ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Өнөөдөр 2019.05.07. Монгол эх оронд маань нар 05 цаг 28 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Армен, Беларусь, ОХУ-д Радиогийн өдөр, Данид Залбирлын өдөр, Казахстанд Эх орноо хамгаалагчдын өдөр, Шотландад Хаврын баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр Италийн алдарт найруулагч Ружеро Деодато, Нобелийн шагналт Канадын химич Сидни Олтмен, Олимпын аварга, Өмнөд Солонгосын тамирчин Ким Нам Сун, Оросын цаначин, Олимпын аварга Александр Легков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1992 оны тавдугаар сарын 7-11-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ди Пэний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийв. Энэ нь 30 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Хятадад айлчилсан явдал байлаа.

2003 оны энэ өдөр “Хувьсгалт Монгол” танкийн хөшөөг 120 мянгатаас Зайсан толгой руу нүүлгэн шилжүүлжээ.

2013 оны энэ өдөр “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд хүлээлгэж өгөв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1663 оны энэ өдөр Лондоны төвд Хатан хааны театр нээгджээ. Уг театр есөн жилийн дараа шатсан ч хуучин сууринд нь дахин барьсан байдаг. Энэ театр өдгөө Английн хамгийн эртний театр юм.

1744 оны энэ өдөр хатан хаан Елизавета Петровнагийн зарлигаар ОХУ-д цаазын ялыг цуцлав.

1907 оны энэ өдөр Туркийн хөлбөмбөгийн клуб “Фенербахче” үүсгэн байгуулагджээ.

1947 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг байгуулагджээ.

2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин тангарагаа өргөв. Тэрбээр 2000 онд Төрийн тэргүүнээр анх удаагаа сонгогдож байсан бол өдгөө ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг дөрөв дэх удаагаа хашиж байна.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг болно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, дарханы үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top