Эверест: Мөсөн голууд хайлж, уулчдын цогцсыг ил гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Дэлхийн дулаарлаас үүдэн Эверест уулын мөсөн голууд хайлж, мөсөн дунд “мөнхөрсөн” уулчдын цогцос ил гарч ирэх болжээ. 

1922 онд хийсэн Эверестийн өндрийг хэмжих анхны оролдлогоос хойш бараг 300 орчим уулчин дэлхийн дээвэр болсон оргилд үүрд үлджээ. Хаврын авиралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Эверестийн Хятадын талд оршсон цогцсуудыг буулгах ажил эхэлж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн уулчдын цогцсыг буулгасан байдаг. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдэн цас, мөс хурдан хайлсны улмаас олон жилийн өмнө амиа алдсан уулчдын цогцос ил гарч, тэднийг даруй буулгах шаардлага тулгарч байна гэж Балбын уулын холбооны ерөнхийлөгч асан ярьж байна.

Балбын аяллын операторуудын холбоо Эверест болон Лхоце уулан дахь кэмпүүдээс их хэмжээний олс буулгажээ. Балбын хуулиар уулчдын цогцсыг буулгах ажлыг Засгийн газрын агентлагуудын оролцоотой хийж гүйцэтгэх ёстой гэнэ. Хэрэв Эверест уулын Төвдийн талаас энэ ажлыг амжилттай гүйцэтгэвэл Балбын талаас мөн анхаарал хандуулах боломжтой аж.

Уулчдын ярьж буйгаар сүүлийн жилүүдэд Эверестийн хамгийн аюултайд тооцогддог Хумбу мөсөн хүрхрээ болон Өмнөд Кол орчимд уулчдын цогцос олон байгаа аж. Нэг цогцсыг буулгахад 80 мянган ам.доллар шаардагддаг аж. 2015 онд хийсэн судалгаагаар Хумбу мөсөн голын талбай нэмэгдэж буй нь тогтоогджээ. 2016 онд Эверест уулын ойролцоох Имжа голын усны түвшин аюултай хэмжээнд хүрсэн тул Балбын цэргүүд усыг соруулж байсан юм. Өнгөрсөн жил Их Британийн судлаачид Хумбу мөсөн голын мөсний температур тооцоолсныг бодвол дулаан буюу -3.3 градусыг зааж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top