"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Л.Хасар тэнгэрийн таалалд дэвшиж, хүнд гарз тохиолоо. Зиндаа сэтгүүлийн 16-р дугаарт түүнтэй хийсэн ярилцлага нийтлэгдэж байсан нь найрагчийн өгсөн хамгийн сүүлчийнх нь ярилцлага байжээ.
Энэхүү ярилцлагыг түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн хүргэж байна.
Хандгайтын уулнаа намар айлчилжээ. Моддын орой шаргалтаж, улбар туяа татуулж, намхан модод ягааран найгаж, газраар нэг навчис зулсан намрын урланд зочлов. Байгаль эхийн бүтээсэн гайхамшигт энэ урланд Бавуугийн Лхагвасүрэн агсны бүтээлийн урлан сүндэрлэнэ. Өнгөт байшингийн гадаах навч цэцэгний хээтэй хашлага алтран хуарлаад, модон шатан дээгүүр нь өнгө өнгийн навчис бударчээ. Яруу найрагчийн урланд намар авхай бийр будгаа илүү тансагхан өнгөөр нямбайлан зурсан мэт сэтгэл дэнслүүлж орхив. Эл нууцлаг хийгээд эрхэмсэг өргөөнд бас нэгэн яруу найрагч амьдран сууна. Энэ хүн бол Лхагвасүрэнгийн Хасар бөлгөө.
Мөнөөх гоёмсог саравчин дээрх модон сандал дээр аанай л тамхи суунаглуулан бодолхийлэн суугаа дүр зураг аавынх нь залуу цагийн он дурсамж мэт ээ. Цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал гэдэг энэ буюу хэмээх хөвөрсөн бодлыг үргээн С.Баасан эгч хангинатал инээн ойн нам гүмийг ер бусын гэгээн гэрлээр дүүргэж орхилоо. Зочдыг дайлж цайлах ширээ сандал бүхий үүдэн хэсгийн дамждаг өрөөний ханан дахь тавиур дээгүүр төрөл бүрийн аяга өрөөтэй харагдав. С.Баасан эгч “Хань маань их няхуур нямбай хүн байсан. Энд тэнд дэлгүүр хоршоогоор орохдоо нэг юм үзвэл тэрийгээ шинжээд, эргүүлж тойруулаад хараад зогсчихно. Их удаан үзнэ. Ханийн маань цуглуулсан аяга их олон. Олон орноос аяга цуглуулсан даа гээд аяга бүхэн нь түүх агуулсан сонирхол татам үзмэр рүү заалаа.
Л.Хасар ах яагаад ч юм ярилцлага өгөхөөс нэг л халгангуй байх шиг. Тэр энэхэнийг эмхлүүлж тойрч гүйнгээ, хэд хэдэн тамхи угсруулсны эцэст ширээндээ сая л тухлав. Намрын өтгөн өрөм талхан дээр заарцаглуулж, өрөм шигээ өег инээдээр өрөө дүүргэх бидний яриа ая эвээ олсхийж л байв. Тэгснээ, тэр “Хоёулаа гадаа сууя” гээд таягаа атгахад анхнаасаа л гадаах орчинд үзэмж нэмж, навчсаар гоёсон сандал дээр түүнтэй хөөрөлдөхийг хүсэж байсан би уухайн тас годхийн бослоо.
Намрын сэнгэнэсэн агаар цээж дүүргээд уураг тархи цэлмээн, уушги зүрх тэлэх аж. Энэ сацуу Л.Хасар ахын тамхины утаа агаартай уралдан тэмүүлж өөр нэгэн амт, үнэрийг түгээх ажгуу. Ганц улаан навч сэнсрэн сэнсэрсээр ширээн дээрх асаагуур, тамхины хайрцагны дэргэд зөөлхөн буухад энэ л агшинг хүлээж байсан мэт түүний хөгжилтэй хөөргөн байдал аажмаар хумигдаад дүнсийж орхилоо.
МИНИЙ ААВ БОЛ МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН НОЁН ОРГИЛ, БАС ЯРУУ НАЙРГИЙН БООЛ НЬ БАЙСАН
-Танайх энд зусаад хэдэн оныг үдэж байна вэ?
-Аав, ээж хоёр маань 2008 онд энэ байшингаа барьсан. Тэр цагаас хойш энд олон намрыг үдэж байна даа. Агаар, байгаль гэдэг цаанаа л өөр юм. Ялангуяа цар тахлын үед хүн төрөлхтөн хотод шаваарах биш байгальдаа, хөдөөдөө амьдрахын үнэ цэнийг илүү их ойлгож байх шиг.
-Таны аав бол Монголын утга зохиолын ноён оргил. Аавынхаа уран бүтээлийн ботийг хэзээ хэвлүүлэх гэж байна вэ?
-Аавынхаа “Морин зэрэглээ” номыг нь хэвлүүлсэн. Аавын маань гар бичмэл нь хэдэн ном товхимол болох хэмжээний байна. Тиймээс залуу яруу найрагчдад бүтээхүй гэдэг ямар үнэ цэнтэй байх ёстой вэ гэдэг талаас нь судалгааны бүтээл болгох, ноорог, уран бүтээлийн арга ажиллагааг нь харуулсан ботиуд гаргах зорилготой байна. Тийм учраас аавын минь насаараа зүтгэсэн нь хэрэг болоосой, яруу найрагчийн өөрийн бүтээдэг урлан гэж юу байдаг вэ, яруу найрагч гэдэг хувь хүмүүс ямар байдаг вэ гэдгийг илүү харуулахын тулд өөрийнх нь ноорог бүтээлүүдийг хамт багтаасан 10 боть ном гаргахаар зорьж явна. Судалгаа шинжилгээнээс гадна шүлэг яруу найраг, өгүүллэг, тууж, захидал гээд олон төрөлтэй. Нэг боть нь аавд бичсэн хүмүүсийн захидлуудаас бүрдэнэ. Тухайн үед харилцааны гол хэрэгсэл байсан захидал гэдэг ямар амьд халуун байдаг юм бэ. Ямар олон хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл багтдаг юм бэ гэх мэтчилэн олон сонин содон зүйлс байх болно.
Хавар гэхэд хэвлэгдчих байх аа. Гар бичмэлүүдийг нь түлхүү оруулаад, уран бүтээлч хүний судалгааны ажлуудаар баяжуулж бүтээлч хүн гэдэг бүрэн ухагдахууныг харуулахыг хичээж байна. Энэхүү боть залуу уран бүтээлч нарт өгөөжтэй байгаасай. Миний аав насаараа Монголын уран зохиолд хоёргүй сэтгэлээр зүтгэж, оюунаа ширээж, ухаанаа шингээж ирсэн хүн. 60 жил зүтгэж үлдээсэн өв нь дахиад олон жил үйлчлэх байх аа. Миний эцэг бол яалт ч үгүй Монголын утга зохиолын ноён оргил, бас яруу найргийн боол нь байсан.
-Судалгаа шүүмжийн төрөл утга зохиолд хэр дутагдаж байна гэж боддог вэ?
-Уран зохиолын судалгаа шинжилгээ гэдэг манай салбарт маш их үгүйлэгдэж байгаа. Уран зохиолын хүчтэй байх гол үндэс нь судалгаа, шүүмж байх. Үзэгч, уншигч гэж ярьж байгаа боловч эцэст нь цаг хугацаа л бүгдийг шүүнэ. Хэний бүтээл үлдэх вэ гэдгийг бид өөрсдөө ч мэдэхгүй. Үнэ цэн нь хэзээ гарахыг таашгүй. Уран зохиолыг хоол иддэг халбага, сэрээ шиг хэрэглэж болохгүй. Хэрвээ уран зохиолыг хоол иддэг хэрэгсэл шиг үзэж байгаа бол номын худалдаа эрхэлсэн нь дээр. Уран зохиол хоол биш. Хоол олж иддэг хэрэгсэл бүр биш. Тиймээс судалгаа шүүмж байх ёстой.
-Та хувийн уран бүтээлдээ хэр сууж байна вэ. Хамгийн сүүлд ямар бүтээл гаргалаа даа?
-Би яруу найргийн ном гаргалгүй уджээ. Намайг буй болгосон ачаас нь өчүүхэн төдий эмтлэхийн тулд аавынхаа бүтээлүүдийг боть болгож гаргах минь л хамгийн том үйл хэрэг болоод байна. Дараа нь сэтгэл илүү тайван сууж өөрийнхөө бүтээлийг хийх санаатай. Би цуурай шиг аливааг дуурайгаад байвал жил бүр л нэг ном гаргаад байж болох байх. Гэхдээ би тэгж амьдармааргүй байна. Ухаан сэтгэлээсээ юүлж бүтээдэг болохоор хүмүүс ямар их үнэ цэнтэй гэдгийг ойлгоосой гэж боддог. Нэг юм бичих гэж тэр хүн хэдэн жил шаналсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хүмүүс яруу найраг, утга зохиолыг бөө шиг л гэнэт онгод орж ирдэг гэж бодох юм. Миний бодлоор яруу найрагчид нэг мөр, нэг үг тавих гэж маш олон хоног шаналж, зовж явдаг. Нэг талын гоё зовлон. Яруу найраг гэдгийг гэнэтийн юм гэхээсээ илүү, бодсон, тэрнийхээ төлөө шаналж зовж бүтээсэн үнэ цэнтэй зүйл байгаасай гэж би их боддог юм. Гэнэтийн юм, хөнгөн бодсон юм битгий байгаасай гэж хүсдэг дээ. Тэрнээс биш ханасан бодол хүнд өөрөө гэнэт сэрэх тохиолдлууд байдаг л даа. Тэрийг бас үгүйсгэж болохгүй.
-Та ээжтэйгээ их адилхан шүү. Ямар сайндаа л таны аав ээжээс тань өмөөрөөд “Өөртэйгөө хамгийн адилхан хүүхдээ битгий загнаад бай” гэсэн гэдэг юм билээ. Ер нь таныг аав нь хэр зэмлэдэг байсан бэ. Танд аавын тань хэлсэн үгээс хамгийн их бодогддог үг юу байдаг вэ?
-Би бага байхдаа бичиг үсэг сураад л аавд хов бичсэн захиа байдаг юм. “Өнөөдөр би их гомдсон” гээд ээжийг ховлосон захиа юм л даа. Тэр захиаг аав минь 1986 оноос хойш 34 жил хадгалсан байгаа юм. Намайг ганц алгадаагүй ч яруу найрагчийн үг гэдэг алгадсанаас гашуун шүү дээ. Аав минь хүнд хатуу үг хэлчихээд дараа нь араас нь их шаналдаг хүн байсан. Хойноос нь тамхи татаад л, санаашраад л суудаг байсан даа.
Аав маань “Нэг их ухаантай, авьяастай байгаад гайхуулж явах нь яах вэ, хамгийн гол нь хүн бай” гэж хэлдэг байсан. Хэлсэн үг бүхэн нь хадаатай явдаг даа. Аавтайгаа байсан хорвоод илүү эрхэлдэг байсан. Харин одоо би хэн нэгнийг хайрлаж, хэн нэгний төлөө амьдрах ёстой гэж боддог болсон. Ертөнцийн хамгийн үнэ цэнтэй зүйлийг хаанаас олох вэ гэвэл тэр оршиж байсан ухаант өвгөдийн үлдээсэн өвөөс нь хайх ёстой юм болов уу.
-Та аавыгаа хэзээ зүүдэлсэн бэ?
-Сэтгэл гундуу үед зүүдлэх юм сан гээд хүлээгээд байхаар хясаж байгаа юм шиг ирдэггүй юм. Аав минь зүүдэнд нэг их ирээд байдаггүй юм аа. Гэнэт, гэнэ сэрэггүй байж байтал зүүдэнд ирдэг. Аавыгаа зурагтаар харахаас илүү зүүдэндээ харах надад хэцүү санагддаг. Зүүдэнд ирэхээрээ нэг их айхтар юм хэлээд байдаггүй юм. Инээгээд л харж суудаг юм. Тэр өглөө нь сэтгэл өег сэрдэг дээ. Хүн ер нь явж явж хайр л хайж амьдардаг юм байна даа. Хэн хайрлаж байгааг нь дагаж байдаг, хайр горьдож байдаг амьтан юм байна. Миний аав хайр түгээдэг хүн байсан.
-Таны байр байдал, үйл хөдөлгөөн яг л аав харагдах. Та ер нь ааваасаа ямар зан чанарыг нь дуурайсан бэ?
-Ааваасаа авсан хамгийн сайн чанар болох аавын минь хамгийн их нуудаг байсан зөөлөн занг нь өвлөсөн дөө. Харахад сүржин хүн атлаа их зөөлөн, бууж өгөмтгий. Бидний найман хүүхэд өөр өөрийн араншинтай. Хүн бүхэнд аав, ээжээсээ авсан зан байдаг. Одоо харж ээ байхад аав минь өөрийгөө найм хуваагаад тараагаад өгчихсөн юм билээ.
-Ааваас тань үлдсэн хамгийн нандин дурсгалт зүйл юу байдаг вэ?
-Аавын минь нялх үнэрийг хадгалсан баривч, аавын минь хонгор сэвлэг даахь хоёр бол юу юунаас илүү нандин дурсгал юм даа. Бас гар бичмэл нь хамгийн үнэ цэнтэй өв болж үлдлээ. Монголын уран зохиолын тодорхой нэг үеийн түүхийг өгүүлж буй маш үнэ цэнтэй зүйлс болохоор аавынхаа гар нооргоор гэр музейтэй болох холын мөрөөдөл тээж яваа. Энэ их гар бичмэлийг хавтсанд дараад байх биш олон хүний хүртээл болоосой. Аав минь хэдий энэ ертөнцийг орхиод явсан ч Монголын уран зохиолд үлдээсэн энэ их өв нь үргэлж хэрэг болж байгаасай.
-Уншигчид танаас яруу найраг хүлээж байгаа болов уу, өгүүллэг, тууж, бүр роман хүлээж байгаа болов уу?
-Миний хэзээ ч урваж чадахгүй төрөл бол яруу найраг. Хэрэв би яруу найргаас урвах юм бол хамгийн хайртай юмаа алдсан мэтэд гунигтай явах байх.
-Яг одоо энэ намрын хамгийн гоё үзэсгэлэн дунд бид суун ярилцаж байна. Намрын намар өөр өөр өнгөтэй байдаг болов уу. Ялангуяа энэ жилийн намар танд ямархан өнгийг мэдрүүлж байна вэ?
-Юм бүхэн хагацаж байгаа юм шиг болохоор намар надад гунигтай улирал шиг санагддаг. Хагацаж байгаа юмыг харах надад хэцүү байдаг. Хагацал гэхээр сэтгэл даарч орчлонд жиндэж явах их хэцүү санагддаг.
-Жиндэн даарах бүрдээ юуг хамгийн ихээр үгүйлдэг вэ?
-Миний аав дэндүү дулаан нөмөртэй уул байсан. Тэр халуун хайранд нь өлгийдүүлж өссөн болохоор тэр халуун хайрыг их үгүйлдэг байх.
-Ийм сайхан намрын өдөр хайрын тухай яривал их зохирох болов уу. Бүсгүйчүүд найрагч эр хүний юунд нь татагдаж, дурладаг юм бол?
-Хүмүүс яруу найрагч хүний гал халуун сэтгэлд нь дурладаг байх. Хүмүүсийг бодоход яруу найрагчид их халуун хүмүүс шүү дээ. Эмэгтэй хүн энэ халуунд нь л дулаацахыг хүсдэг болов уу.
-Тэгвэл та эмэгтэй хүний ямар занд татагддаг вэ?
-Хүмүүс улам хүйтэн болж байна. Эмэгтэй хүнийг илүү хүчирхэг, тэнхээтэй, тэвчээртэй гэхээсээ илүү эрх нялхамсуу байгаасай гэж хүсдэг. Би эмэгтэй хүнийг эрхлүүлэхийг, эмэгтэй хүнд эрхлэхийг хүсдэг. Миний хамгийн эцсийн аврагдах газар бол эмэгтэй хүний хайр гэж боддог.
-Та хамгийн сүүлд хэзээ, ямар шүлэг бичсэн бэ. Уншиж өгвөл намар бид хоёр их баярлана даа?
-Хэдхэн хоногийн өмнө хайрын шүлэг бичсэн.
-Хайр гэдэг таны хувьд юу вэ?
-Хайрыг зовлон, жаргал, эсвэл санах, хагацах гээд аливаа зүйлээр дүгнэх хэцүү л дээ. Гэхдээ би хайрын өмнө дандаа буруутай байдаг. Би тэрэндээ л харамсаж явдаг. Хүмүүсийн хайрласан тэр их хайрын өмнө буруутайгаа мэдрэх хэцүү шүү дээ.
-Дурласан үедээ шүлэг их бичдэг гэж ярьдаг. Энэ танд хэр ойр сонсогдож байна вэ?
-Юунд дурлах вэ гэдгээсээ л шалтгаална. Дурласан үедээ шүлэг бичихээсээ илүү хүний амьдралд ховорхон тохиох үнэ цэнтэй зүйлийг яруу найрагч мэдрэхээрээ хөглөгддөг юм болов уу. Тэр үедээ л илүү сайхан шүлэг бичдэг байх.
-Монгол эрчүүдийн талаар таны бодол. Эрчүүд маань хэр ноён нуруутай байна вэ?
-Монголчууд эр хүн эр хүндээ хайртай гэж ярьдаг шүү дээ. Би эр хүнээ л өмөөрнө. Монгол эр хүн бол өөрийнхөө хэлсэн зорьсонд хүрэх гэж их зүтгэдэг. Үнэн голоосоо дурлаж хайрлаж чаддаг халуун зүрхтэй. Ямар ч улсын эрчүүдтэй харьцуулахад чин сэтгэлээсээ аливаад ханддаг, их уужуухан хүмүүс шүү дээ. Түүнээс биш цахим ертөнцөөр цуураад байгаа шиг монгол эрчүүд архичин, дарсчин бол биш ээ. Харин ч ихэнх нь хүн чанартай сайхан эр хүмүүс байдаг.
БИ ЯРУУ НАЙРГААСАА УРВАХ ЮМ БОЛ ХАМГИЙН ХАЙРТАЙ ЮМАА АЛДСАН МЭТ ГУНИГТАЙ ЯВАХ БАЙХ
БИ ӨӨРИЙН ЦУГЛУУЛСАН ЕРТӨНЦДӨӨ ИХ ХАРАМ ХҮН
-“Антимир” яруу найргийн наадам нь хэзээ болох бол гэж хүлээсэн хүмүүс их байгаа болов уу?
-“Антимир” наадмыг явуулдаг зорилго нь Монголын уран зохиолд шинэ өнгө төрх юу байна, тэр бүхнийг олон талаас нь харуулж хүмүүст хүргэх юм сан гэсэн хүсэл бий. Энэ наадам анх 2002 онд зохион байгуулагдаж байсан. Түүнээс хойш огт болоогүй учраас тэр түүчээг үргэлжлүүлж хийх гэсэн боловч ковидоос болж хүлээгдээд байна. Яг болохын даваан дээр хоёр удаа хойшлогдлоо. Цаашид хоёр жилдээ нэг удаа явуулдаг томоохон хэмжээний, үнэ цэнтэй наадам байгаасай гэж бодож байна. Заавал хэн нэгэн түрүүлэх нь сонин биш яруу найргийн салхи хаашаа эргэж, өнгө яаж тодорч байна гэдгийг л харах гэсэн юм. Монгол хүний сэтгэлгээний язгуур нь монгол хэл шүү дээ. Яруу найраг их чухал урлаг л даа. Яруу найраг бол уран зохиолын охь нь. Уран зохиол гэдэг маань өөрөө монгол хэлний өгүүлбэр зүйн дэс дараа, монгол хэл бичгийг хамгаалж байдаг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа энэ яруу найрагч, зохиолч хүмүүс бол монгол хүний сэтгэлгээг гартаа атгаж байгаа хүмүүс. Энэ наадмыг маш өргөн хүрээнд, өндөр ач холбогдол өгч байгаа. Болохгүй бол цахимаар хийе гэсэн бодолтой.
-“Болор цом” наадам гэснээс энэ наадмыг хүмүүс янз бүрээр л ярьдаг байх. Таны бодлыг сонсвол?
-“Болор цом” сайхан наадам. Хүмүүс шүүмжилж л байг. Уран зохиол хөгжих жамаараа л хөгжиж байна шүү дээ. Олон төрөл зүйл байх ёстой. Нэг нэгнээ тайзны шүлэгч энэ тэр гэж ад үзэх шаардлагагүй л болов уу. Энэ наадам хүмүүст илүү ойрхон, өгөөжтэй наадам шүү дээ. Улам илүү цэцэглэж, утга агуулгаа өргөжин тэлж байгаа байх аа. Бид ч гэсэн наадмыг шуугиулж явсан болохоор сайн сайхнаар л харж, ярьж явах дуртай.
-Таны үеийнхэн залуудаа бужигнуулж явсан биз... Одоо бодож ээ суухад хорвоогийн юуг нь илүү танив даа?
-Яг л ийм намар оройн өдрүүд шиг нас тогтоод ирэхээр би өөрийнхөө зүггүй дэггүй явсан залуу насандаа атаархдаг. Одоогийн залуусыг харахаар ингэж пивоны мухлаг сахиж суухаар явж дурлаач гэж хэлмээр санагддаг. Одоо ч миний дэгдэж гүйдэг нас өнгөрч дээ. Миний таньсан хорвоод хүсэл хясал, жаргал зовлон аль аль нь хосолж байдаг. Би энэ хорвоогоос цуглуулсан ертөнцийг хэнд ч нээхгүйгээр өөртөө хадгалж явах дуртай, их харамч хүн.
-Тэгвэл их дотогшоо хүн гэсэн үг үү. Хэтэрхий их шаналаад эсвэл хөөрөөд байвал яаж давдаг вэ?
-Би яруу найрагч хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, хүний өмнө томоотой, зөв хүн шиг харагдах гэж хүсдэггүй. Хорвоод хүн болж төрснийх хөөрөх үедээ хөөрч, догдлох үедээ догдолж амьдралын зовлон, жаргалыг амсаж л яваа эр хүн. Өөрийнхөө баярласан, гомдож гутарсан сэтгэлээ хүнээс нуухыг хүсдэггүй.
-Хүнд хамгийн их гомдож байсан үеэ дурсвал. Бас эсрэгээрээ энэ хүнийг гомдоочихлоо доо гэсэн зовнил байдаг уу?
-Би хүмүүст нэг их гомдоод байдаггүй. Харин энэ хүнийг гомдоочихлоо доо гэсэн хөндүүртэй үлддэг. Хэрвээ надад гомдсон хүмүүс байвал “Уучлаарай”. Гомдол тээж яваад яахав дээ. Миний гомдсон хүнээс илүү миний гомдоосон хүн олон байх гэдэгт би өөрөө их шаналж явдаг.
-Таныг залуу насандаа эргэж оч гэвэл аль үедээ очихыг хүсэж байна вэ, яагаад?
-Хүүгээ ой гарантай байх үед нь цээжиндээ тэврээд хэвтдэг байсан тэр үед эргэж очмоор байна. Хүү минь одоо том залуу болсон л доо. Хүүгийнхээ нялх нярай, сүү үнэртсэн энхэр танхи үеийн тэр мэдрэмж миний амьдралд хүн болох хамгийн том алхмыг өдөөсөн хамгийн нандин мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг дахиж мэдрэхийг хүсдэг.
Л.Хасар ах “Хоёулаа жаахан байзнаж байгаад яриагаа үргэлжлүүлье” гэлээ.
Дотогш орж зочны өрөөтэй танилцав. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн гартаа янжуур барьсан чамин зураг хараа булаав. Харц нь цоо ширтэх мэт. Эртний ур хийцтэй хүрэн модон авдар, хээнцэр тансаг ваар, хананд өлгөсөн торгон кимоно, боронзон хээтэй жааз бүхий толь тэр чигтээ уран зураг шиг сэтгэл үелзүүлнэ. Аль нэг зуунд ирчихсэн хаадын өргөөнөө хатдын исэр дээр сууж байгаа юм шиг ихэмсэг атлаа сүрдэм байдлыг мэдрүүлэх эл байшин нэг л дулаан энергитэй.
Л.Хасар ах гал түлэв. Зууханд мод зэрэглүүлж гал ноцоолоо. Гадаа жиндсэнийх үү, ахиухан түлээ оруулжээ. Мөдхөн хуурай мод шад падхийн асаж гэрээр дүүрэн халуун илч түглээ.С.Баасан эгч “Та хоёр яасан удаан ярьдаг юм” гээд нүд ирмэв. Хүү нь ээжийгээ үнсэх, ээж нь хүүгээ үнэрлэх. Тэр хоёр ёстой нялуун юм гээч. Өөрөө ч их толиотой, 80 хүрч байгаа гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн.
Хиргүй тунгалаг сэтгэлээр орчлонд хайрлаж, хайрлагдаж явсан болохоор ийм сайхан залуухнаараа байдаг юм шиг ээ. Баасан эгч их залуулаг сэтгэлгээтэй, хөгжилтэй хөөртэй хүн юм. Ханийнхаа тухай сайхан дурсамж яриад л нүүр дүүрэн инээхэд нь эрх танхил зан нь яг л янзаараа гэрэлтэнэ. Тэгснээ “Эвий минь” гээд л ханиа эрхгүй өмөлзөн дуудна. Л.Хасар ах бид хоёр халуун цай оочилж суунгаа гал тогооны өрөөнд нь яриагаа үргэлжүүллээ. Түүний цаана цонхон тушаа бөгтийх хус модны алтлаг нахиас өнгө булааж яруу найрагч, намар хоёр ямар сайхан зохицдогийг ийнхүү бишрэв. Тэрбээр өмнөхөөсөө ч илүү намдуухан, бараг шивэгнэх шахам ярих бөлгөө. Түүний яриаг сонсох гэж хичээх мэт мөнөөх нарс улам нааш тонгойж, нимгэн навчис нь бидэн хоёрыг улам тод харах гэсэн мэт цонх арчих ажгуу.
-Таны ижий их сайхан ануухан байна шүү.Та хоёр ч бие биедээ их эрх юм аа. Ижий тань их сэтгэлийн хаттай хүн шиг...?
-Миний аав хүүхдүүддээ их онгог хайртай хүн байсан. Өөрөө хүний ганц хүү болоод ч тэр үү. Аргагүйн эрхэнд ижийг минь хүүхдүүдээ харж байгаарай гэж үлдээсэн юм шиг л бөртийтөл үлдээж дээ. Хүний 56 жил ханилсан ханийн орон зай гэдэг бол их хэцүү шүү. Ижий минь сэтгэлийн хаттай, тэвчээртэй. Эмэгтэй хүн болохоороо л энэ бүхнийг давж туулдаг байх. Ижийгийн минь уйлах инээх нь хүртэл аавын минь тухай дурсамжуудтай л холбоотой байдаг. Тэр бүхнийг харахаар би ижийгээ их өрөвддөг юм.
Яруу найрагчийн гэргий байна гэдэг амаргүй. Сайн яруу найрагчийн гэргий болж, голомтыг нь түшиж, өөрийнхөө биеийг найм хуваачихаад ааваас минь хойш бөртийгээд үлдлээ дээ, миний муу ээж. Чи энэ хорвоод юунд хайртай вэ гэж асуувал би ээждээ л хайртай гэж хариулна. Би бүх зүйлээ ижийдээ зориулна. Ижий минь хэдий 80 настай ч цэл залуугаараа Монголын яруу найрагт мөнхөрсөн хүн. Эмэгтэй хүний тухай олон олон дууны эзэн хүн гэж ээжээрээ бахархаж явдаг даа.
-Та ч тамхийг баагиулж өгөх юм аа...?
-Юм бодоод л байхаар бодолдоо тарчлаад тамхи л татдаг. Энэ чинь л миний хамгийн дотно нөхөр шүү дээ.
-Ковид гарснаас хойш хүн төрөлхтний амьдралд амьд харилцаа илүү үнэ цэнтэй болсон мэт. Танд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
-Хүн хүнээсээ айгаад байдаг болчихож. Гэтэл хүн хүнээ хайрлах ёстой шүү дээ. Тэр нь л энэ цар тахлын хамгийн муухай нь юм даа. Яг үнэндээ би эерэг сайхан талыг нь харахгүй байна. Надад бол аймаар санагдаж байна. Бидний өмнөх хуучин амьдрал ямар амьд халуун байсан юм бэ.
Хүмүүс энэ их өвчин зовлон, үхэл хагацал дундаас амьдралын үнэ цэнийг олж хараасай. Бид юуны төлөө амьдардаг юм бэ гэж өөрийгөө дотогшоо чимээлээсэй. Үхэл гэдэг хэзээ ч ирж болно. Өдөрт 10, 20-иороо үхэж байна шүү дээ. Хүмүүс үхэлд дасаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй.
-Номын баяр талбай дээр өргөн дэлгэр боллоо. Монголын уран зохиолын ханагар уул болсон сайхан буурлууд маань улам цөөрөөд байна уу даа гэсэн гуниг төрлөө. Хамгийн сүүлд та хэн дээр очиж үнсүүлэв дээ?
-Өчигдөр П.Бадарч ах дээр очлоо. Ээжтэй минь ярьж хөөрч суулаа. Тэднийхээ халуун дулаан үгэнд нь хүлээстэй суух шиг сайхан зүйл үгүй. Аавыгаа эзгүй болохоор улам л их өвгөчүүлээ бараадаад байх болж.
-Монгол соёл уламжлал аажим аажмаар алдарч, мартагдахад хүрлээ гэж их ярьдаг. Үнэхээр бид ёс уламжлалаа сахихгүй, дээдлэхгүй яваа юм биш биз?
-Монгол ёс уламжлалыг монгол хүний цусанд байдаг зүйл гэж ойлгодог. Хэрвээ монгол хүн монгол цустай л бол монгол ёс уламжлалаа мартана гэж байхгүй. Өвөг дээдсээ хүндлэх ёс, аав ээжээ асрах ёс, ахан дүүсээ дээдлэх ёсоо монгол хүн л бол залгина гэдэгт би итгэдэггүй хүн.
-Монгол бичиг гэдэг бол монголчуудын оюун санааны хамгийн том өв шүү дээ. Босоо монгол бичгээ төрийн бичиг болгоно гэж зорьж яваа. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
-Хэл бичиг солигдох үйл явц бол асар хүнд процесс байдаг байх л даа. Гэхдээ би Монгол хүн болж төрсний хувьд босоо монгол бичгээ хэзээ ч орхихгүй. Монгол бичиг гэдэг бичгийн хэл нь тусдаа, ярианы хэл нь тусдаа монгол хэлийг хамгийн ихээр хадгалж чаддаг бичиг. Кирилл бичиг бол хүн бүхний хүссэнээр гүтгэж бичиж болдог дур зоргоороо өөрчилж болдог бичиг болоод байна. Энэ нь монгол хэлийг илүү хорлоод байгаа юм шиг санагддаг. Төрийн бичиг болгох бодлогыг би маш их дэмжиж байна. Монгол бичгийг хэрэглээндээ нэвтрүүлж, зэрэгцэн орших шаардлага зайлшгүй тулгарч байна.
-Утга уран зохиолын зам мөр татуулж явахад түүсэн гэгээ болох энэ их ном нэг бүр өөрийн гэсэн түүх, дурсамжтай байдаг байх даа...?
-Ном гэдэг гайхамшигтай ертөнц шүү дээ. Ертөнцийн бүхий л сонин содон зүйлс, гайхамшигууд номд оршдог болохоор хүн төрөлхтөн ном уншиж юутай ч зүйрлэшгүй аз жаргалыг мэдэрдэг байх. Аавын минь цуглуулсан энэ том ертөнц бол хамгийн аз жаргалтай ертөнц. Ном бүхэн өөр, өөр дурсамж хадгалж байдаг. Тиймээс ном бүхэн нь үнэ цэнтэй. Хүмүүсийн гарын үсэгтэй, сэтгэлийн үгтэй байдаг болохоор бүр л нандин санагдаг
Хүмүүс номыг ханын чимэглэл шиг үзэмж маягаар ханддаг болж. Гэхдээ номд дурлаж шимтдэг залуус их болж байгаад сэтгэл өег явдаг даа. Номын баяр үндэсний хэмжээний өргөн дэлгэр болж байна. Монголчууд энэ өдрүүдэд номын далайд умбаж оюуны цэнгэл эдэлж, бүтэн жил унших номын үүцээ бэлдэхээр тэсэн ядан хүлээдэг болсон байна.
-Монгол Улс Соёлын яамтай болж олон ажил төлөвлөж, хэрэгжүүлж эхэллээ. Соёлын яамтай болсноор утга уран зохиол хөгжих үү, оюун санааны мэдлэгт ямар ахиц дэвшил гарах вэ?
-Би Соёлын яам байгуулагдсанд маш их баяртай байгаа. Соёлын яамны бодлого шийдвэр гэдэг олон талт далайцтай хүрээнд яригдана л даа. Монголын Соёл урлаг, түүн дотроос соёл урлагийн салбарын түүчээ нь яруу найраг, уран зураг, хөгжим байх ёстой гэж боддог. Энэ салбартаа түлхүү сэтгэл гаргаж, оюун санааг гэгээрүүлсэн олон ном товхимол гаргах төслүүд гаргах, соён гэгээрүүлэх ажлууд хийх сурагтай байгаа. Үүнд битүүхэндээ маш их олзуурхаж байна. Соёл урлагийн салбар нь үндсэн тулгуур болох уран зохиол, уран зураг, хөгжмийн салбарыг дэмжиж байж бат нот сууриа тавьж цааш хөгжинө шүү дээ. Эдгээр салбарт илүү хандах болов уу гэж горьдож байгаа.
-Хоёулаа яриагаа аавын тань тухай гэгээн дурсамжаар өндөрлөе...?
-Аавынхаа гар бичмэлийг ухаад, 10 ботийг нь бэлтгээд сууж байгаа энэ үедээ хүн юм чаддаг байх ямар сайхан юм бэ гэж эрхгүй бодогдож байна. Аав минь үнэхээр шүлгийг бичиж чаддаг, мэдэрч чаддаг, ойлгож чаддаг хүн байжээ гэдгийг л яс махандаа шингэтэл ухаарч байна. Монголын утга зохиолд аав шиг минь хүн олон байдаг бол Монголын яруу найраг илүү бадрангуй, илүү хүчтэй байх байсан болов уу. Гэхдээ энэ бол яг аавтай минь адилхан олон Лхагвасүрэн гэсэн үг биш шүү дээ. Өөр, өөрийн өнгөтэй байхыг хэлж байгаа юм. Аавын минь түшиж явсан ганц юм бол эр хүн шиг эр хүн байж өөрийнхөө зоргоор явсан амьдрал нь түүнийг түшиж явсан байх гэж боддог.
Сэтгэгдэл ( 17 )
Uhaanii ohi bolson saihan zaluu bj dee. Arai l ert yavchihlaa daa.
маш сайхан ярилцлага байна. Сэтгүүлчид талархал илэрхийлье
... Үхэл гэдэг хэзээ ч ирж болно... Хүмүүс үхэлд дасаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Ингэж ярьж суухдаа өөрийгөө ийм амархан явна гэж төсөөлөөгүй л суусан даа, хөөрхий. Үнэхээр харамсалтай. УМ МА НИ БАД МЭ ХУМ. \n
Ярилцлага авч үлдээсэнд баярлалаа. Ум Ма ни бад Мэ хум1000000000000000000
Хайран залуу. Хөөрхий ээж нь яана даа...Ум ма ни бад ми хум.
Сайхан залуу насаа арай л хожуу хайрлажээ Эцгийнхээ хайранд яаран очжээ Ийм сайхан залуу насыг өвчин эмгэг л эзэмдсэн байх Энэ муу тамхийг тэвчиж болоогүй юмуу даа Дотоод сэтгэл нь нэг л гомдолтой байж Аргагүй дээ Хайраа алдаж хайраа хайж Хөх тэнгэртээ омоглон нисээрэй
Ээжээсээ түрүүлдэг нь яаж байгаа юм вэ? Ачлалгүй хүү вэ,Ум мааний бадми хум
Энэ сайхан хүүг явсан гэдэгт итгэж ядаж байна.Аргагүй эрхэнд аавынхаа ....зарах боллоо гэхийг уншчихаад муу ээж нь өвдөөгүй байгаа даа гэж бодож байсан.Ухаантай хүү,айл гэрийн түшиг,аавын ээжийн хайрын гэрэл,ах дүүсийнхээ өмөг түшиг нь хайртай үрийнхээ гэрэлт хөшөө нь байсан байхдаа.УМ МА НИ БАД МЭ ХЦМ
Ум ма ни бад мэ хум
Хөөрхий дөө. Тийм сайхан аавын ийм ухаалаг хүү яасан эрт явчихав даа. Ээжид нь гэр бүлд нь, үр хүүхдэд нь, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Ээж нь энэ бүхнийг даван туулах, дасан зохицоход хэцүү байгаа даа. Сайн төрөлдөө саадгүй төрөх болтугай. 3м ма нибад мэ хум
Сайхан нийтлэл байна.\nУран яруу хажууд нь бгаа мэт дүрслэгдсэн дүрлийтэл нулимс цийлэгнүүлэн уншиж дуусгалаа.\nБаярлалаа,
Хөөрхий бие нь муу болоол мөнгө хэрэгтэй бсан юм болуу даа аавынхаа үнэтэй эдлэл зарах нь гээл шуугаад бсан хүү нь юугаа зарах нь хэнд хамаатай юм аминд тулуул зарах л болно доо
Huurhii muu eejid ni l hetsuu bga bhdaa huurhii, ee burhan min,
Baasan egch yana daa zailuul aav deeree ochloo doo evii muny
Сайн сайханы оргилууд минь эргэж төрөөрэй ум мани бадмихум
Ах дүү нарыг нь буюу Лхагвасүрэн гуайн бусад хүүхдүүдийг асуучиж болоогүй юм байхдаа, хоёр ах ыг нь лав таньдаг байж билэж
Ивий дэ хөөрхий. Гүн эмгэнэл илэрхийлье.