсөх бололцоотой болсноор бид хаанаас гаралтай, ямар баялаг түүх, соёлын улбаатай ард түмэн басхүү соёлын өвийг үргэлжлүүлэн түгээгч гэдгээ эргэн санах боломж олгож буй нь гайхалтай.

Харизм, амжилт хоёрын хооронд маш том хамаарал байдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Чухамдаа харизмын талаарх яриа нь тухайн хүний сэтгэл татам байдалд тулж очно. Аливаа хуурмаг баггүйгээр бусдыг чин сэтгэлээр сонсох, хүлээн авах эмпати ихтэй байх, хамгийн гол нь хүмүүст урам зориг, амьдрах хүч өгөх хэмжээний нөлөөлөлтэй байх нь харизмын мөн чанар гэлтэй.

Харизм хаанаас ирдэг вэ?

Бусдыг өөртөө соронзон мэт татдаг хүний амьдрал ямар байдаг бол гэж та бодож үзсэн үү? Энэ нь зөвхөн эсрэг хүйстэндээ таалагдах тухай биш ерөөс ойр орчимд хамт байсан хүмүүст нөлөөлөх, хүндлэгдэх тухай ойлголт юм. Таныг өрөөнд орж ирэхэд бүх хүн анзаарч, үг бүрийг тань чих тавин сонсож, үйлдэл бүрээ таны таалалд нийцүүлэх гэж хичээдэг болчихвол амьдрал ямар байх байсан бол? Харизмтай хүний ажил амархан бүтдэг, харизмтай удирдагчийн дор ажиллаж буй хүмүүс илүү урам зоригтой, чадварлаг байдаг гээд л манлайллын түүхүүд хөвөрч байгаа биз? Харамсалтай нь хүн бүрд ийм чадамж ховор. Хүндлэл олж авахын төлөө шаргуу хөдөлмөрлөх, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд заавал олонд танигдах гэх мэтээр бидний ихэнх нь харизмыг хаа холын хүршгүй цайз мэтээр төсөөлдөг.

Тэгвэл харизмтай байх нь бусдад таалагдахаас гадна өөртөө оршихын, өөрийгөө таньж мэдэхийн, чухамдаа энэ хорвоод яах гэж ирснээ ойлгохын нэр юм.

СТИЛИСТ: Ц.Саруулжаргал, АРТИСТ: Н.Ариунтунгалаг, МОДЕЛЬ: Реппер ДЕСАНТ /Г.Батболд/

Харизм юунд хэрэгтэй вэ

Цөөн тохиолдолд харизм байгалийн өгөгдөл байдаг. Генийн мэдээлэл, цусны бүлэг ч үүнд хамаатай гэдэг. Дуу хоолой, царай төрх, байгаа байдал нь халти ч болов уулзаад салахад яагаад ч юм сэтгэлд нэг л ойр, эртний танил ч юм шиг санагдах хүн бий. Гэхдээ үүнийг царайлаг, сайхантай шууд андуурч болохгүй. Сайхан төрх заяасан ч өөрийн гэсэн үнэт зүйл, дотоод мэдрэмжээ олоогүй, нээгээгүй бол “байдаг л нэгэн” байсаар цагийн эрхэнд гоо сайхан нь гундана. Үүнийг монголчууд “Сайхан төрөх заяаных, сайн явах санааных” гэж хэлдэг. Ер нь заавал харизм хэрэгтэй юу, зүгээр байгаагаараа амьдарч, өөрийнхөөрөө оршиж болохгүй юу гэсэн асуулт гарч ирэх байх. Болно оо, гэхдээ бусдаас ялгаръя, манлайлъя, ажил үйлсээ илүү бүтэмжтэй, хүртээмжтэй болгоё, өрсөлдөөнд түрүүлье гэвэл харизмын нууцуудад суралцахаас өөр аргагүй. Зарим борлуулагч бусдаасаа тав дахин илүү борлуулалт хийдгийн нууц нь ердөө харизм л байдаг. Хөрөнгө оруулагчдыг хайж ирэхэд хүргэдэг бизнес эрхлэгч байхад банкнаас зээл гуйх бизнес эрхлэгч ч бий. Эдгээрийн учир мөн л харизмтай холбоотой. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, багш нартай нь учир зүйгээ ололцож, айл хөршүүд дундаа хүндтэй байхыг хүсдэг гэрийн эзэгтэйд ч харизм хамаатай. Найз нөхөд дундаа нөлөө бүхий нэгэн байж, нийгмийн харилцаанд өөртөө илүү итгэлтэй байхад тань ч мөн адил харизм дэм болно.

ХАРИЗМАА НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ

Та бол ертөнц дээрх цор ганц төгс бүтээл. Танд байгаа, бусдад байдаггүй тэр зүйлийг л олж харах хэрэгтэй. Харизмын тавин хувь нь төрөлхийнх байлаа гэхэд тавин хувийг нь та өөрөө бий болгож чадна. Таны дотор байгаа тэр зүйлийг ил гаргаж өнгөл, дөвийлгө, гангар, онгир. Бусдын үзэл бодол, үнэлэмжээс битгий эмээгээрэй. Та юу хийж байхдаа жаргалтай байна, тэр таны дотоод ертөнцийн хэсэг юм. Тэгээд түүнийгээ үг яриа, үйлдэл, дуу хоолой, хувцаслалт, биеийн хөдөлгөөн, хэрэглээ зэрэгтээ суулгаж өгөөрэй. Өнгөн талаасаа имиж бүрдүүлэлттэй ижил сонсогдож байгаа боловч гаднах байдал бол харизмын ердөө нэг л хэсэг.

Дараагийн чухал зүйл бол “Зөв бодол, зөв үйлдэл, зөв дадал”. Бодол таныг хөдөлгөж, дадал таныг хөгжүүлдэг. Үүний тулд харилцаагаа тордох, бусдад чин сэтгэлээсээ туслах гэх мэт нийгмийн шинж чанартай хичээл зүтгэл орно. Түүнчлэн өөртөө итгэлтэй байж, өөрийн байх ёстой орон зай, талбараа олж, зөв хүрээлэл үүсгэ. Мөн энэ чиглэлийн ном материал унших, судлах, үе үе уулзаж дотоод мэдрэмжээ чиглүүлдэг ментортой болж болох юм. Оливия Фокс Кабейн хэмээх зохиогчийн “Харизм” ном монгол хэлээр орчуулагдсан байгаа. Түүн дээр харизмын мөн чанарын тухай чухал ойлголтууд бий. Бас өөртэйгөө төстэй зан авир, дүр төрхтэй боловч харизмыг төгс бүрдүүлсэн нэгнийг даган дуурайж болно. Гэхдээ урам зориг авна уу гэхээс үйлдэл бүрийг нь хуулбарлавал танд нутагшихгүй.

Эцэст нь онцлоход, харизм бол авахын бус өгөхийн нэр. Та хэдий чинээ өөрийгөө, чадах зүйлээ бусдад өгнө төдий хэмжээнд өсөж хөгжинө. Мөн хамаг анхаарлаа өмнөө тавьсан зорилгодоо, эсвэл хэн нэгэнд зориулж чадсан цагт та харизмыг өөртөө бий болгож эхэлжээ гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top