Cловакийн Ерөнхийлөгчийн сонгуульд хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй Зузана Чапутова ялж, тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч боллоо.
Зузана Чапутова өдгөө 45 настай. Түүнийг улс төрийн туршлага багатай гэж хүмүүс шүүмжилж байсан юм. Тэрбээр байгаль орчны чиглэлээр ажиллаж, 14 жилийн турш хууль бусаар хог хаягдал булах асуудалтай тэмцсэнээрээ алдартай.
Чапутова Ерөнхийлөгчийн сонгуульд “Авлигын эсрэг тэмцэнэ” гэсэн уриатайгаар өрсөлджээ. Түүний “Дэвшилтэт Словак” нам нь парламентад нэг ч суудалгүй аж. Чапутова “Өнгөрсөн онд улстөрчид болон гэмт бүлэглэлийн хоорондын холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч бусдын гарт амиа алдсан нь намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нөлөөлсөн” гэж ярьж байсан юм.
Словакийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч авлигатай тэмцэж, ард түмнээ нэгтгэн нягтруулахаа амалжээ. Мөн ижил хүйстний гэрлэлт болон хүүхэд үрчлэх зэрэг нь тус улсад хууль бус үйлдэлд тооцогддогийг өөрчлөх нь түүний зорилго аж.
Сэтгэгдэл ( 0 )