ХАЛХ ГОЛ 80: Манай голын баатрууд

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17
 
Халхын гол дарийн утаанд цоролзож, дайны голомт бүрхээд эхлэв. Тэр дайны гол фронтод тулалдаж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалахад олон хүн залуу нас, халуун зүрхээ зориулж явсан юм. Тэд эх орныхоо баруун хязгаар болох Увс нутгийн ахмад дайчид билээ. Ахмад дайчдаас цөөн хэд нь одоо ч мэнд тунгалаг амьдарч явна. Халхын голын дайн хайртай бүхнээ харийн түрэмгийлэгчдээс өмгөөлөн хамгаалах халх Монголын хамаг бүхний тэмцэл байж ээ гэж боддог. Манай голоос Халх голын дайнд явж, тэмцэж, тулалдаж дайтаж, залуу халуун насны ид хавыг үзүүлж, ялалтын уухайтай хамт эргэж ирээд, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон баатрууд олон байсан тухай аав минь ярьдагсан. Тэр л хүмүүсийн амьд мэнд гялалзаж явсан үеийн алтан дурсамж миний сэтгэлийн гүнд одоо ч тодхон үлдсэн юм аа. Энэ бүхэн хийгээд хийж бүтээсэн үйлсийн тухай сэтгэлийн гүнд сайхан дурсамж  өдөөж тэднийгээ түүхт ялалтын 80 жилийн босгонд дурсан бичих нь зүйтэй болов уу.

Эх орныхоо төлөө амь үл хайрлан тэмцсэн эх орончдынхоо бахархал гавьяаг дурсахын тухайд үүнийг чадан ядан тэрлэв. Намайг сургуулиа төгсөөд гол усандаа очсон жилүүдэд ахмад дайчин тэмдэг энгэртээ цаг ямагт зүүдэг, эмнэг хангал, элгэн хад, эрчилсэн ус мэт эрч хүчээрээ гайхагдсан хөдөлмөрч ёстой л болд төмөр мэт хатаагдсан олон сайхан эрс яралзаж байж билээ. Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж халуун зуны нар, шаагьсан бороо, тэсгэм хүйтнийг үл ажран, тэсрэх бөмбөг, исгэрэх сумны өөдөөс амь биеэ үл хайрлан тэмцэж ялаад ирсэн ах нарын дүр зураг одоо ч сэтгэлд ойрхон байдаг юм аа. Халхын голын дайнаас ирсэн тэд айл гэр болон төвхнөж, үр хүүхэд төрүүлж өсгөн эх орныхоо социализмын бүтээн байгуулалтад их хувь нэмрээ оруулсан ахмад дайчид байж дээ гэх бодол одоо ч зурсхийдэг юм. Тэдний амьд үеийн сайхан дүр, хийдэг, хэлдэг байсан үгс нь гэгээн зөн татуулан байдаг даа. Энэ баатарлаг эрсийн тухай цухас мөхөс дурсамжаа мэтгэх нь сайн үйлсэд зориулж босгох хөшөө дурсгалаас илүү сонин хэвлэлд бичиж үгэн суварга бүтээх нь миний чадах зүйлсийн нэг гэж үзсэн билээ. Жулын Дүгэржав, Авирмэдийн Гончиг, Аюурзанын Нашаа, Баясахын Батаа, Баянцагааны Батаа, Жүгнээн Цэвэгмэд, Түнээгийн Аюурзана, Гэнэний Очир, Өнөрийн Манжил, Дэвээлэйн Рагчаа, Боолгойн Шээрэв, Баасайн Цэжин, Шаалуун Жамбал зэрэг эрсийн тухай халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн босгонд дурсаж бүтээх нь илүү үнэнд ойр буй за. Бурхан болооч буянтай үйлстэн эх орончдоо дурсаж, тэднээсээ үлдсэн цөөн ч гэсэн хүмүүст сонсгол, мэлмий баясгасан дурсамжуудыг нь сөхөх шиг сайхан зүйл хаа байх вэ. Эх орончдынхоо тухай бичвэл бүхэл бүтэн ном бүтээж, роман тууж багадах бодит түүхийн гэрч билээ, тэд. Тиймээс тэднийхээ тухай зарим сонин содон сонсож дуулсан амьд үеийнх нь сэнэр сонор дурсамжаас багахныг нь тэмдэглэе.

Аюурзанын Нашаа гэгч сайхан эр байсан. Халхын голын дайчин эр цэргээс ирсэн  залуу,  сумын клубын үдэшлэгт орж ирээд бүжиглэж байгаад баяан хөгжмийн аянд кавказ танц хийнэ. Түүнийг бүжихэд клубын шал хотолзож, нэг удаа шал хуга гишгэн бүжиглэж олныг баясуулж билээ. Тэрээр морь эдлэхдээ гаргуун, хөгжилтэй, нөхөрсөг сайхан эр, ахмад дайчин байв.

Баянцагааны Батаа гэж Боршоо голдоо унд, ус, ажил хэрэгч чанар, хүмүүсийг араасаа дагуулах агуу чадвартай төрийн хар хүн. Ардын их хурлын депутатаар сонгогдон олныхоо дунд их нэр хүндтэй ахмад дайчин байсан юм. 

Баясахын Батаа бол Харигийн голын унаган эр. Маш хөдөлмөрчийн дээр нийгмийн амьдралын шударга бус зүйлийг үзэж чаддаггүй нэгэн байлаа. Хурал цуглаан дээр шударга үнэн зөв үгээ шулуухан хэлчихдэг, элэг бүтэн 20 хүүхэд төрүүлж, өсгөсөн голч шударга ооч сахалтай, олондоо хүндтэй нэгэн байж билээ. 

Жулын Дүгэржав гэж сум нэгдлийн дарга, ХАА-н удирдагч, 17 хүүхдийн эцэг, эрдэмлэг, бурханлаг нэгэн ахмад дайчин 86 нас сүүдэр зооглосон юм аа. Энэхүү Халх голын хамаг нууцын амьд эзэн сөрөх тагнуулын салаан дарга явсан. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сүүлдээ Коммунист намын дээд сургууль төгссөн. Орос, Манж, Төвд хэлтэй ахмад дайчин байв.

Шаалуугийн Жамбал гуай ооч сахалтай, нимгэн шар эр гарын дүйтэй сайн мужаан, гарамгай адуучин эр нутаг усандаа гайхагдана. Цэргийн уналгын агт малладаг. Эмнэг хангалыг эвтэйхэн номхруулж уналга эдэлгээнд сургаж агт болгодог их авьяастай, цалам бугуйл шидэхдээ мэргэн, зан ааш сайхан ахмад дайчин бидний дунд амьдарч байлаа.

Гэнэнийн Очир буюу манай нутгийнхан “Каараа” гэдэг сайхан ааштай 1000 гаруй улаан хүзүүтэй хоньтой ажилсаг буянтай сайхан эр байсныг санаж байна. Жүгнээн Цэвэгмэд, Түнээгийн Аюурзана, Увшийн Цэгмэд зэрэг ахмад дайчид зөвхөн эх орон ард түмнээ харийн түрэмгийллээс хамгаалж, ялалт байгуулахад  гавьяат үйлс бүтээснээрээ түүхэнд тод мөртэй үлдсэн. Гэсэн ч жирийн хүний амьдралаар эх орныхоо бүтээн байгуулалтад залуу насаа, сайн сайхан амьдарч ажиллаж байсан ХААН нэгдлийг үүсгэгчид, бүтээн байгуулагчид, олон сайхан үр хүүхэд төрүүлж эх орондоо хэрэгтэй хүн болгон төлөвшүүлсэн билээ. Зөвхөн “Ахмад дайчин”, “Бид ялав” медалиа энгэртээ гялалзуулж явдаг эрэмгий дайчин, энгийн түвшин амьдралын эзэд байлаа. Тэд одоо амьд байсан сан бол ямар сайхан сургамжтай  түүх дурсан ярих байсан бол гэж боддог юм. Ай хөөрхий, сайн хүмүүсийн үйлс унтардаггүйн адил энэ сайхан гавьяатнуудаа цухас дурдахад ийм байна. Бүх хүний нэрээр хөшөө босгомоор тийм л сайхан хүмүүс байв даа.

Бурхан болооч мянган мянган Халх голын ахмад дайчдын суу алдар бадраг.

Ахмад сэтгүүлч Ц.ЯДАМСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top