Монголчуудын тоглоом наадгайн бүтэц, тоглох арга, цаг хугацаа, ёс бэлгэдэл нь нэгэн цул болсон ардын билиг ухааны биеэ даасан ухаан мэдлэг, уламжлал болон өнөө бидний үед уламжилжээ.
Монгол тоглоомын гарал үүслийг мөшгөн үзэхүл монгол нутагт аж төрж асан эртний нүүдэлчдийн чулуун тоглоомоос түмэн оньсыг тайлах оюун ухааны төгс наадгайн их өв сантай ажээ. Монгол түмний тоглоом нь чулуун тоглоом, аман тоглоом, шагайн наадмууд, эвлүүлэх наадмууд, уран үгсийн наадам, гар хураагаар тоглох, гогцоо тайлах, оньслох болон хөлөгт тоглоомын арвин баян хөмрөгтэй юм. Судлаачид монголын уламжлалт тоглоомыг 15 бүлгийн 800 гаруй төрөлд багтаж буйг дурджээ. Зөвхөн хөлөгт тоглоом л гэхэд 130 гаруй төрлийн тоглоом бүртгэгдсэн байна.
Монголын Үндэсний музей нь монголчуудын уламжлалт Цагаан сараар үндэсний тоглоом наадгайгаа сэргээх, таниулах зорилгоор “Монгол наадгай” үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй толилуулна. Энэ удаа тус үзэсгэлэнд толилуулах тоглоом наадгайн цуглуулгаас онцлон цөөн хэдэн тоглоомыг танилцуулья.
АЛАГ МЭЛХИЙ
Монголчууд шагайг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт, мөнгөн шагай гэх мэтээр оньсого таавар, үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм. Монголын нууц товчоонд “.... Анх урьд анд бололцоход Тэмүжин 11 настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч Онон голын мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ” хэмээдэг. Энэ нь мөсөн шагайн үүсэл хөгжилтэй холбоотой төдийгүй ерөөс монголчуудын шагай наадгай аль эрт үеэс XIII зууны үед уламжлагдан ирсний баримт юм. Өрөх, тоглох журам нь энгийн өрөг тоглохтой адилхан боловч нийт 108 шагайгаар тоглодог.
Алаг мэлхий наадгайн хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог буюу ширээн дээр өрж хонуулаад, шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ.
Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн, бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Хамгийн түрүүнд шагайгаа өрж дуусгасан нь хождог.
ҮЙЧҮҮР ТОГЛООМ
Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоомын нэг нь үйчүүр юм. Үйчүүрийг шоо хаяж тоглох бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Хөзрийн эртний хэлбэр хэмээдэг энэхүү тоглоомыг нутаг нутагт өөрөөр хийсэн нь ажиглагддаг. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг. Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлдэг. Мөн тэмээний яс, модон дээр дээрх амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг. Үйчүүрээр зун тоглохгүй.
Энэ наадгайг хэдэн ч хүн тоглож болох ба олуулаа бол тоглогчид тэгш тоотой 2 баг болон талцан тоглох ба бүх модоо дундаа өрж, отгон эсвэл ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан аяган дотор 4-6 шоог ээлжлэн орхино. Шооны нүдний өнгө нь улаан, хар байдаг. Одоо хэрэглэдэг шоотой ижил боловч улаан, хар нүдний өнгө зөрүүтэй. Буусан улаан, хар нүдний нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу торгуулах, шооны нийлбэрт нь таацах амьтан байхгүй бол өнжих зэрэг тохиолдол гардаг. Хөвсгөл нутагт шооны нүдний нийлбэр үнэг, нохой буувал торгуультай. Өмнө цуглуулсан амьтдаасаа буцаан тавьдаг. Амьтад тус бүр үнэлгээтэй учир бүх амьтад дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог. Арслан хамгийн том мод. Арслан авсан хүн хожигдвол "хамуурлаа" гээд гурван жил авдартаа хадгалдаг уламжлалтай.
Эдүгээ энэ тоглоомыг сэргээн тоглож хүүхэд залуус маань суралцсаар байна. Энэхүү тоглоомыг тоглосноор багаар ажиллах, цээж тоог хурдан бодох, хурдан сэтгэж, шийдвэр гаргах дадлыг хөгжүүлдэг ач тустай юм.
ХОРОЛ ТОГЛООМ
Хорол бол “Жил” хэмээх эртний тоглоомын нэгэн хувьсал бөгөөд монголын олон угсаатны бүлгийн дунд “Хорол”, “Амарбаясгалан”, “Чандмань”, “Зэндмэнэ”, “Өлзий” гэх мэт янз бүрээр нэрлэж иржээ. Хорол нэг талаас 60 ширхэг модоор жарныг цогцлоох цаг хугацааны бэлгэдэл хэдий ч нөгөө талаас гэр, овоогоо барьж босгож буйгаараа орон зайн бэлгэдэлтэй тоглоом билээ. Хоролын моднууд нь дотроо гарын мод (бэл мод, дээд мод), газрын мод (сул мод) гэсэн хоёр зиндаатай бөгөөд гарын модны нэрлэлт дээр олон янз хувилбар ажиглагдах боловч газрын модны нэрлэлт дээр өөрчлөлт гараагүй байна. Онги нь монголчуудын адууны тамганы соёлд уламжилсан нарны бэлгэдэлт эртний дүрс бол хас нь орчлон ертөнцийн мөнхийн орчил хөдөлгөөнийг тэмдэглэдэг. Өдгөө “Хорол” тоглоомын гарын модонд хорол /онги/, чандмань /зэндмэнэ, норов/, хас /өлзий/, нэвс /гарьд, арслан/ гэсэн дөрвөн зүйлийн бэлгэдэлт моднууд хамаарч буй бол газрын модонд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн арван хоёр жилийн амьтдын дүрст моднууд орж байна.
“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг нарийн бөгөөд тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй. Өвөл гол хөлдөхөөс нааш хорол задлахыг ихэд хориглож, хавар цагаан сарын шинэдээр ахан дүүсээрээ дэлгэн тоглоод хураадаг. Энэ нь тоглоомыг хавтгайруулан тоглохыг хориглох төдий хэрэг бус луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор лус ичсэн цагт л тоглодог.
Тоглоомд 2-4 хүн, эсвэл 6 хүн оролцон тогловол толгой толгойгоо мэдэж тоглодог бол 4,6 хүн тогловол талцан тоглодог. Жаран ширхэг модоо тав таваар нь давхарлан 12 овоо босгож, тойрог болгон өрнө. Тоглож эхлэхийн өмнө хамгийн бага настай тоглогч нь 12 жилээ магтах ба жилийг магтахдаа тооллыг тэргүүлэгч хулгана жилээс эхлэн магтаж дуулна. Дараа нь тоглоомд оролцогчид нь нар зөв эргэх дарааллаар овоогоо хуваан авч тоглоно. Үүнийг овоо сөхөх гэнэ.
"Зиндаа" сэтгүүл. №13-аас онцлов
Сэтгэгдэл ( 3 )
Би их монголоороо бахархадаг шүү
Маш сэтгэл ханглуун
zl pisda mini