“Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй хүн” гэгддэг ОХУ-ын домогт бөх Александр Карелин энэ өдөр 54 нас хүрлээ. Одоо тэр төрөлх Новосибирск хотдоо “хөлийг нь тушсан ч унахгүй” босоо улс төрч. Спортын тавцан дээр ялагдашгүй байсан шигээ улс төрийн тулаанд ч унашгүй хашир депутат болж чадсан түүнийг Оросын ард түмэн Сан Саныч хэмээн хүндлэн дууддаг. Түүний хагас зуун жилийн амьдрал сонирхолтой үйл явдал, домог яриагаар дүүрэн.
Карелин ээлжит дэлхийн аваргын медалиа авсных нь дараа түүний өрөөнд нэгэн япон бөх орж иржээ. Яагаад ялагдашгүй байдгийнх нь нууцыг сурж авах санаатай ирсэн хэрэг. “Багаасаа таныг шүтэн биширч өссөн. Барилдааныг тань судлан, суралцаж байгаа ч тан шиг барилдаж чадахгүй байна” гэж ярьжээ. Орос бөхчүүд япон бөхийг даапаалан, “Сан Саныч шиг барилддаг болохын тулд өдөр бүр стакан архи уух хэрэгтэй” гээд архи хундаглан барьжээ. Япон бөх эхнийхийг тогтоочихлоо. Карелин шиг хүчтэй болмоор байсан тул дахиад хоёрыг явуулчихлаа. Тэр өдөр зочид ихтэй, Сан Санычийн алтан медалийг угаах гээд завгүй байсан тул япон залууг мартаж орхиж. Зочдын нэг нь угаалгын өрөөнд ороход япон эр жорлон тэврээд, бөөлжиж байхдаа нам тасарсан байсан гэдэг. Сан Санычийн энэ хичээл түүнд хэзээ ч мартагдахгүй хичээл болсон нь лавтай.
Новосибирск хотын захын дэггүйгээрээ алдартай нэгэн сургуульд Карелин яриа хийхээр очжээ. Сахилгагүй хүүхдүүд түүнээс хар тамхины талаар юу бодож явдгийг нь асууж. Карелин хар тамхины хорын талаар удаан лекц уншсангүй, товч бөгөөд тодорхой хариулсан. “Нохой хийх юмгүй болохоороо төмсгөө долоогоод хэвтдэг. Харин хүн хийх юмгүй болохоороо цавуу үнэртэж, хар тамхи татдаг” гэж л хэлсэн. Дараа нь тус сургуулийн захирал ирж, сурагчид нь тамхи татахаа больсон хэмээн талархаж байжээ.
Карелин амьдралдаа ганцхан удаа л ялагдсан. Сиднейн олимпод ялагдчихаад шагналын тавцанд гарч байхдаа тэр цаазын тавцанд гарч байгаа мэт л явж байлаа. Дараа нь мөнгөн медалиа халаасандаа хийсэн. Бүхнийг мартахын тулд бэлтгэлийн хувцастай цүнхээ тагтан дээрээ гаргаад хаячихсан гэдэг. “Сидней 2000” олимпийн тэрхүү гашуун барилдааныг Орос орон даяараа галзуурах шахан үзэж суусан юм. 2001 онд зодог тайлсныхаа дараа Карелин Нальчикт очоод онгоцноос буухдаа малгайгаа даран өмсөхөд нь нэгэн хижээл насны эр дууджээ. Тэр эр “Карелин чи битгий нуугдаад бай. Би чамаас болоод үхэх шахсан ч хэдийнэ уучилсан. Олимпиор чамайг аварга болно гээд үзээд сууж байхад харин чи ялагдсан. Миний зүрх зогсож, түргэн тусламжийн эмч нар хурдан ирсний ачаар амьд гарсан. Гэхдээ зүгээр, би чамайг уучилсан” гэж хэлж байв. Үнэхээр тэр ард түмний хайртай хүү байлаа. Сиднейн олимпийн медалиас гадна бас нэгэн мөнгөн медаль түүнд бий. Гэхдээ ялагдаад авсан медаль биш. Дээр үед тамирчин гэлтгүй бүх хүнээс БХТН-ийн норм биелүүлэхийг шаардаж, шалгалт авдаг байв. Том биетэй байсан болохоор Карелин олон удаа суниаж чадахгүй, гранатыг бол шидэж ч үзээгүй байв. Ингээд мөнгөн медальтай гэртээ ирэхэд нь 5 настай хүү нь “Аав аа танд хуурамч медаль өгчихсөн юм биш үү? Манай гэрт дандаа шар өнгөтэй медаль байдаг, энэ чинь цагаан юм байна” гэж хэлжээ.
Александр Карелиний амьдралын дүрэм
• Миний амьдралын үлгэр жишээ бол аав минь байлаа. Нэг удаа аав намайг дуудаад телевиз заагаад “Энэ хүнийг сайн харж ав. Красноярскийн алдарт бөх Иван Ярыгин. Ийм л хүн болоорой” гэж хэлж билээ.
• Аав минь “Оноогоор ялна гэдэг байж болшгүй зүйл. Ямар ч маргаангүй, цэвэр ялалт хэрэгтэй” гэж хэлсэн. Би энэ үгийг амьдралынхаа зарчим болгосон.
• Амьдрал хүн болгонд боломж өгдөг. Гол нь чи тэр боломжоо хүлээн авахад бэлэн байх чухал.
• “Тэмцээн гэдэг бол үзэгчдийн өмнө болж байгаа бэлтгэл” гэж Виктор Михайлович Кузнецов ярьдаг байв. Би жилд хэдэн арван тэмцээнд оролцож, ялсаар өрсөлдөгчдийнхөө толгойд “Карелинийг ялах боломжгүй” гэдэг бодлыг суулгасан.
• Амжилтын 5 хувь нь л авьяас, үлдсэн нь хөдөлмөр, хүч нулимс. Тиймээс аварга болохыг хүсч байвал хөдөлмөрлөхөөс бүү ай.
• Би мэдээж бүх мэхийг мэднэ. Гэхдээ үнэнийг хэлэхэд гуравхан мэх л хийж чадна. Яах вэ дээ, ялахад надад хангалттай л байна.
• Барселонагийн олимпийн дараа би зодог тайлахаар бодож байлаа. Дасгалжуулагч надад “Саша чи тэрийг хар даа. Хэн зогсож байна? Александр Васильевич Медведь. Энэ хүн гурван удаагийн олимпийн аварга. Харин чи юу билээ” гэж хэлсэн. Би тэр дороо бэлтгэлээ хийхээр танхимд орж билээ.
• Бүх дэлхийн аваргын тэмцээнүүдийг нийлүүлээд нэг олимпийн наадмын үнэд хүрэхгүй.
• Олон бөхчүүд барилдааны өмнө ирээд намайг цэвэр битгий ялаач гээд гуйдаг байлаа. Гэтэл Атлантад зүүн гар гэмтээд ганц гартай барилдаж байхад тэд гэмтэлтэй гарыг санаатайгаар хөндөж, зарим нь шүүгчийн нүдийг хариулж байгаад цохиж байлаа. Би олимпийн дараа гэмтлээ эмчлүүлж байхдаа буцаж ирээд бүгд намайг хараад өөрсдөө зугтаад өгөхөөр айдаг болтол нь хашраана даа гэж бодож байв.
• Өөртөө хамгийн тохирсон сонгомол барилдаанд орсноор миний спортын амьдрал амжилт арвин байх нь анхнаасаа тодорхой байсан.
• Депутат болсон анхны жил Төрийн Думд намайг хэл яриагаа зас, үсээ богино засуулж болохгүй, жинс битгий өмс, жийп машин унаж хэрэггүй гээд л сургадаг байлаа. Би тэсэхгүй “Ер нь бүх шаардлагад чинь нэг мөсөн тааруулаад уруулаа будаад ирэх үү” гэж хэлж байсан юм. Байгаагаасаа илүү харагдах гэж оролдох утгагүй хэрэг. Тэгээд ч би нутгаасаа сонгогдсон хүн. Тэнд бүх хүн намайг жоохон бацаан байхаас л мэднэ.
• Дүрэм өөрчлөгдөөд ялагдлаа гэж бөхчүүд ярьдаг. Ямар ч дүрэмтэй байсан ялдаг байх хэрэгтэй. Дайрах довтлох, давамгайлах. Шүүгчдээс “бэлэг” хүлээж, өрсөлдөгчөө өвдөх байх гэж найдах хэрэггүй.
• Дэлхийн бүх орон олимпийн наадамд оролцогчдыг бэлтгэдэг, харин оросууд олимпийн аваргуудыг бэлтгэдэг гэсэн үг бий. Үнэн шүү, манай бөхтэй нэгэн хэсэгт орсон хэн ч гэсэн сугалаа хатуу таарлаа гэж ярьдаг.
• Би хүүгээ сонгомол бөх барилд гэж шахаагүй. Интернэтээр хэсэж, буйдан дээр хэвтэж байхаар спортоор хичээлэл гэж л хэлсэн. Заавал тамирчин болох албагүй ч эр хүн хүчтэй байх ёстой.
Сэтгэгдэл ( 4 )
Орос цагаан баавгай
Id uedee bol RulonGardneriig tsusiini holino l do.
Оросын домогт аварга. Аугаа аугаа
uneheer domog