ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Өнөөдөр 2019.05.09. Монгол эх оронд маань нар 05 цаг 25 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ, Киргиз, Тажикистан, Азербайжан, Казахстан, Беларусь, Молдав, Армени, Серби, Черногор, Туркмени, Гүрж, Израильд Ялалтын баярын өдөр. Мөн Узбекистанд Шударга байдлын өдөр тохиож байна. Энэ өдөр мөн Европын холбооны өдөр.

Өнөөдөр Британийн жүжигчин, улс төрийн зүтгэлтэн Гленда Жексон, Америкийн кино найруулагч Жэймс Брукс, Германы алдартай хөлбөмбөгийн дасгалжуулагч Юпп Хайнкес, Америкийн рок дуучин Билли Жоэл, Канадын мэргэжлийн хоккейч Стив Айзерман, Оросын жүжигчин, кино найруулагч Фёдор Бондарчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн удирдагчид Ар Монголтой нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд Монголын Засгийн газарт бичиг ирүүлж, олсон амжилтад баяр хүргэсэн байна.

1997 оны энэ өдөр Орон сууцыг үнэгүй хувьчилж эхлэв.

2015 оны энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагссан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1754 оны энэ өдөр Бенжамин Франклин Америкийн анхны шог зургийг хэвлүүлжээ.

1944 оны энэ өдөр Украины Дөрөвдүгээр фронтын дайчид Севастополийг чөлөөлөв.

1945 оны энэ өдөр Германы армийн сүүлчийн анги нэгтгэл Берлин-Карлхёрстод байх Зөвлөлтийн армийн байранд бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.

1964 оны энэ өдөр Америкийн хит парадыг жазз уран бүтээлч Луи Армстронг “Hello, Dolly” дуугаараа тэргүүлэв.

1994 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Жуковын одон, Жуковын медаль бий болжээ.

1998 оны энэ өдөр Бирмингт “Eurovision” дууны тэмцээнд Израилийн оролцогч Дана Интернешнл “Дива” дуугаараа ялагч болов. Тэрбээр өмнө нь эрэгтэй байсан билээ.

Өнөөдөр үс засуулбал эд, мал арвидна. Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр гэр, байшингийн суурь тавихад сайн бол хиншүү хярвас гаргахыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top