Г.Ариунсувд: Амжилтын гол тулгуур нь БИДНИЙ ХАЙР

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Sunray салон Монголын гоо сайхны үйлчилгээний салбарт аль хэдийнэ танигдсан топ байгууллагуудын нэг. Гүйцэтгэх захирал Ганболдын Ариунсувд хэмээх залуухан бүсгүй Дархан-Уул аймгийн уугуул, зураач мэргэжилтэй нэгэн бөгөөд өөрийн сонирхол, хобби дээрээ түшиглэн гоо сайхны үйл ажиллагаа эрхэлсээр өнөөгийн өндөрлөгт хүрч чадсан байна. Түүний амжилтад гэр бүлийнхэн, хамтран ажиллагсад нь ихээхэн нөлөөлсөн аж. Ариунсувдын хань Х.Ганхөлөг тус салоны Ерөнхий захирал бөгөөд төсөл, санхүүдээ чиглэсэн тооцоо хяналтын ажлаа хариуцдаг бол Дэд захирал Хишигбадам хамт олны төлөвшил, зөв хандлагыг төлөвшүүлэх тал дээр ихэд анхаардаг юм байна. “Амьдралд ямарваа нэгэн асуудал, бэрхшээл тулгарах бүрт миний хань дэргэд байж, үргэлж урам дэмжлэг хайрласаар ирсэн. Аливаа амжилтын цаана сайхан хань, сайн хамт олон байдаг болохоор л би өдий зэрэгтэй явна шүү дээ. Намайг бүр “нялхаараа” энэ айлын бэр болж ирэхэд хамгийн эхэнд тосч авсан хүн бол Хишигбадам эгч минь. Миний ханийн ээж Сэднэндоржийн Хандхүү энэ бизнесийг эхлүүлэхэд хажууд бат зогсон, Sunray салоныг үүсгэн байгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Би “хадам” гэхээсээ илүүтэй ээж, эгч гэж ярьдаг. Тэдний минь хайр чин сэтгэлийнх байсан учраас л намайг түшиж тулан өдий зэрэгт хүргэсэн гэж боддог.  Өөрөөр хэлбэл, амжилтын гол тулгуур нь БИДНИЙ ХАЙР.  “Хайр”  гэдэг үг хэлэхэд амархан хэдий ч үйлдлээс, сэтгэлээс бий болдог зүйл. БИДНИЙ АМЖИЛТЫН НУУЦ БОЛ ХАЙР..” хэмээн бахдан өгүүлэх Г.Ариунсувд бүсгүйтэй хэдэн хором саатан, үйл ажиллагааных нь талаар хөөрөлдсөнөө толилуулья.  

-Sunray салоны “нэрийн хуудас” болсон брэнд үйлчилгээний талаар ярилцлагаа эхэлье. Ер нь танайх ямар төрлийн үйлчилгээг голлон үзүүлж, үүнээс аль үйлчилгээ нь брэнд гэж нэрлэгдэх хэмжээнд хүрээд байна вэ?

-Манай салон үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Гоо сайхны салонууд ихэвчлэн аль нэг чиглэлээ илүү давамгайлдаг бол манайд энэ чиглэлийн бүх төрлийн үйлчилгээ байгаа.  Sunray салоны хамгийн олон хүнд хүрч танигдсан брэнд бол хөмсөг, контурын шивээс үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ Sunray-г анх Монгол Улсад нэрээ гаргахад нөлөөлсөн төдийгүй одоо дэлхийн зах зээл дээр гарахад бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, энэхүү брэнд үйлчилгээ маань Монгол технологи учраас MADE IN MONGOLIA гэж нэрлэгдэх бүрэн боломжтой.

-Энэ технологийн гол онцлог нь юу вэ?

-Манай шивээсний технологи цус гаргахгүй хийгддэгээрээ онцлогтой. Дижитал аппаратаар хийхэд маш хурдтай хөдлөн арьсанд нэвтэрч байдаг учраас арьсыг гэмтээхгүй, цус гаргахгүй хийгддэг. Мөн шивээс хийх үйл явц маш богино хугацаанд үргэлжилдэгээрээ давуу талтай. Хөмсөгний шивээс гэхэд тавхан минут, контур 40 секундэд хийгдээд дуусдаг.

-Үнэхээр содон сонсогдож байна. Танай салон үйлчилгээндээ хаанахын бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэдэг вэ?

-Яг тэр улсынх гээд тухайлан нэрлэхэд бэрхшээлтэй. Учир нь нэлээд хэдэн улсын хэд хэдэн брэндтэй 6-7 жил хамтран ажиллаж байна. Хонконг, Солонгосын зах зээлд нэвтрээд, Ari Derma брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, мөн “Таван өдөр” бүтээгдэхүүнийг оруулж ирээд байгаа. Карбокситерапи ч хийж байна. Ер нь, хаанахын бүтээгдэхүүнийг ямар улсын технологитой хавсарвал Монгол хүний арьсанд илүү  тохирох вэ гэдгийг судалсны үндсэн дээр бид технологийн заавраа гаргадаг. Жишээлбэл,  Германы мэсийн бус аргаар арьсыг залуужуулах, өөхөн давхаргуудыг өргөх технологийг Хонконгийн эко технологитой хавсран туршиж байна.

-Тэдгээр технологиудыг Монгол хөрсөн дээрээ буулгаж, өөрсдийн гэсэн технологи гаргаж ирж байна гэсэн үг үү?

-Яг зөв. Монгол хүний арьс, анатоми физиологи бол ази ч биш, европ ч биш гэж болохоор. Арьсныхаа онцлогийг харвал, Япон, Солонгос гэх мэт далайн эргийн чийглэг уур амьсгалтай улс орнуудын хүмүүсийн арьсыг бодвол бидний арьс сэвхтээд, хуурайшаад байдаг. Энэ нь манай орны жилийн дөрвөн улиралтай холбоотой. Тиймээс бид заавал судалгаа хийж байж Монгол хүнд тохирсон үйлчилгээг гаргах ёстой. Энэ бол бидний үүрэг.

-Нэг шинэ үйлчилгээ гаргахад хэр хугацаа зарцуулдаг бол гэдгийг сонирхож асуумаар санагдлаа?

-Багадаа гурван сар туршсаны дараа хэрэглэгчдэд хүргэдэг. Хүний нүүр гэдэг энэ жижигхэн хэсэг чинь хувцас өмсөж болдоггүй, нэрийн хуудас шүү дээ. Тиймээс бид энэ нэрийн хуудсандаа багагүй цаг зав зарцуулах шаардлагтай. Нүүрэнд нэг сорви тогтчихвол хүн өөртөө ямар итгэлгүй болдог билээ. Энэ утгаараа бидний ажил маш их хариуцлага шаарддаг. Сүүлийн үед байгууллага маань өргөжиж, тэр хэрээр шийдвэрлэх асуудлууд олширч буй. Дээр нь дэлхий дахинд маш олон шинэ технологи ар араасаа гарч ирсээр байна. Тэр хэрээр судлах зүйл ч улам ихэссэн.

-Танайх туршилт судалгаан дээр үндэслэж, үйлчилгээгээ хэрэглээнд нэвтрүүлдэг нь их таалагдаж байна. Гоо сайхны салон гэхээсээ илүүтэй эрдэм шинжилгээний байгууллага ч юм шиг...

-Дэлхийд, ялангуяа Солонгос улс бол гоо сайхны чиглэл нэлээд өргөн хүрээтэй хөгжиж байгаа орон. Тэр утгаараа, Солонгосын гоо сайхны салон ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байна, тэр улсын хэрэглэгчид яг юуг мэдэрч ойлгохыг хүсдэг талаарх судалгааны ажил байнга хийгддэг юм билээ. Тэр бүхнээс бид байнга суралцаж явах ёстой гэж би боддог. Тийм ч учраас ямарваа нэгэн үйлчилгээ явуулахдаа технологийн зааврыг нь судалгааны үндсэн дээр гаргаж, бүх гоо сайханчдаа өөрсдөө сургадаг. Үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол нэг ёсондоо урлаг учраас өөрийн гэсэн онцлогтой. Ер нь хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн ойр, үйлчлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажилладаг мэргэжил шүү дээ. Ялангуяа гоо сайхны мэргэжил бол асар өндөр ур чадвар шаарддаг маш чухал мэргэжил шүү дээ. Бидний хувьд, энэ салбартаа дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний үйлчилгээг хийж чадаж байгаагаараа бахархдаг.  

Sunray салоны хамгийн олон хүнд хүрч танигдсан брэнд бол хөмсөг, контурын шивээс үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ Sunray-г анх Монгол Улсад нэрээ гаргахад нөлөөлсөн төдийгүй одоо дэлхийн зах зээл дээр гарахад бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, энэхүү брэнд үйлчилгээ маань Монгол технологи учраас MADE IN MONGOLIA гэж нэрлэгдэх бүрэн боломжтой.

 “ХҮНИЙ ХӨМСӨГИЙГ ХЭРХЭН УРГУУЛАХ ВЭ” ГЭДЭГ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

-Sunray салон Улаанбаатарт хэдийнээс үйл ажиллагаагаа эхэлж, хэрхэн хөгжин дэгжиж ирсэн бэ?

-Зайсангийн UB town дахь 83-р байранд 2013 оны 9-р сард  Sunray салоныхаа суурийг анх тавьж байлаа. Тухайн үед бид БНХАУ-ын компанитай хамтран ажиллаж байсан учраас Бээжин, Шанхай дахь гоо сайхны салонууд юуг илүү их хэрэгжүүлж байна вэ гэдгийг судалж ажигладаг байсан. Үүнээс хойш манай Sunray салон тавхан жилийн дотор Монголын гоо сайхны үйлчилгээний салбарт маш хурдацтайгаар гарч ирж чадлаа. 2014, 2015, 2017 оны Best of Mongolia-д “Оны шилдэг гоо сайхны салон”-аар шалгарсан.  ТВ5 телевизийн “Reach the beauty”  нэвтрүүлгээр бид 2014 онд “Гоо үзэсгэлэнгээ тодотгоё” гэсэн уриатай, өөрийн гэсэн зохиолтойгоор ТВ маркетинг хийж байлаа. Харин 2016 оноос хойш сошиал маркетинг буюу Фэйсбүүк маркетинг руу түлхүү анхаарч эхэлсэн.

-Улаанбаатарт “Sunray” салоноо ажиллуулж эхлэхэд өрсөлдөгч хэр олон байв?  Хүндрэл бэрхшээл их тулгарч байсан уу?

-Надад ерөөсөө хүндрэл бэрхшээл тулгараагүй. Яагаад гэвэл,  өрсөлдөөн гэдгийг би бусдаас өөрөөр хардаг. Аль ч салбарын байгууллагууд хоорондоо байнга өрсөлддөг. Зөвхөн үсчин, гоо сайхан гэхгүйгээр бүхий л салбарт  өрсөлдөгч, өрсөлдөөнөөс үүссэн хүндрэл бэрхшээл тулгардаг. Бие биенээ үгүйсгэх, нэгнээ давж гарах гэсэн хандлага түгээмэл шүү дээ. Харин миний хувьд, би байгууллагуудтай огт өрсөлддөггүй. Би зөвхөн урагшаа л хардаг. Хэн нэгэнтэй өрсөлдөж, заавал илүү гарна гэж зүтгэдэггүй. Миний хувьд тийм өрсөлдөөн байхгүй учраас ямар ч стрессгүй ажилладаг. Харин улс орнуудтай бол өрсөлдөнө шүү. Анх би Хятад улстай өрсөлддөг байсан бол одоо БНСУ-тай өрсөлдөж байна. Сая Европоор явж ирээд, тэндхийнхэнтэй бас л өрсөлдөж эхлэхээр шийдлээ.  Хаана хөгжил байна, тэр бүхнийг үзэж, тэдэнтэй өрсөлдөж, хэмжээнд нь хүрэхийг зорьдог. Үүнээс гадна би өөртөө түмэн янзын шалгуур, сорилт тавьж, өөрөө өөртэйгөө өрсөлдөх дуртай.  Ажил жигдрээд, “унтаа” болох гээд ирэнгүүт өөртөө шинээр ажил гаргаад ирдэг.  Жишээ нь, “Sunray” салон нэг давхарт үйл ажиллагаа явуулаад, тогтворжоод ирэнгүүт, гуравдугаар давхартаа VIP салбар нээх жишээтэй. Тэгээд зогсохгүй,  бүжгийн клуб, сургалтын төв нээн, өргөжүүлж байна. Зогсолтгүй шинийг эрэлхийлж байгаа минь өөртөө тавьж байгаа шалгуур, сорилт гэсэн үг. Тэр бүхэнд гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг. Хэрэв намайг дэмжихгүй,  “Одоо болж л байна шүү дээ. Шинэ үйлчилгээ нэвтрүүлж яах гэсэн юм бэ. Зогс л доо” гэж хэлээд хөдөлдөггүй, эсвэл “Наадах чинь бүтэхгүй ээ” гээд үгүйсгэдэг бол манайх өдий хүртэл өргөжиж чадахгүй байсан. Хань минь хэзээ ч миний хүсэл мөрөөдлийг хязгаарладаггүй, байнга дэмждэгийн ачаар л өдий зэрэгтэй явна. Бидний ариун нандин хайр, эв нэгдэл, гэр бүлийнхний анхаарал халамжийн үр дүнд л ажил урагшилж, зорилгууд маань биелсээр байгаа.

-“Sunray” салоны сошиал маркетинг сүүлийн үед эрчимжиж байгаа. Сошиал реалити шоу зохион байгуулсан нь нэлээд олон хүнд хүрсэн. Бас саяхан бүжгийн клубээ нээсэн гээд ажлын олз омог арвин байна. Цаашид ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлэх вэ. Төлөвлөсөн зүйл бий юү?

-Гоо сайхан гэдгийг хүмүүс тансаг хэрэглээ гэж ойлгодог. Тийм биш юм. Энэ бол өдөр тутмын хэрэглээ, хүн болгоны авах ёстой үйлчилгээ гэдгийг бид олон нийтэд ойлгуулахыг хүсдэг. Тиймээс Монголын хамгийн анхны сошиал реалити шоу зохион байгууллаа. Нийт 76 эмэгтэй шалгаруулалтад оруулаад, тэндээсээ зургааг нь сонгож, 14 хоногийн дотор ямар ч мэс засалгүйгээр гоо сайхан болгож, өөрчилсөн. Энэ видео контент одоо ч цацагдаж байна. Нэлээд их хандалттай байгаа. Хүний зөвхөн нүүр гоё байгаад зогсохгүй, уян хатан, гоолиг биетэй байх ёстой гэдэг үүднээс “Sunray and Byambaa” бүжгийн клубээ нээсэн. Зөвхөн гадаад үзэмжид анхаарах бус, хүмүүс дотроосоо гэрэлтэж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн байгаасай гэсэн үүднээс тун удахгүй сэтгэл заслын үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна. Нийгэм бухимдалтай байна, хүмүүс их стресстэж, түүнээсээ болж янз бүрийн өвчин тусах боллоо. Гоо сайханд сэтгэл зүй маш чухал үүрэгтэй. Тиймээс л сэтгэл заслын үйлчилгээ нэвтрүүлэх гэж өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд судаллаа, бэлтгэл ажлаа ч хангалаа. Удахгүй нэвтрүүлнэ. Ингэснээрээ “Sunray” салоны үйл ажиллагаа төрөлжиж, сэтгэл засал, гоо засал, хумс засал гээд бүгдийг нэг дор төвлөрүүлэн, хүмүүсийг дотроос нь, гаднаас нь ч гэрэлтүүлж, гоо үзэсгэлэнтэй болгох нөхцөл бүрдэнэ. Бас нэг сайхан мэдээ дуулгахад,  манайх саяхан яамнаас академийн эрх авч, “Sunray” академи болсон. Хүний хүсэл мөрөөдөл ийм хязгааргүй. Цаашид өөр юу ч хийхийг таашгүй. Мэдээж илүү олон гоё зүйлийг хүргэнэ гэдэгт итгэж болно. Сэтгэлээсээ ажиллаж чадах юм бол бидний ажил гайхамшигтай үнэ цэнтэй, үйлчлүүлэгч 10, 20, 30, түүнээс ч олон жил бидэнтэй хамт явахад бэлэн байх болно. Энэ бол бидний ажлын амжилтын хамгийн гол үзүүлэлт шүү дээ. Гол нь мөнгө олох биш, хүмүүсийн итгэлийг олж, түүнийг нь дааж ажиллах нь чухал.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд бидэнтэй хамтран, ажилгүй байгаа хүмүүсийг сургаж, мэргэжилтэй болгох боломжтой. 

-“Sunray” академи болсны гол давуу тал нь юу вэ?

-Сургалт явуулах эрхтэй болсон. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шиг. Бид зүгээр ч нэг сургалт явуулахгүй, гадаад харилцаандаа түлхүү анхаарч, БНХАУ, Хонконгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг академитай хамтраад, тэндхийн багш нарыг урьж ажиллуулан, суралцагчдаа хосолсон дипломтой төгсгөх юм. Сургалтаа ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд, одоогоор хамтран ажиллах гадаадын академиудтай гэрээ байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд бидэнтэй хамтран, ажилгүй байгаа хүмүүсийг сургаж, мэргэжилтэй болгох боломжтой. 

-Харин үйлчилгээний соёлын хувьд юунд голлон анхаардаг вэ?

-Гоо сайханчдыг сургаж авахдаа үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ хэрхэн хандах вэ гэдгийг зааж зөвлөн эзэмшүүлэхийг зорьж байна. Мөн  дунд сургуулийн хүүхдүүдийн арьс арчилгааны үйлчилгээг 2014 онд гаргаж ирсэн. Одоо энэ үйлчилгээ маань маш амжилттай хэрэгжиж, цар хүрээ нь ч өргөжин тэлсээр байгаа. Бид халдвар хамгааллын сахилга батыг дээд зэргээр сахидаг. Тухайлбал, батганы эмчилгээний үед тухайн хүнд зориулсан нэг удаагийн хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд пролон, бинт, гоо сайханчийн бээлий, зүү, маск гээд бүгд нэг удаагийнх. Мөн батгашилын үед дотроос нь эмчлэх зорилгоор “Сибирийн эрүүл мэнд” компанитай хамтарч ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна.

-Тэгэхээр ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг дотроосоо дагнан хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй байдаг гэсэн үг үү?

-Тийм. 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд учраас хүний биед хор нөлөө багатай, цусанд маш хурдан нөлөөлнө, хүүхдүүдэд ямар ч гаж нөлөө байхгүй гэдэг үүднээс “Сибирийн эрүүл мэнд” компанитай хамтран ажиллаж байна. Өмнө нь зөвхөн арьстай л тэмцээд байсан бол одоо дотор эрхтэн, мөн сэтгэл зүйн байдал маш чухал үүрэгтэй гэдгийг судалгааны ажлууд маань харуулаад байгаа.

-Судалгаа гэснээс, үйлчилгээндээ ямар шинэлэг технологи нэвтрүүлэхээр судалж байгаа вэ?

-Яг одоо “Хүний хөмсөгийг хэрхэн ургуулах вэ” гэдэг чиглэлээр судалгаа хийж байна. Үсийг нь яаж ургуулах вэ гэдгийг судалсны үндсэн дээр  үр дүнтэй үйлчилгээ үзүүлж байгаа гэж болно. Шивээс хийгдсэн арьсыг битүүрүүлж 24 цагийн дотор хурдан эдгэрүүлэх тал дээр Кристалл индүүдлэг ашиглан, Ari Derma брэндийн үүдэл эсийг түрхэх зориулалтаар өгч нөхөн сэргээх үйлчилгээ хийж байна. Манай гол зорилт бол хөмсөгний үсийг ургуулж, зовхийг залуужуулах явдал. Шивээс хийхэд цоорсон арьсан дээр үс ургуулах технологи илүү хурдацтай үр дүн гарах магадлалтай. Мөн манайд хэрэглэгдэж байгаа шивээсний будаг нь эрүүл мэндийн шаардлага хангасан, хүний арьсанд гаж нөлөө өгөхгүй,  химийн гаралгүй, байгалийн гаралтай бодис болохоор үс ургалтад илүү сайн нөлөөлж байна.

-Тэгвэл нийгмийн хариуцлагын тал дээр ямар ажлууд зохион байгуулж ирэв?

-Судалгаа хийхэд цаг хугацаа их орно. Мөн хүн бүрийн бие физиологи, анатоми, сэтгэл зүй өөр учраас нийгмийн чиг хандлагыг өөрчлөх тал руу чиглэсэн ажлуудыг их хийдэг. Сэтгэл зүйн талаа илүү их цэвэрлэж байж л бид гоё  сайхан амьдарна. Бид Зүүнхараад  Бриллиантс клубээс зохион байгуулсан үйл ажиллагаанд уригдан очиж, “Мөнхийн гоо үзэсгэлэн” сэдвээр 500 эмэгтэйд лекц уншсан. Мөн “Малын эрүүл мэнд”, ”Ногоон алт”  төслийн урилгаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очиж “Байгаль ээжийн бэлэг” сэдвээр малчин ээжүүдэд лекц уншсан гээд олон ажлыг дурдаж болно.  

-Ер нь хөдөө орон нутгаар нэлээд явж ажилладаг уу?

-Миний мэргэжлийн анхны гараа Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Дараа нь Дархан-Уул, Зүүнхараа, Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэт, Дорнод гээд орон нутгаар их явсны ачаар арвин туршлага хуримтлуулсан нь судалгааны ажлын маань хамгийн том давуу тал болж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2011 онд “Гоо Марал” хэмээх гоо сайхны салон ажиллуулж байгаад дараа нь  Эрдэнэтэд “Нар” гэдэг нэртэй салон нээж байсан. Үүнтэйгээ уялдуулаад Sunray /нарны цацраг/ хэмээн энэ салоноо нэрлэсэн юм.

-Эртний монгол эмэгтэйчүүд гоо сайхандаа юу хэрэглэдэг байв гэдгийг та сонирхож үзэв үү?

-Энэ талаар судалгаа хийж байхад үхрийн халуун ялгадсанд гараа дүрвэл гарын сэвх толбо бүдгэрч, гарын эвэр арилдаг гэж ярьцгаадаг байж. Мөн ээзгийгээ гурил шиг буталж тарагтай холиод нүүрэндээ түрхэхэд маш сайн гуужуулалт болдог.  Бас цагаан идээний нэрмэл архиар нүүрээ угаадаг байсан тухай яригддаг юм билээ. Энэ мэтчилэн байгаа нөөц бололцоогоо ашиглаж чадвал хөдөөний бүсгүйчүүд маань хотын хүүхнүүдээс дутахааргүй гоо сайхан байх боломжтой санагдсан.

-Sunray салоны 5 жилийн ойн арга хэмжээ сошиал талбар дээр олны анхаарлыг татаж байсан. Амжилт ололтоо нэгтгээд харахад танд ямар санагдаж байв?

-Бид өнгөрсөн оны 7-р сарын 1-нд 5 жилийн ойгоо Зайсан Хилл-д тэмдэглэн өнгөрүүлсэн.  Цав цагаан даашинзтай 500 эмэгтэй өсвөр насны үр хүүхдүүдтэйгээ ирж оролцсон. Ойн ёслолын ажиллагааг зохион байгуулахдаа эхийн сүүний өнгийг бэлгэдэн цав цагаан орчин бүрдүүлж их гоё тэмдэглэсэн. Тэдгээр 500 эмэгтэйн 300 нь манай байнгын үйлчлүүлэгчид байсан юм гэдгийг бахархалтайгаар хэлье.

-Гайхалтай. Гоо сайхны үйлчилгээний чиглэлээр амжилт гаргахад зөвлөж тусалсан багш тань хэн байв?

-Анхнаасаа л хоббигоороо ажиллаж эхэлсэн болохоор миний багш бол нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл маань байлаа. Энэ мэргэжлээрээ 15 жил тасралтгүй ажиллан, онолын шалгалт болоод ур чадварын шалгалтад тэнцэж байж Монгол Улсын мастер хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Хийж бүтээсэн зүйлтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажилтай, иргэнийхээ үүргийг биелүүлэн нийгмийн даатгал, татвараа төлсөн байх зэрэг олон зарчим, шаардлагуудыг хангасан хүнд энэ цолыг олгодог учраас би хийж бүтээсэн бүхнээрээ, хамт олноороо маш их бахархдаг.

-Өөртэй тань ярилцаад маш их эрч хүч авлаа. Дуусашгүй мэт ийм их эрч хүчтэй болоход нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл юу вэ? 

-Хүний амьдрал маш богинохон шүү дээ. Амьдралын утга учир нь хүмүүсийн бие биедээ өгдөг эерэг хандлага буюу хайр, итгэл юм. Итгэл байхгүй бол амьдрал маш утгагүй. Итгэл, хайр, чин сэтгэл байвал амьдрал маш амархан бөгөөд амттай. Би энэ амьдралдаа их хайртай. Ажилдаа ч их хайртай, миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Хүн хүчтэй байхын тулд бусдаас “баярлалаа” гэдэг үг байнга сонсох ёстой. Чин сэтгэлээсээ хэлсэн “баярлалаа” гэдэг үг намайг маш их хүчирхэгжүүлдэг. Өдөр бүр өчнөөн олон хүн надад чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлдэг учраас бид ядрахаа мэдэхгүй ажиллаж чаддаг. Үг гэдэг чинь ийм хүчтэй. Тиймээс энэ ярилцлагын төгсгөлд хүн бүр чин сэтгэл зүрхнээсээ амьдраасай. Бас маш олон хүнээс “баярлалаа” гэдэг үг авч байгаасай гэж хэлмээр байна.

ЯРИЛЦСАН: Д.МЯГМАРСҮРЭН

"Зиндаа" сэтгүүл 2019 он. №13

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top