"Саусгоби коэл транс"-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.

Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг. Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсэд багтаалгүй үлдээсэн юм.

Ийнхүү улсын хамгаалалтаас гадуур үлдсэн уг хэсэг нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэгдэх “Саусгоби коэл транс” компанийн хоёр ч лицензтэй газар байсан бөгөөд тус компани нь Засгийн газрын 91-р тогтоол гарахаас долоо хоногийн өмнө Гурвантэс сумын 3, 4-р багийн нутаг Хөвд, Хуршуутын Баянбүрдийн дунд уурхайн тосгоноо байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Ийнхүү тус газарт уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлснээр Хөвд, Хуршуутын гол ширгэх, иргэдийн амьдрах орчин алдагдах, малын бэлчээргүй болох, зэрлэг ан амьтад харангадаж үхэх бодит аюул тулгарч байгаа учраас өнгөрсөн арваад жилийн турш нутгийн иргэд тэмцэж, “Саусгоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж ирсэн ч шүүхийн танхимд ялагдал хүлээсээр өнөөдрийг хүрсэн юм.

Тиймээс Тост, тосон бумбын нурууг хамгаалах, “Саусгоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-ийг санаачлагчид болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр нарын Өмнөговь аймгийн уугуул иргэд Монгол Улсын Засгийн газарт өчигдөр /2019.05.15/ хүргүүллээ.

УГ ШААРДЛАГАД

-“Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг үнэлж тогтоосон байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авахын өмнө, болон зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлон уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байна.

“Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж байгааг эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, шалгаж бодит нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт гаргах

►Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой бөгөөд “Авто замын тухай хууль”-д заасанчлан Саусгоби коэл транс” ХХК нь дотоодын буюу уурхайн олборлолт, ашиглалтын талбайн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх хэрэгцээнд зориулан барьсан авто зам, мөн уурхайгаас нүүрс, нурмаг ачаа тээвэрлэж байгаа хүнд даацын машин, механизмын тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замууд болон замын байгууламжийг барих, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичиг боловсруулж, норм, норматив, техникийн үзүүлэлт, стандарт шаардлага хангасан байдлыг холбогдох хуулийн шаардлагын хэмжээнд хянаж, шалган, зам, дэд бүтэц нь шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор тогтоох

►“Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явц дахь авто замын хөдөлгөөний эрчим буюу тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, голлон ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, машин мехнаизмын төрөл, ангилал,  түүний говийн эмзэг зөөлөн хөрс бүхий газрын гадаргад орчинд үзүүлэх нөлөөллийг судалж, одоо бий болсон сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоож, эрсдэл, хохиролыг үнэлэх

►Уурхайн олборлолт, нүүрс, тээвэрлэлтийн явцад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчиж явуулж байгаа үйлдэлд нь хяналт, шалгалт явуулж дүгнэлт гаргах

►“Байгал орчны нөлөөллийн байдалд үнэлгээ хийх тухай хууль”-д заасны дагуу “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Тостын нуруу орчмын бүс нутаг дахь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлт, ган гамшиг, байгаль цаг уурын сөрөг үзэгдлүүдтэй холбон судалж, одоо бий болсон байгалийн нөхцөл, орчны өөрчлөлтийг мэргэжлийн байгууллага, шинжээчдийн баг гарган ажиллуулж судлуулан, бүс нутаг дахь хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, байгаль орчинд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр бодит арга хэмжээ авч ажиллах

►Дээрх судалгаа, хяналт, шалгалтын арга хэмжээг төрийн болон орон нутгын засаг захиргааны зохих байгууллагууд болон төрөл мэргэжлийн шинжээч, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан явуулж, бодит байдлын талаар үнэн зөв, дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээг тодорхойлох, хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ хүртэл “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах

►Цаашид Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж Тост, Тосон Бумбын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай шийдвэр гаргуулах, “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалтын, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан байгаль экологид учруулсан хохирол, хор уршгыг тогтоон, үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг энэхүү шаардлагаар дамжуулан хүргэж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top