Си Жиньпин ОХУ-д айлчилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр өглөө /2019.06.05/ ОХУ-д иржээ. Владимир Путин, Си Жиньпин нар ямар асуудлаар хэлэлцэхийг дэлхий нийт ажиглаж буй. Тэд гурван өдрийн турш Москва, Санкт-Петербург хотод томоохон хэлцэлүүд хийнэ. Нийт 30 гэрээг үзэглэх талаар хоёр улсын Төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлсэн билээ. Мөн стратегийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргана. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Орос, Хятадын харилцаа одоо цэцэглэн хөгжиж байгаа аж. Үүнд Владимир Путин, Си Жиньпин нарын хувийн найрсаг харилцаа нөлөөлсөн байна. Си даргын айлчлал мөн БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаа юм.

Си Жиньпин Москвад дээд хэмжээнд хэлэлцээр хийгээд өнөөдөр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор тус хотыг зорих юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр Хятадын дарга ОХУ-д маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлал хийж байгаа аж. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд албаныхнаас гадна бизнесийн төлөөлөгчид багтжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад айлчилж байгаа юм. Си Жиньпин “Российская Газета” сонинд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нөхөрлөсөн минь маш үнэ цэнэтэй. Бидний харилцаа өндөр итгэлцэл дээр тогтдог. Хамгийн гол нь БНХАУ, ОХУ-ын харилцааны стратегийн ач холбогдолтой асуудалд бид нэгдмэл байр суурьтай байдаг. Бид мөн хоёр улсын харилцааг удаан хугацаанд гүнзгийрүүлэн хөгжүүлэх нийтлэг хүсэл сонирхолтой” гэжээ.

Владимир Путин, Си Жиньпин нар сүүлийн зургаан жилийн дотор 30 гаруй удаа уулзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top