Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо (ОНБҮХ) өнөөдөр /2019.04.04/ тус хорооны дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор хуралдсан байна.

БСШУС-ын сайд, ОНБҮХ-ны орлогч дарга Ё.Баатарбилэг үндэсний хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпийн хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийсний дараа хорооны зүгээс Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа.

Энэ хүрээнд “Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болгосон байна.

Монгол Улс спортын 16 төрлөөр шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд ОНБҮХ-ноос 9-10 төрөлд нь медаль хүртэх боломжтой гэж үзэж байна. Өмнөх олимпуудад бэлтгэх хороо 6-8 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байдаг бол энэ удаад 15 сарын өмнөөс зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ. Тамирчдын бэлтгэл Булган аймгийн Хангал сум дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв”-д хийгдэх юм байна.

Үндэсний хорооны тооцоогоор Монгол Улс 2020 оны олимпийн наадамд амжилттай оролцоход 20 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2019 оны Улсын төсөвт 6.5 тэрбум нь суулгажээ. Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх, олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахад шаардагдах төсвийг 2020 оны төсөвт тусган батлуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top