ТОЙМ: Си Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлалаар юу шийдэгдэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Си дарга БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийг зорьж байгааг нь дэмжиж буйгаа мэдэгдэв. Си Жиньпиний энэхүү айлчлал нь сүүлийн 14 жилийн хугацаанд Хойд Солонгост хийж буй Хятадын даргын анхны айлчлал юм. Си Жиньпин “БНХАУ-ын төлөөлөгчид Пеньянд айлчилж, хоёр улсын харилцааг бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, дэлхий дахинд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэжээ.

БНХАУ-ын даргын айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан болж байгаа үйл явдал аж.

Дэлхий дахинд хувь нэмрээ оруулна

БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өмнө нь хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлж, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмрээ оруулахаар тохиролцож байсан билээ. Ким Жон Ун Си Жиньпиний урилгаар БНХАУ-д айлчлахдаа “Хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлэх, Солонгосын хойгийн асуудлыг төрийн зохицуулалтаар дэмжих, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд эерэг хувь нэмрээ оруулахын тулд хамтарсан хүчин чармайлт тавихад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн” гэсэн байдаг. Хоёр улсын удирдагч нарын нөхөрсөг уур амьсгалтай яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын хойгийн байдалд эргэлт гарч байгааг хэлээд нөхцөл байдлын идэвхтэй өөрчлөлтийг хэвээр хадгалахын төлөө чармайна гэжээ.

Хойд солонгосчуудын амьжиргааг сайжруулахад анхаарна

БНХАУ, БНАСАУ нь хаяа нийлсэн хөршийн хувьд сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ гэжээ. “Хоёр улсын эрүүл саруул харилцаа нь хоёр орны уламжлалт найрамдлын эрэлт хэрэгцээ төдийгүй хоёр орны эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьдралыг сайжруулах шаардлага юм” гэж Си дарга онцолж байв. Ким Жон Ун БНАСАУ-ын удирдагч болсныхоо дараа Солонгосын Хөдөлмөрийн намд нүүрлэж буй хамгийн чухал бөгөөд тулгамдсан үүрэг бол ардын амьжиргааг сайжруулах ажил юм гэдгийг онцолсон билээ. Мөн Хятад улстай хамтран эдийн засгаа хөгжүүлнэ гэжээ. “БНАСАУ болон БНХАУ нь бүс нутаг болон дэлхийн энх тайван байдлыг хамгаалах чухал хүчин. Солонгосын хойгийн байдал ямар ч байсан Хятад улс тус хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, асуудлыг яриа хэлцлээр зохицуулахыг баримталж байгаа нь Хятад улс хэзээд энх тайвныг эрхэмлэж, ард түмнээ амар тайван амьдруулах бодлого хэрэгжүүлж буйг бүрэн харуулсан” гэж шинжээч өгүүлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Си Жиньпинтэй утсаар ярихдаа Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийхийг уриалсан Си Жиньпиний санаачилга зөв байсан гэдгийг хэлжээ.

Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ онцгой ач холбогдол үзүүлдэг

Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ-ын тал онцгой ач холбогдол үзүүлсээр ирснийг Ким Жон Ун хэлдэг. Тэрбээр “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцээний аргаар шийдвэрлэх явцад БНХАУ, БНАСАУ-ын эрүүл, тогтвортой харилцаа чухал баталгаа болно. Зүүн Хойд Азийн бүс нутаг, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал ач холбогдолтой” гэжээ. Ким Жон Ун мөн Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Хятадтай уламжлалт худалдааны харилцаагаа бэхжүүлнэ гэсэн бол Си Жиньпин хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгөө хэлсэн байна. Солонгосын хойг дахь нөхцөл байдлын асуудлаар Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг Си Жиньпин хэлдэг билээ. Талууд харилцаагаа сэргээхэд чиглэсэн олон чухал алхмуудыг хийнэ гэжээ.

АНУ Хойд Солонгосыг шахаж байсан “хүнд” үед Хятад улс тус улстай улам илүү нягт болсон гэж шинжээч нар үзэх нь ч бий. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анхны дээд хэмжээний айлчлалаа Хятадад хийсэн бол БНХАУ-ын Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ким Жон Ун нарын удаа дараагийн уулзалтын дараа Пеньянд айлчлах гэж байна. Талууд мөн стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, Хятад болон Хойд Солонгосын иргэдэд харилцан ашигтай солилцоо хийх аж. Трамп, Ким нарын уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй бол Си даргын айлчлалаар олон зүйл шийдэгдэж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Хятад, ОХУ ба БНАСАУ

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын тоглоомын дэглэм, АНУ-ын империализмтай хамтран тус улсыг хэзээ мөдгүй эзлэхээр бэлтгэж байна гэж сурталддаг гэж шинжээч өгүүлсэн удаа бий. Тус улсын иргэд нь ч ийм итгэл үнэмшилтэй байдаг аж. АНУ нь Хойд Солонгосын удирдлага тун хариуцлагагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй гэж үздэг. АНУ бусдад түрэмгийлдэг “зангаараа”, Иракийн армийг бут ниргэсэн жишгээрээ Ливи, Сирийн асуудлын дараагийн ээлж нь Хойд Солонгос гэж үзэж байна гэж дүгнэх хүмүүс ч бий. Тэгвэл БНАСАУ-ын талд ОХУ болон Хятад гэх хоёр том гүрэн ч байж мэдэх юм. Ким Жон Ун өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдэж байв. Түүний ОХУ-д хийсэн айлчлал маш үр дүнтэй болж, талууд уулзалтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top