Афган хоорондын яриа хэлэлцээ амжилттай болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Афганистан хоорондын яриа хэлэлцээний гурав дахь удаагийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө.  

Төгсгөлийн хуралдаан дээр Катарын гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч Мутлак аль-Кахтанигийн мэдэгдсэнээр, бага хурал амжилттай болж, талууд Афганистанд энхийг тогтоох үйл явц, гаднын цэргийг тус улсаас гаргах, улс төрийн хоригдлуудыг суллах, Афганистаны бодлого зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Бага хурлыг зохион байгуулахад Герман улс идэвхтэй хамтран ажилласныг тэрбээр өндрөөр үнэлсэн байна.

Германы Засгийн газрын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Маркус Потцель талуудад идэвхтэй оролцсонд талархал илэрхийлээд Афганистанд хүчирхийллийг багасгах уриалга, амлалт өгсөн нь энэхүү бага хурлын гол үр дүн байлаа гэж тэрбээр онцолжээ.

Катар, Герман улсын хамтран Катарын нийслэл Доха хотноо зохион байгуулсан Афганистан хоорондын энхийн бага хуралд Афганистаны 60 гаруй төлөөлөгчид оролцсоноос “Талибан” хөдөлгөөний 17 гишүүн оролцжээ. Талууд Афганистаны энгийн иргэд, эмнэлэг, боловсрол, шашны байгууллагуудыг хамгаалах тухай тохиролцоонд хүрчээ. Бага хурлын үр дүнгээр гарах мэдэгдлийг зөвшилцөх үүднээс талууд уртасгасан цагаар хуралдсаны эцэст Афганистаны төр нь лалын үнэт зүйлсийг эрхэмлэн, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын эрхийг хамгаална гэж хамтарсан мэдэгдэлд заажээ. Энэ бол хэлэлцээр бус, харин хэлэлцээг эхлүүлэх үндэс суурь юм гэж Афганистаны эмэгтэйчүүдийн сүлжээний гүйцэтгэх захирал Мэри Акрами ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top