Тонгагийн “тосон залуу” Пита Тауфатофуа “Токио 2020”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Одоогоос гурван жилийн өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон Зуны олимпын наадмын нээлтийн ёслолын гол од нь олимп, дэлхийн аваргууд биш Тонгагаас ирсэн таэквондогийн тамирчин Пита Тауфатофуа байсан билээ. Төрийнхөө далбааг барин, цээж нүцгэн алхах тосон бор залуу арлын бяцхан орныхоо нэрийг дэлхийд мандуулаад зогсохгүй тэр дороо дэлхийн алдартан, олон нийтийн сүлжээний од болон хувирсан юм. Олимпын нээлтийн ёслолын дараах өглөө Google-д Питагийн талаар 250 сая хайлт илэрсэн гэхээр тэр үнэхээр бөмбөрцгийн хүн болсон нь мэдэгдэж байлаа. Монголд хүртэл Пита “Тонгагийн Тосонцэнгэл” нэр зүүгээд амжсан.

Бразилид Пита таэквондогийн төрөлд өрсөлдөж, эхний тойрогт л ялагдсан. Гэхдээ тэр олимпын наадамд түрүүлсэн таэквондогийн тамирчны нэрийг та санаж байна уу? Үгүй гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин Питагийн нэр бидний санаанд байсаар байна. Алдар хүндийн оргилд хэрхэн гардгийг тэр зааж өгсөн.

“Рио 2016” олимпын дараа Тауфатофуагийн талаар ямар ч мэдээ байсангүй, Тонга аралдаа байгаа байх гэсэн таамаг л гарч байлаа. Хүмүүс түүнийг дурсахаа больж, зураг хөрөг нь хэвлэлийн мэдээнээс алга болжээ. Гэвч 2018 оны Өвлийн олимпын наадмын өмнө Пита олны өмнө дахин гарч ирсэн юм. Тэр энэ удаад өвлийн олимпод цанын спортоор оролцоно гэж зарласан. Зарлаад зогссонгүй, олимпын эрх олгох чансааны оноог цуглуулж чадсан юм. Халуун арлын орны тамирчин гэхэд тун гайхалтай. Мэдээж ОУОХ-ны оролцогч улсуудын тоог нэмэх гэсэн бодлого нөлөөлсөн нь тодорхой ч Пита эр хүн гэдгээ харуулж чадлаа.

Ингээд Тонгагийн “тосон залуу” Өмнөд Солонгост “Пёнчан 2018” олимпын наадамд цаначин болоод очсон юм. Гүйлтийн цанын 15 км-ын уралдаан адал явдал ихтэй өнгөрсөн. Учир нь энэ зайд ОУОХ-ны “эрх хүүхдүүд” болох  Мексик, Пакистан, Энэтхэг, Бермуд, Колумб, Хойд Солонгосын “өвөрмөц” тамирчид цугласан юм. Питагийн хувьд тонга түмнийхээ итгэлийг алдсангүй. Олимпын аварга Дарио Колоньигаас 23 минут хоцорсон ч 116 тамирчнаас 114-т барианд ирж чадсан. Өвлийн олимпын хаалтын ёслол дээр хүйтэн байсан ч тэр сурсан зангаараа цээж нүцгэн жагсаж байсан билээ.

“Пёнчан 2018” наадмын дараа тэр дахиад хэсэг чимээгүй болсон. Гэвч саяхан Пита “Токио 2020” олимпын наадамд оролцох хүсэлтэй гэдгээ зарлажээ. Энэ удаад таэквондогоос гадна сэлүүрт завины төрөлд хүч сорих гэнэ.

“Сэлүүрт завь бол хүч чадал шаардагдсан спорт. Гэхдээ би олимпын наадамд нэг тамирчин хоёр төрлөөр оролцож болдог эсэхийг ч мэдэхгүй байна” гэж Пита үнэнээ хүлээсэн.

Мэдээж болно. Гэхдээ сүүлийн үед хоёр төрлөөр олимпод оролцсон тамирчин байхгүй байгаа. Олимп гэдэг тийм амар зүйл биш. Хамгийн сүүлд алс тэртээ 1952 онд Хельсинкид Грекийн Аристидис Рубанис жад шидэхээс гадна сагсан бөмбөг тоглосон сайхан амжилт үзүүлж байлаа.

“Хоёр төрлөөр олимпод орно гэдэг бараг боломжгүй зүйл. Гэхдээ энэ бол амьдралаас надад тавьсан дуудлага гэж үзэн, хүлээж авсан” гэж тэр хэлсэн.

Үнэхээр түүнд хэцүү байх болно. Учир нь тэр Риогийн олимпиос хойш таэквондогийн бэлтгэл хийгээгүй, харин завиар хичээллээд ердөө нэг сар болж байгаа гэнэ. “Эр хүний дотор эмээл хазаартай морь” гэж үнэн үг юм.

“Сэлүүрт завь Тонгагийн уламжлалд маш сайхан таарсан спорт гэж би бодож байна. Манай ард түмэн олон зуун жилийн турш далай тэнгисээр аялсан. Хэрэв би олимпод оролцвол өвөг дээдэс, уламжлал, зан заншилдаа хүндэтгэл үзүүлэх том боломж. Тэгвэл би дэлхийн олон нийтийн анхаарлыг цаг агаарын дулаарал, далайн бохирдол зэрэг асуудалд хандуулах болно” гэж тэр олимпод оролцох болсон учраа тайлбарлаж байна.

Одоохондоо бэлтгэл сургууль хэцүүхэн байгаа гэнэ. “Токио 2020” хүртэл цаг бага үлдсэн. Ирэх наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотод сэлүүрт завины ДАШТ болно. Олон улсын холбооны дүрмээр олимпын наадамд орохын тулд дэлхийн аваргад заавал оролцох ёстой. Энд эрх авч чадахгүй бол ирэх жилийн эхээр Далайн орнуудын бүсийн тэмцээнд оролцоно. Тэнд олимпын ганцхан эрх олгох тул Австрали, Шинэ Зеландын хүчтэй тамирчдыг ялах шаардлагатай болно. Ингээд чадахгүй бол ОУОХ-ноос Тонга мэтийн буурай орны тамирчдад өгдөг тусгай урилга хүлээхээс өөр аргагүй.

Тауфатофуа Тонга, Австрали гэсэн хоёр улсад таэквондогийн бэлтгэлээ базааж байна. Олимпын медальт Кэтрин Борхерт завины талд туслаж байгаа. Гэвч 1996 оны олимпын аварга Эрик Гидденс сэлүүрдэх зөв техникийг сурахад он удаан жил хэрэгтэй гэж хэлснээс үзэхэд ирэх жилийн олимпод сэлүүрт завины төрлөөр оролцох нь тун хэцүү.

Токиогийн олимпийн эрх авч чадахгүй байсан ч тэр Тонгадаа үндэсний баатар. Энэ долоо хоногт түүний намтар ном эх оронд нь хэвлэгдэн гарсан. Питатай ханхүү Харри уулзаж, олимпын ёслолд өмссөн хувцас нь Хэллоуин баярын салшгүй нэгэн чимэг болсон. Тийм болохоор сэлүүрт завь, “Токио 2020” олимп түүний хувьд жирийн нэг нэр алдрын хэрэгсэл үү, үнэхээр зорилго уу гэдэг ирэх жил Токиод тодорхой болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top