ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Өнөөдөр 2019.05.10. Монгол эх оронд маань нар 05 цаг 24 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Цэцгийн баярын өдөр, Германд Номын өдөр, Киргизид Банкны ажилтны өдөр, Мальдивт Хүүхдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Мег Фостер, Оросын нэрт жүжигчин Наталья Бондарчук, Америкийн кино найруулагч Жозеф Рубин, Ирландын рок хөгжимчин Боно Вокс, Голландын алдартай хөлбөмбөгч Дэннис Бергкамп, Францын уран гулгагч, дэлхийн аварга Габриэла Пападакис зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулжээ. Ийнхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдсан юм.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг батлав.

2013 оны энэ өдөр УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Зоригт, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар тангараг өргөснөөр сонгуулиас хойш 11 сарын дараа УИХ-ын бүрэлдэхүүн бүрджээ.

2014 оны энэ өдөр МИАТ компани “Боинг 737-800” шинэ агаарын хөлөг хүлээж авчээ. Зогсолтгүйгээр 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай тус онгоцыг Чингис хааны ач Гүюг хааны нэрээр нэрлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1503 оны энэ өдөр Испанийн далайчин Кристофор Колумб Кайманы арлуудыг нээжээ.

1811 оны энэ өдөр Англид цаасан мөнгө эргэлтэд оров.

1993 оны энэ өдөр Киргизид үндэсний валют сом нь эргэлтэд оржээ.

1994 оны энэ өдөр Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела тангараг өргөв.

2013 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны ихэр цамхагийн буурин дээр “One World” худалдааны төв ашиглалтад оржээ. Энэ нь Хойд болон Өмнөд Америк дахь хамгийн өндөр барилга болсон юм.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна. Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр хулгай дээрмийг номхотгох, мал худалдаж авахад сайн бол уул овоо тахихад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top