Жин дарах кооператив эдийн засаг

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

НҮБ-ын нэгэн судалгаагаар Шинэ Зеланд, Франц, Недерланд, Финлянд, Люкембург, Герман, Ирланд, Итали, Дани, Польш гэсэн 10 улс ДНБ-д эзлэх кооператив эдийн засгийн хувиараа дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, Шинэ Зеландын ДНБ-ын 20 хувь, Францын ДНБ-ий 18 хувь, Недерландын ДНБ-ий 18 хувь, Финляндын ДНБ-ий 14 хувийг кооператив буюу хоршооллын эдийн засаг бүрдүүлж байна. Энэ судалгааг онцлохын учир юу вэ? Сүүлийн арван жилд манай улсын ДНБ арав дахин өссөн ч энэ өсөлт жирийн иргэдэд наалдсангүй. Нийгмийн тэгш бус байдал газар авч, баян ядуугийн ялгаа зааг улам холдлоо. Манай нийгмийн хамгийн эмзэг болоод байгаа баялгийн тэгш бус хуваарилалт, эдийн засаг дахь олон нийтийн оролцоог хангахад кооператив эдийн засгийн загвар чухал үүрэгтэй байж чадах юм.

ХОРШООЛЛЫН ЗАГВАР ДЭЛХИЙД

Манайд хоршооллыг хувиараа эрхлэх аж ахуйгаас арай том, компаниас жижиг аж ахуй эсвэл хадгаламж зээлийн хоршоогоор төсөөлдөг. Тэгвэл дэлхийд хоршооллууд үндэстэн дамнасан аварга корпорациудтай эн зэрэгцэх болжээ.

Хөдөө аж ахуйн салбар: Хоршоолсон загвар хамгийн түгээмэл зонхилж байгаа салбарын нэг бол хөдөө аж ахуй. Япон, Солонгос, Дани, Швед, Финлянд, Шинэ-Зеланд зэрэг дэлхийн олон оронд хор­шоолсон группүүд ХАА-н зах зээлийн үнэмлэхүй том хувийг эзлэж байна. Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний “топ-10” үйлдвэрлэгчийн дөрөв нь Шинэ Зеландын “Фонтера”, АНУ-ын “Дэйри фармерз оф Америка”, Недерландын “Фрайсланд Кампина”, Шведийн “Арла Фүүдс” гэсэн хоршоолсон группүүд байна. Эдгээрийг цөөн хэдэн гэр бүл биш нийтээрээ өмчилдөг. Тухайлбал; “Фонтера” группийг 13 мянган фермер өмчилж байна.

Банкны салбар: Дэлхийн “топ-50” банкны тав нь хоршоолсон банк байна. Франц, Недер­ланд, Финлянд, Австри, Киприйн банкны секторт кооператив модел давамгайлж байна. АНУ, Япон, Канад, Их Британи, Герман, Итали, Швейцари зэрэг олон оронд хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал; “Рабобанк” хоршоолсон банк бол Недерландын №1 банк. Тус банк Недерландын нийт хадгаламжийн 40 хувь, нийт зээлийн 26 хувийг бүрдүүлдэг. “Рабобанк”-ыг хоёр сая банкны үйлчлүүлэгч нь өмчилдөг.

Даатгалын салбар: Дэлхийн “топ-50” даатгалын компаний 14 нь хоршоолсон групп байна. АНУ, Япон, Франц, Герман зэрэг том гүрнүүдээс гадна Словак, Унгар, Румын зэрэг хуучин социалист орнуудын даатгалын салбарт хоршооллын загвар маш амжилттай хөгжиж байна. Тухайлбал, Японы даатгалын зах зээлийн 45.3 хувийг, Словакын даатгалын зах зээлийн 47 хувийг хамтын даатгал компаниуд бүрдүүлж байна.

Худалдааны салбар: Герман, Франц, Итали, Швейцари, Швед, Финлянд, Дани, Норвеги, Словак, Чех, Эстони, Сингапур, Шинэ Зеландын №1 худалдааны сүлжээ нь хоршоолсон группүүд байна. Мөн Испани, Их Британи, Израйл, Унгар, Украйн, Орос, Вьетнам зэрэг олон оронд чухал байр суурь эзэлдэг. Сингапурт хамгийн том худалдааны сүлжээ нь “ФэйрПрайс” хоршоолсон групп байдаг. Тус хоршоолсон групп Сингапурын хүнс өргөн хэрэглээний барааны 55 хувийг атгадаг ба 800 мянган худалдан авагчдынхаа өмчлөлд байдаг.

Барилга, орон сууцны салбар: Турк, Швед, Норвеги, Чех зэрэг улсууд иргэдээ орон сууцжуулахад хоршоолсон загварыг амжилттай ашиглаж байна. Эдгээр орнуудад барилгын хоршооллууд орон сууцны зах зээлийнхээ 15-25 хувийг хангаж байна.

Бусад салбар: Данид эрчим хүчний 23 хувь, халаалт дулааны 37 хувь хоршооллууд хангаж байна. АНУ-д эрчим хүчний хоршооллууд хүчтэй хөгжсөн. Америкийн эрчим хүчний хоршооллууд нийтдээ 37 сая гишүүдтэй өгөөд Америкийн эрчим хүчний 19 хувийг хангаж байна. Шведэд боловсролын салбарт хоршоолсон байгууллагууд чухал хувь нэмэр оруулдаг. Тэд цэцэрлэгийн 33 хувь, сургуулийн 12 хувийг эзлэж байна. Финляндад харилцаа холбооны салбарын 18 хувийг хоршоолсон групп бүрдүүлж байна. Бразилд эмч нарын байгуулсан ”Юнимед” хоршоолсон групп улсынхаа эрүүл мэндийн үйлчилгээний 10 хувийг дангаар үзүүлж байна.

ХОРШООЛЛЫН ЗАГВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Хоршоолол бол иргэд эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, шаард­лагаа хангах зорилгоор сайн дураар эвлэлдэн нэгдэж, ардчилсан хяналттайгаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Хоршоолол нь төрийн бус байгууллага ба бизнесийн байгууллагийн шинжийг зэрэг агуулсан байдаг. Нэг талаар холбоо шиг, нөгөө талаар компани шиг. Үүнийг хосолмол шинж гэнэ. Хоршоолол нь дараах долоон үндсэн зарчмыг агуулсан байх ёстой.

Сайн дурын, нээлттэй гишүүнчлэл: Хоршоод нь сайн дураар зохион бай­гуулагдана. Шашин, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн байр суурь, үзэл бодлоор ялгаварлахгүйгээр хоршооны гишүүний үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн бүх хүнд нээлттэй байна.

Гишүүдийн ардчилсан хяналт: Хор­шоод нь “нэг гишүүн-нэг санал” зарчимаар бодлого, шийдвэрүүдээ гаргадаг.

Компани бол “нэгж хувьцаа-нэг санал” зарчимаар шийдвэр гаргадаг. Нэг хүн компаний хувьцааны тавиас дээш хэвийг атгаж байвал 49 хувийг эзэмшдэг мянган хүнээс илүү шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Ийм учраас энэ зарчим бол хоршооллын амин сүнс болсон зарчим.

Гишүүдийн эдийн засгийн оролцоо: Гишүүд нь хоршоондоо хувь тэнцүү хөрөнгө оруулна, хоршооны өмч хөрөнгөд хяналт тавина. Мөн хоршооны бий болгосон ашиг, үр өгөөжийг гишүүд нь хувь тэнцүү хүртэнэ.

Хараат бус, бие даасан байдал: Хоршоод нь бусад байгууллагуудтай хамтарч ажиллах хэдий ч бие даасан байдлаа хадгалж, аль нэг байгууллагаас хараат бус ажиллах ёстой.

Боловсрол, сургалт, мэдээлэл: Хоршоод нь гишүүд, сонгогдсон төлөөлөгчид, менежерүүд, ажиллагсаддаа байнгын сургалт явуулж, мэдээлэл өгч, боловсрол олгоно. Ингэснээр тэд хоршоодоо хөгжүүлэхэд илүү үр дүнтэй хувь нэмрээ оруулж чадна. Мөн тэд хоршооллын мөн чанар, ашиг тусыг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

Хоршоодын хамтын ажиллагаа: Хор­шоод нь орон нутаг, бүс нутаг, улс, олон улс хоршооллын бүтцүүдтэй хамтарч ажил­ласанаар гишүүддээ илүү үр дүнтэй үйлчлэх болно.

Тухайн хот, сууриндаа тавих анхаарал: Хоршоод нь гишүүддээ үйлчилэхийн зэрэгцээ оршин буй орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажилладаг байх ёстой.

Дээр дурдсан зарчимуудыг өөртөө агуулдагаараа хоршооллын загвар нь хүмүүнлэг, нийгмийн хариуцлагатай, ардчилсан бизнесийн загвар юм. Тиймээс хоршооллыг бизнесийн “Ардчилсан загвар” гэж нэрлэдэг.

ХОРШООЛЛЫН ТӨРЛҮҮД

Хоршооллыг хэн эзэмшиж байна вэ гэдгээр нь гурван үндсэн бүлэгт хуваадаг. Эдгээр гурван бүлэг нь дотроо үйл ажиллагааны чиглэлээс хамаараад олон төрөлтэй байдаг.

Жижиг бизнес эрхлэгчдийн хоршоо­лол: Энэ төрөлд фермерүүд, жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, төрөлжсөн мэргэжлийн бүлгүүдийн (эмч нар, хуульчид, жолооч нар, төрөл бүрийн засварчид гэх мэт) байгуулсан хоршооллууд багтдаг. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулж, илүү их ашиг орлого олох гэсэн нийтлэг эрх ашгийн төлөө хоршоололд нэгдэж, хамтдаа энэ зорилгоо биелүүлдэг. Хоршооллын энэ хэлбэр ХАА-н салбарт зонхилдог ч өнөө үед худалдаа салбарт маш хүчтэй хөгжижээ. Тухайлбал; Францын худалдааны №1, №3, №5 сүлжээ нь “Leclerc”, “Intermarche”, “Systeme U” жижиг худалдаачдын байгуулсан хоршоолсон группүүд байна. Тэд Францын хүнс өргөн хэрэг­лээний зах зээлийн 45 хувийг эзлэж байна. Германд худалдааны №1, №2 сүлжээ нь “Эдека”, “Рэвэ” жижиг дэлгүүрийн эздийн байгуулсан хоршоолсон группүүд байна.

Хэрэглэгчдийн хоршоолол: Хэрэг­лэгчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэн бизнесийн үйл ажиллагаа явуулах болсон нь ашиг хөөсөн монополь компа­ниудын дур зоргыг хазаарлаж, тэднийг илүү хариуцлагатай байхад хүргэсэнээрээ маш том дэвшил болсон. Өдгөө хоршооллын энэ төрөл хүнс, өргөн хэрэглээний салбар, банк санхүүгийн салбар, даатгалын салбарт хүчтэй хөгж­сөн. Тухайлбал; Швейцарын №1, №2 худалдааны сүлжээ нь “Мигрос”, “Күүп Свийз” хэрэглэгчдийн байгуулсан хоршоолсон группүүд байна. Тэд зах зээ­лийн 56 хувийг хангадаг. Энэ хоёр аварга худалдааны сүлжээг 4.5 сая хэрэглэгчид нь өмчилдөг.

Ажилчдын хоршоолол: Өнөө үед ажилч­дын хоршоолол жижиг бригадаас эхлээд аварга корпораци хүртэл өргөн цар хүрээг хамарч байна. Хоршооллын энэ хэлбэр үл биелэх коммунист мөрөөдөл шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ капиталист нийгэмд энэ загвар хэдийгээр зонхилох хэмжээнд хүрээгүй ч олон газар үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, “Мондрагон” хоршоолсон групп Испаний хамгийн том 10 бизнесийн байгууллагийн нэг бөгөөд энэ аварга группийг 74 мянган ажилчид нь 100 хувь өмчилдөг.

Бид хоршооллыг малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэрэгсэл төдий “дорд” үзэж ирлээ. Одоо энэ өрөөсгөл ойлголтоосоо салцгаая. Бид хоршоолсон банк байгуулж, санхүүгийн зах зээлээ эрүүлжүүлж чадна. Бид хоршоолсон худалдааны сүлжээ байгуулж эм, хүнсний аюулгүй байдалд хяналж тавьж чадна. Мөн шатахуун, хүнс өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг барьж чадна. Хоршооллын нэг төрөл болох хамтын даатгалын компани байгуулж даатгалын зах зээлээ өөрсдийн төлөө үйлчилдэг болгож чадна. Малчид, тариаланчид нэгдэн хоршоолсон группийн байгуулсанаар мах, сүү, гурил, арьс шир, ноос ноолуурын эцсийн нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнээс ашиг хүртэж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Кооператив эдийн засгийг макро түвшинд томоор харж, улс орны хөгжлийн нэг чухал чиглэл гэж авч үзэх зүй ёсны шаардлага бий болжээ.

Эдийн засагч Г.Энхнаст

/2019-04-30/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭНТИЙ АЙМГААС(202.9.43.78) 2019 оны 05 сарын 12

МАШ ЧУХАЛ СЭДЭВ. МАНАЙ УЛСАД ХОРШОО ХЕГЖИЖ ИХ ЗЕВ ЯВЖ БАЙСАН ЮМ. БYР 1921 ОНООС УЛБААТАЙ!!! Г. ЭНХНАСТ ТАНД БАЯРЛАЛАА

2  |  0
Top