Ялалтын жимээр цуурайтсан ЯРУУ АЛДРЫН ДУУН

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

(Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулав)

2019.08.25. Улаанхуаран дахь Зэвсэгт хүчний 089 дугаар ангиас таван автобус, таван машин нийлсэн арваад машины цуваа зүүн хязгаарыг зорин довтолгов.

Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей болон болон Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжийн уран бүтээлчид ихэнх хувийг эзэлсэн энэхүү цувааны нэг автобус нь сэтгүүлч биднийх. Дайнд оролцсон дайчин баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахмад буурлууд ч баярт оролцохоор цуваанд нэгджээ. Халх голын дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа Хэнтий аймгаас эхэлнэ. Эзэн Чингис хааны өлгий нутаг нартай бороогоо ивэлгэн, нандин солонгоо нумлан,  уул усныхаа хамаг л үзэсгэлэн гоог дэлгэж угтлаа. Эрхэмсэг хатдын бортого, ууж өмсгөлтэй энхрий охид алд цэнхэр хадаг дэлгэж, аяга дүүрэн сүү мэлтэлзүүлэн биднийг тосов.

Тэртээ оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрссон баатарлаг хөвгүүд, охидын дусалсан цус, унагасан нулимс, асгаруулсан цус, өргөсөн халуун амины үнээр олдсон эх орон минь Халхын голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, ах дүү улсын найрамдалт хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгсөөр өдгөөг хүрчээ. 1938-1940 онд Дорнод аймгийн даргаар ажиллаж байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ц.Ламзав дурдатгалдаа “...Тайван цагт бол зориглож чадмааргүй зүйлийг дайны үед хийж чадсан Дорнод нутгийн хөдөлмөрч олноороо би үргэлж бахархаж явдаг юм. Нэг хот айлд таван гэр байлаа гэхэд дөрөв нь цоожтой, үлдсэн нэг гэрт ердөө л ганц хүн байна. Тэр хотныхоо бүх мал сүргийг маллаж, хүүхэд шуухдыг асарна. Бусад бүх хүмүүс цэргийн албанд хүнс бэлтгэх, түлш татах зэргээр ажиллаж байсан юм. Өвгөд хөгшид хүртэл утасны мод ачсан үхэр тэрэг хөтлөөд Халхын гол руу явж байлаа. Эмэгтэйчүүд мал нядалгааны газарт мах бэлтгэж, хүүхэд багачууд дайсны онгоцоор хаясан олон мянган ухуулах хуудсыг түүж шатааж байв. Тэр бүх тээврийг ердийн хөсгөөр амжуулж байсан юм....” гэж тэмдэглэн үлдээжээ. Халхын голын хязгаарт богино хугацаанд, их хүчээр, ширүүн галаар дөрвөн улсын цэрэг дөрвөн сарын турш тулалдан байлдаж, Монгол-Зөвлөлтийн шударга журмын дайчид ялан дийлж, Япон-Манжийн шунан түрэмгийлэх дайнчид бууж сөгдсөн билээ.

 

 

Дайн ар тал, хангалтын томоохон бааз байсан Хан Хэнтийд анхны баатрын хөшөө сүндэрлэв

Наймдугаар сарын 26-ны өглөө Хан Хэнтий нутагт нар мандлаа. Энэ л тунгалаг наранд Өүлэн эх сүүгээ өргөж, энэ л цэлмэг тэнгэрт Тэмүүжин хөвүүн залбирч байсан гэж бодмогц тэртээ зуунаас өртөөлөн буухиалах түүхийн хуудас эргэсээр 1939 он дээр  зогсов. Хэнтийчүүд дайны халуун фронтод хамгийн ойр байж, хүнс хоол, морь мал, зэвсэг техникээр хангаж байсан түмэн. Энэ л ард түмнээс Халхын голын дайнд 700 шахам хүн оролцож байсан түүхтэй. Хөтөлбөр ёсоор энэ өглөө Хэнтий аймгийн уугуул, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгорын гэрэлт хөшөөний нээлт боллоо. Нээлтэд Батлан Хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон ахмад дайчин, Хэнтий аймгийн нутгийн ард иргэд оролцлоо. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба "Өнөөдөр бид Ардын журамт цэргийн ахмад Партизан Б.Пунцагийн хөшөөний дэргэд анхны баатрынхаа хөшөөг босголоо. Хэнтий аймаг бол Халхын голын дайны ар тал, хангалтын үйлчилгээний томоохон бааз суурь болж, Халх голын дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэв. Нутгийн иргэн, ахмад настан С.Шагдарсүрэн "Баатар Ш.Гонгор бол манай аавтай нэг гол усны хойно, урд өссөн улс. Ш.Гонгор гуай шагай, сур харвадаг мэргэн хүн байсан. Аварга Тосонгийн рашаанд манайхтай айл саахалт байлаа. Манайхаар орж гарч аавтай маань хууч хөөрч, аавд минь буу бэлэглэсэнд бэлгэшээж билээ" хэмээн хуучлав. Баатар Ш.Гонгорын төрсөн дүүгийн хүү Л.Баатаржав "Ахын маань хөшөөний нээлт болж байгаад сэтгэл өндөр байна. Хөшөө нь их төстэй болсон байна, холоос харахад улам адилхан харагдлаа. Гонгор ах ан их хийдэг, сур мэргэн харвадаг хүн байсан. Гурван хүүхэдтэй байсан ч цугаараа өөд болсон. Ач, зээ нар нь байдаг боловч хөшөөний нээлтэд нь харагдсангүй. Ах маань хүний дайтай яваарай, үнэнч шударга яваарай гэж захидаг байсан" гэж хоолой зангируулан хэллээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Д.Батхуяг гаргаж, гардан ажилласан бөгөөд идэр залуу түүнийг хурандаа цол бүхий цэргийн хувцастайгаар дүрсэлж, хүндэтгэлийн соёмбот тугийг салхинд хийсгэсэн нь баатрын бадрангуй, дайчин, гал цогтой, эрэмгий дүр төрхийг тодотгожээ. Ш.Гонгор нь Хэнтий аймгийн Баянхутаг сум буюу тухайн үеийн Идэрмэг сумын нутагт 1912 онд төрсөн бөгөөд 1933 оноос цэрэг, тасгийн захирагч, салаан захирагчийн туслахаар алба хааж, 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн. Салааны туслах дарга Ш.Гонгор нь 1936 оны нэгдүгээр сарын 28-ны шөнө зургаадугаар дивизийн харьяа Буландэрсний харуулаас зүүн хойшоо долоон км-т орших Цагаан-Ухаа дээр манаанд гарч байхад нь дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад ганцаараа хоёр цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ. БНМАУ-ын Улсын баатар Ш.Гонгор нь 1992 онд 80 насандаа таалал төгссөн юм.

 

 

Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Хэнтийчүүд Батлан хамгаалах яамны төв архиваас Халхын голын дайнд аймгаасаа оролцож явсан 678 хүний нэрийг шүүж авсан бөгөөд эдгээр дайчдын нэрсийг дурсгалын цогцолборын хананд бичиж мөнхжүүлжээ. Мөн орон нутаг судлах музейд дайчдын буланг дэлгэсэн бөгөөд үргэлжлүүлэн “Хан Хэнтий чуулга”-д баярын хурал, хүндэтгэлийн концерт болон Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат киноны нээлт тус тус боллоо. Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид  Халхын голын байлдааны тухай, эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцэн дайтаж явсан дайчдын тухай эрэмгий дайчин бүжгээ бүжиж, дуугаа дуулж ард түмний золбоог нэмж, зовхийг өргөв. Цэл залуухан хөвгүүд, охидын цээжинд цохилж асан зүрхний цохилго, сэтгэлийн дуудлага, асаж дүрэлзсэн хилэн, аюумшиггүй зоригт түүх нүднээ амилж сэтгэлийн гүнээс боргилон ундарсан баяр бахдал, аархал омогшлын гал улаан дөл аньсага мэлмийгээс минь усан цэнхэр сувд болон халинам. Ай, эх орон минь таныхаа ширхэг чулуу, атга шороог ч хамгаалж эрслэн босох чонон зүрхт монгол цус минь буцалнам. Буцалсан их бадрангуйн жимээр чинагш довтолгон, дөлгөөхөн мяралзах Хэрлэн мөрнийг туучин, дөмөлзөн өндийх Хэнтийн уулсыг туулан  бидний төмөр хүлэг  тэр оройдоо Дорнодын цэнхэр хязгаар руу хандвай.

 

 

Догшин дайны домогт гэрч Дорнодын цэнхэр хязгаар 

Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Халхын голын домогт Хилийн отряд, Хурандаа Чогдонгийн нэрэмжит Мэнэнгийн отрядын салбар гэхээр Дорнод аймаг сэтгэлд тодорно. Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хот нь зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв билээ. Тэртээ 1930-аад оны дунд үеэс Дорнод аймгийн нутагт Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 5,6,7,8 дугаар морьт дивиз, их буу, хуягт, холбоо, нисэх зэрэг төрөл мэргэжлийн анги салбарууд, хязгаарын цэргийн дөрвөн хороо байрлаж, 1935 оноос Зөвлөлтийн Армийн түрүүчийн ангиуд хүрэлцэн ирж өргөжиж байлаа. Баянтүмэн, Тамсагбулаг зэрэг газруудад цэрэг, зэвсэг, техник, шатахуун, хүнс, эд агуурс хангамжийн том баазууд бий болжээ. Дорнод аймгийн ард иргэд энэ цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр арван жил ард цолтой байлдагч явсан юм.

Тэд фронтод байлдаж байгаа анги салбар, цэрэг дайчдад хоол хүнс, хувцас хэрэглэл, аргал түлш, агт уналга хүргэх, утсан холбоо татах гуалин мод, гүүр гарц тавих дүнз банз тээвэрлэх, худаг гаргаж унд усаар хангах, өвс бордоо бэлтгэх, нуувч шуудуу малтах, шархдагсдыг эмчлэн сувилах, мал нядалгаа, талхны газарт ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон ажилд өдөр шөнөгүй зүтгэж байв. 1937 онд цэргийн тээврийн ажилд 130 мянга, 1939 онд 150412 хөсөг тэрэг хөдөлгөжээ. Тэр үед аймгийн хэмжээний зүтгэх хүчний мал 60, төмөр тэрэг 18, модон тэрэг 43 мянга байсан нь 2-3 дахин явсан болж байна.

 

 

Онон, Улзын даваанаас Мэнэн, Буйрын талыг туулсан хөсөг тэрэгний цуваа ялалт авчрах аюулгүй ачааг тээж байлаа. 1939 онд цэргийн хүнсний баазад 146 мянган толгой мал бэлтгэн нийлүүлсний гадна дайны шийдвэрлэх тулалдааны үед долоо хоногийн дотор 1100 үхэр 30 мянган бог мал татаж, мах бэлтгэн фронтын шугамд хүргэж байжээ. Энэ л баатарлаг дайчин түмний эх оронч, цог золбоотой чин зүрхний халуун эрчис харцнаас нь, үгнээс нь, үйлдлээс нь үргэлжид цацарна. Биднийг шөнө дөлөөр хулгана цаг хагаслан Чойбалсан хотноо аяны дөрөө мултлахад мөн л хадаг сүүтэй үзэсгэлэнт буриад басгад тосов. Замын турш эх орон, цэрэг эрийн сэдэвтэй дуу дуулсаар ирсэн сэтгүүлчдийн нүд улам л сэргэж, камераа шүүрэн мөнөөх басгадыг дуран авайдаа буулгаж байлаа.

 

 

Дарийн утаа "дахин" суунаглаж, дайны талбарт "эргэн" ирэв

Наймдугаар сарын 27-ны өглөө Зэвсэг хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвийн хээрийн сургуулилтын талбайд  Монгол, Орос хоёр улсын хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болов. Тус сургуулийг үзэж сонирхохоор аймгийн наадамтай дүйцэхүйц олон хүн, машин тэрэг цугларчээ. Энэхүү хээрийн сургууль нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог бөгөөд таван жилийн өмнө Халхын голын Ялалтын 75 жилийн ойгоор Чойбалсан хотод зохион байгуулагдаж байсан юм. Анх 2008 онд “Дархан” нэртэй эхэлж байсан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль, 2011 оноос хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг “Сэлэнгэ” мөрний нэрээр нэрлэгдэх болсноор 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ахмад дайчин Я.Өсөх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Носулев Михайл Яковлевич, болон холбогдох албаны удирдлагууд оролцсон юм. Хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид туршлага солилцох, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ юм. “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ жил Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгэн томоохон хэсэг болж, дайн өрнөж байсан Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Нүсэр том танк, хуягт машин, нисдэг тэргүүд гал нээх бүрийд газар доргиж, чих дөжрөм дуу чимээ нүргэлнэ. 25 километрийн тусгалтай пуужингийн галт сум тэртээ алсад тэсрэлт, дэлбэрэлт үүсгэж бөөн хар утаа нүүгэлтэн харагдана. Танкнууд нуувчнаасаа ээлжлэн гарч, сэлгэн онилж, тусгайлан байрлуулсан хэдэн зуун байг онох бүрийд цэлмэг тэнгэр хар утаагаар бүрхэх ажээ. Хуран цугласан ард иргэд хүүхэд хөгшидгүй л дуу алдан шогширно. Дайны бэрх хатуу үеийг “нүдээр үзэж”, дарийн утаа дахин бүү суунаглаасай гэж дотроо тэд залбирсан биз ээ. “Сэлэнгэ-2019 хээрийн сургуулийн дараа ОХУ-Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтад оролцсон зэвсэг техникийн парад болсон бөгөөд хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцсон юм. ОХУ-аас 250 гаруй машин техник тээвэрлэн авчирч, хээрийн сургуульд хамтран оролцсон, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Носулев Михайл Яковлевич нь таван удаагийн байлдааны ажиллагаанд оролцож байсан бөгөөд өнөөдрийн хээрийн сургууль Сири улсад туршиж байсан байлдааны тактик ажээ.

 

 

“Халхын гол- Энхийн дуулал" цэргийн сэдэвт дууны уралдааны шилдгүүд тодров 

Дуу, хөгжимгүйгээр энэ амьдрал юутай уйтгартай билээ. Сэтгэл бадрааж, зүрх булгилуулсан цэргийн дуу сонсохоор даль жигүүр ургаж, зориг хүч нэмнэм. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд “Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдаан Дорнод аймгийн Чойбалсан хотноо боллоо. Тус уралдаанд Дорноговь, Дорнод аймгуудын театр чуулгын уран бүтээлчид, ЦДБЭЧ, ХЦДБЧ, УДБЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, ардын авьяастнууд бүтээлийн болон дуулаачийн гэсэн хоёр төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. “Дуулаачийн төрөл”-д МУГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин Г.Мөнхбат тэргүүн байр, УГЗ Т.Эрдэнэ-Очирын хөгжим, МАУЗ Б.Догмидын шүлэг “Алаг морьтой баатар” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин, МУГЖ Б.Батбаатар дэд байр, СТА О.Эрдэнэцогийн хөгжим, СТА Д.Ган-Очирын шүлэг “Баатар Халхын гол” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин СТА Д.Алтанхүү гутгаар байр хүртлээ. “Бүтээлийн төрөл”-д МУГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” бүтээл тэргүүн байр, МУГЗ Т.Найданжавын хөгжим, СТА Р.Мөнхтариагийн шүлэг “Халх гол аав хоёр” бүтээл дэд байр, СТА О.Эрдэнэцогийн хөгжим, СТА Д.Ган-Очирын шүлэг “Баатар Халхын гол” бүтээл гутгаар байр эзэлсэн юм.

 

 

80 бүтээлд мөнхөрсөн Халхын голын дайны дүр зураг

Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, Дорнод аймгийн МАН-ын хороо, Дорнод аймгийн гэрэл зурагчдыг холбоо хамтран “Дайны түүхэн жимээр” гэрэл зургийн уралдааныг зарласан бөгөөд Мэнэн-Буйр нуур-Халх гол-Нөмрөгийн чиглэлд уран бүтээлийн аяллыг хийж, тус аяллаас 80 гэрэл зургийг шигшин өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Дайны түүхэн жимээр” гэрэл зургийн уралдааны ялагчдад аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ц.Сүхбаатар, Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн И.Ариунбат нар шагналыг гардуулан өгсөн юм. “Халхын гол 80” гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр Н.Батзаяа, дэд байр Б.Энхмаа, гутгаар байр Г.Санчир нар шалгарлаа. Дайны хүнд бэрх үеийг харуулсан бодит түүхэн зургийг дэлгэж, залуу хойч үедээ таниулан, мэдүүлэх, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, дайчин баатруудаа алдаршуулах зорилготой энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн танхим дүүрэн үзэгчтэй байлаа.

 

 

Монументаль зурагт анх удаа Халхын голын байлдааны ялалтыг дүрслэв

Халхын голын 80 жилийн ойд зориулсан олон арга хэмжээний нэгэн шигтгээ нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл ""Мозайк" цуврал зургийн цогцолборыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын санаачилга дэмжлэгээр Халхын голын 80 жилийн ойг зохион байгуулах хороо хамтран бүтээсэн юм. Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Халхын голын дайны түүхт 80 жилийн ойг зохион байгуулах Дорнод аймгийн комиссын дарга Ш.Ёл нар тууз хайчиллаа. 
Тус бүтээл нь Халхын голын байлдааны Ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг юм. Уг бүтээлийг зураач Д.Будбаярын загвараар Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид хийжээ. Анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугараг ханан дээр нь Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээж байжээ. Мөн 1989 онд Чойбалсан хотод Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож хөшөөний ард талд нь нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээсэн байдаг. Харин 80 жилийн дараа энэ дэлгэмэл понарам зургийн цогцолборын эсрэг талд түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолбор босгож байна. 

 

 

Цуврал бүтээлийн эхний хэсэгт: 1939 оны дайны байдлыг дүрсэлсэн бөгөөд Тэнгэрт хэдэн зуун онгоцнууд тулалдаж, газарт Орос-Монгол цэрэг эрсүүд эх орны газар шороог халуун амиараа хамгаалж, цэл залуу насаа өгсөн тэр л халуун өдрүүдийн шийдвэрлэх тулалдааны өрнөлийг дүрсэлсэн байна. 
Дараагийн хэсэгт: Энх цагийн амьдралыг дүрсэлсэн байна. Ялалтын дараа цэрэг эрсүүд саарал шинелээ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орцгоосон юм. Энх цагийн хөгжил дэвшлийг бүтээхэд Зөвлөлтийн нөхөд мөн харамгүй сэтгэлээр тусалж, бидний энх тунх амьдралыг бүтээлцэж өгснийг дараагийн хэсэгт тусгажээ.

 

 

Дайнд мордсон охид 

Дайн гэдэг үхэл хагацал хоёрыг үүрд дагуулахын учир шархадсан дайчдынхаа амь насыг аврахын төлөө Баянтүмэний төв больниц цэргийн госпиталын 7-р тасаг болж эмч сувилагч ажилчид дайнд шархадсан цэрэг дайчдыг эмчилж сувилж асрахын зэрэгцээ тэдний дэргэдээс алхам ч холдохгүй тойглож тордож, энэлэл шаналлыг хуваалцаж явсан юм. тэднээс эмч Н.Янсанжав, А.Гүндэгмаа, сувилагч Г.Янжин, ажилчин А.Наваан, Д.Батаа, Л.Шагдар нарын эмчийг онцлон, хөхиүлэн шагнасан тухай баримт бичиг нь бий. 

Дорнодын эмнэлгийн хэдэн арван эмч сувилагчид Халхын голын болон чөлөөлөх дайнд оролцсон төдийгүй дайны дараа цэргийн анги салбарт бактерологийн зэвсгийн хор уршгаар дэгдсэн аюулт өвчнийг арилгахын төлөө 1948 он хүртэл ажиллаж байжээ. Дорнод аймгийн Баяндун сумын 16 охин дайнд оролцож байсан түүхтэй. Фронтын халуун цэгт эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин Ц.Чимэдцэрэн бол тэднээс амьд үлдсэн ганц хүн нь. Энэ түүх 40 жил дарагдаж, нууцлагдаж явсаар 1980 оноос ил болжээ. “Дайнд мордсон охид” нэртэй кино энэ өдөр аймгийн Хөгжимт драмын театрт нээлтээ хийлээ. Тэртээ 80 жилийн өмнө сайн дураараа дайны гал дүрэлзэж, дарийн утаа үнэртсэн Халхын голыг зорьсон Баяндун сумын эрэлхэг 16 охины тухай дээрх кинонд өгүүлдэг. “Дайнд мордсон охид” киноны санаачлагч, найруулагчаар тус аймгийн Баян-Уул сумын уугуул Ч.Оюундэлгэр ажиллаж, 16 охины дүрд дайнд оролцож байсан ахмад дайчдын ач зээ, үр хүүхдүүд тогложээ. Киноны нээлтэд 16 охидын нэг өдгөө 97 насыг зооглож буй ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуай оролцсон бөгөөд хуран цугласан олон ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуайг танхим дүүрэн алга ташилт дор хүндэтгэлтэйгээр угтан авч байлаа.  Нээлтийн үеэр Хөгжимт драмын театрын үүдний танхимд дайны үеийн эмнэлгийн байдал, эмч сувилагч нарын хувцас хэрэглэлийг харуулсан үзэсгэлэнг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийнхөн дэлгэсэн байв. Дайчин  охидын нэг ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуай “Бидний 16 охидын ихэнх нь эсэргүүний хүүхдүүд байсан болохоор, нөгөө талаар насанд хүрээгүй 14-16 настай хүүхэд дайнд оролцуулсан гэдэг шалтгаанаар бидний тухай нэг ч үг ярьж үл болно гэж  хориглосон байсан юм. “Дайнд мордсон охид” киног үзээд их сайхан байна” гэж нулимс дуслуулан хэлэв. Энэ өдрийн орой бидний тухалсан буудлын 209 тоотоос буриад дууны гэгэлгэн, гунигтай аялгуу хонгилоор хөвөрсөөр намайг тэр л өрөө рүү ховсдон татсан юм. “Адуун чулуу” буриад ардын дуу ийн намайг хөтөлжээ. Адуун чулуу хэмээх газар нь Баяндун сумын нутагт байдаг бөгөөд дайнд оролцсон 16 охины хөшөөг тэр л газрын өвөр энгэрт босгож, нээлт нь Халхын голын ялалтын 80 жилийн ойгоор болох тухай /есдүгээр сарын 3-нд/ Чимэдцэрэн гуай хэлсэн нь тун их сонирхол татаж, очиж үзэх сэн гэсэн хүсэл төрүүлж байлаа.

 

 

Засаг ноёны зангарагтай үг 

Буурай самгантай яриа өрнүүлж, буриад дууны гунигтай атлаа, ухаарал бодрол томсон аялгуунд автангуйрч суутал “Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сэтгүүлчдийг ресторанд хүлээн авна” гэсэн дуудлага ирэв. Засаг даргын “захиалснаар” бүсгүйчүүд гоё даашинзаа өмсөж очив. Дуу хуурт умбуулж, нутгийнхаа брэндээр гарын бэлэг өгч, сэтгүүлчидтэй найрсаг хөгжөөнтэйгөөр цагийг өнгөрүүлсэн Засаг ноён залуу хүний хувьд тун мэдрэмжтэй, нийтэч, энгийн нэгэн болох нь байр байдлаас нь харагдаж байлаа. Түүний бахдан хэлсэн нэгэн мэдээ бол “Оросын ард түмний бэлэг болгож буй “Шинэ сум” төслийг байгуулж, ашиглалтад оруулж байгаа билээ. Их Модун ХХК, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, нутгийн аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллагын албан хаагчдын дэмжлэгээр Халх гол сумыг жишиг  сум болгох ажил ийнхүү шуударч, жишиг сумын нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 3-ны өдөр болно” гэсэн юм. Энэ бол нутаг орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхний бахдам үйл явдал мөн. Халхын голын дайны халуун цэг болж байсан тэр л газарт Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНМАУ-ын Л.Дандар, Цэргийн жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх бахархалт өдрийг нийт Халх голчууд төдийгүй эх оронч ард түмэн хуруу тоолон хүлээж буй билээ. Засаг дарга М.Бадамсүрэн “Агт морьдын туурай, атан тэмээдийн тавхай улдаж байхад ард олны нуруу бөхийгөөгүй, зориг шантраагүй ачааны хүндийг дааж явсан юм, давж гарсан юм. Халхын голын дайны ар талын фронтод Монгол дээлийнхээ ханцуйг шамлаж, хормойг шууж ард цолтой байлдагч явсан зон гэдгээрээ бид баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа байгуулсан ахмад үеэ, залгамж хойч үеийнхэн үүрд дээдлэн бахархах болно. Хэн ч мартах ёсгүй, хэзээ ч мартагдах учиргүй Халхын голын баатруудын яруу алдар бадартугай” гэсэн юм.

 

 

Зөвлөлтийн нисгэгч болон Монгол дайчдын хөшөөнд өргөсөн цэцэг 

Наймдугаар сарын 28-ны өдөр. Уудам тэнгэрийг эзэгнэнхэн уулсын дээгүүр, үүлсийн доогуур дүүлж, эсэргэн сумны өөдөөс шунган эсэргүү дайсны өмнөөс галлаж явсан бүргэдийн хараатай, шонхрын зүрхтэй нисгэгчдийн яруу алдрыг дурсаж зогсном. Зургаадугаар дивизийн шигшмэл сумангийн дарга явсан Дашийн Шарав дурдатгалдаа “...”Чиний өмнөөс би амиа өгье” гэсэн зоригт сэтгэлтэй Зөвлөлтийн нөхөд байлдааны талбарт тааралдаж байлаа. Долдугаар сарын 4-нд манай суман Зөвлөлтийн нэгэн сумантай хамт давшиж байсан юм. Сумангийн дарга нь ахлах дэслэгч цолтой залуухан хүн байв...Тэр залуу дарга маш ухаалаг, авхаалжтай, сүрхий цэцэн буудна. Тэр хүн намайг дайсны суманд өртөх вий гэж мөн ч их санаа тавьдаг байсан нь одоо ч гэсэн санаанд хадгалагдсаар байна...” гэж бичжээ.
Энэ бол Монгол-Зөвлөлтийн эгэл дайчдыг элгэн халуун нөхөрлөлийн жишээ билээ.

 

 

Монгол түмний төлөө амиа өргөсөн мохошгүй зоригтнууд бол Зөвлөлтийн, Оросын ард түмний зоригт хөвгүүд юм. Энэ олон онцлог талтай дайнд амь эрсэдсэн Монгол-Зөвлөлтийн баатруудын 27 хүн тутмын 26 нь Зөвлөлтийн цэрэг Оросын цэрэг байжээ. БНМАУ, ЗХУ-ын алдар цол, одон медаль хүртэгсдийн 17 мянга гаруй нь зөвлөлтийн, 800 орчим нь монголын дайчид байлаа. Халхын голын дайнд оролцсон Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Дорнод аймгийн батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Носулев Михайл Яковлевич, Халхын голыг зорьсон эрэлхэг охидын нэг ахмад дайчин Ц. Чимэдцэрэн болон холбогдох албаны удирдлагууд, ахмад дайчид Чойбалсан хотын иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа мөнхийн гал ассан Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, тус хөшөөний өмнөх ялалтын талбайд Халхголын дайны 80 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв.

 

 

Орос, Монголын дайчдын сүрт жагсаал болов

“Анхаараарай! анхаараарай! Дорнод аймгийн Чойбалсан хотоос ярьж байна. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо” гэж хөтлөгч зарлав. Хуурай замын цэргийн командлагч, генерал Б_Амгаланбаатар “НОМХОН. ЗЭРЭГЦ, ДУНДАА” гэж команд өгч “ЭРХЭМ ДАЙЧДЫН АМРЫГ ЭРЬЕ!” гэхэд нийт дайчид “ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ! УРА, УРА, УРА!” гэж Чойбалсан хотыг доргитол дуу нэг хүнгэнэтэл цуурайтуулав.  Монгол улс, ОХУ-ын хамтарсан цэрэг дайчдын жагсаал сүр жавхлантайгаар эхэллээ.  Нэгэн жигд алхаагаар ярсхийтэл алхах дайчдын мөрдөс бүхий цэргийн цэмцгэр хувцас өнгө алаглан талбайг чимнэ. Чойбалсан хот тэр чигтээ ялалтын баярын уур амьсгалд умбаж, хөгшид буриад дээлээ иж бүрэн агсаж, одон тэмдгээ энгэртээ гялалзуулан дайнд оролцсон өвгөдийнхөө гэрэлт зургийг өмнөө барин, энх цагийн бэлгэдэл өнгө өнгийн цэцэг гартаа атган инээмсэглэн алхана.

 

 

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Халхын голын дайнд баатарлагаар амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдийн жагсаал, “Спасибо Россия” хэмээх талархлын уриатай Дорнод аймгийн Залуучуудын жагсаал, зүүн бүсийн цэрэгжилт спортын “Дөл” тоглолтын шилдэг оролцогчид “Өсвөрийн эх орончид”, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, “Өсвөрийн арми” бүлгийн сурагчдын жагсаал, “Дайчин алдрын замаар” аялалд оролцсон дугуйчдын жагсаал, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас оролцож буй морьтон хүүхдүүдийн жагсаал, Халхын голын дайнд оролцож байсан авто машин техник хэрэгслийг сэргээн засварлах уралдааны 1-3 дугаар байр эзэлсэн авто машин сонирхогчдын авто машины жагсаалаар үргэлжилсэн юм. Хүндэтгэлийн жагсаалын дараагаар Монгол улсын цэргийн дуу бүжгийн чуулга, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын Цэргийн дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн тоглолтоор ирсэн зочдодоо мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

Жагсаалыг чимсэн бяцхан морьтон хүүхдүүд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас наймдугаар сарын 21-ний өдөр гарчээ. Тэд 7-10 настай багачууд. Төв аймгаас 700 км явж Чойбалсан хотод ирж цэргийн жагсаалд оролцож буйтай таарлаа. Цаашаа 350 км явж Халх гол сум орно гэнэ. Нийт 2000 гаран км мориор аялах тэдгээр хүүхдүүдийн нэг нь л охин. Багш Д.Буянбат, Хүүхдийн төлөө төвийн мэргэжилтэн Батчимэг нар Батлан хамгаалах яам, Их хурлын дэмжлэгтэйгээр “Өсвөрийн дайчид” бүлгэмийн хүүхдүүдийг удирдан, хариуцаж яваа бөгөөд хүүхдүүдэд тэсвэр хатуужил суулгах, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор аяллаа эхлүүлсэн гэв. Цэрэг ногоон хувцсаар ижилссэн цог золбоотой хүүхдүүд “Ээж, аав маань энэ аялалд явна гэхэд татгалзаагүй. Маш олон сайхан газар үзэж явна. Аян замдаа огт ядраагүй” гэж цовоо хариулж байсан нь өхөөрдөм байлаа. Аяллын багт хүүхэд хамгааллын төвийн мэргэжилтэн, эмч, тогооч, морь маллагч, жолооч  зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй яваа ажээ.

 

 

Танхим дүүрэн баярын хурал, тайз дүүрэн бахдам тоглолт 

Мөн өдөр Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хуралд ахмад дайчдын гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын танхим хөл гишгэх зайгүй дүүрсэн байлаа.  Нутгийн ард иргэд энэхүү баяраа дээдлэн хүндэтгэж гоёлын дээл хувцсаа өмсжээ. Баярын хурлыг Дорнод аймгийн ажлын хэсгийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ойн баярын хурлын дарга хэмжээг удирдан явууллаа. Хуралд дарга нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын агентлаг, байгууллагуудын төлөөлөгчид, Манай улсад суугаа гадаад улсын элчин сайд, яамны төлөөлөгчид, ОХУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид, генерал, офицерууд, дайчид, хөрш зэргэлдээх ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газар, Агын тойрог, Чита хотын зочид, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Ховд, Төв, Орхон аймгийн зочид, төлөөлөгчид, төр захиргаа, аж ахуй, олон нийт, зэвсэгт хүчин, хилийн цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага, МУ-ын хөдөлмөрийн баатар, 2008 оны Паралимпын аварга Д.Баатаржав, МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, БНМАУ-ын Маршал, МУ-ын баатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МАН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга, МУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбалын дүү Ю.Аюуш, Монгол Улсын ахмад баатруудын болон Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, ахмад дайчдын гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөл, ахмадууд болон иргэд оролцсон юм. Мөн Монгол улсын цэргийн дуу бүжгийн чуулга, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын Цэргийн дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн тоглолт боллоо.

 

 

Хүндэтгэлийн тоглолтын талаар ЦДБЭЧ-ын уран бүтээлийн хэлтсийн дарга, ерөнхий найруулагч, ахмад Л.Баттөр "Хэнтий, Дорнод аймгуудад ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хоёр хэсгээс бүрдсэн хүндэтгэлийг тоглолтыг өргөн барилаа. Эхний хэсэгт Халхын голын байлдаан хэрхэн эхэлсэн, хэрхэн дууссаныг дуу, бүжгээр зохиомжлон хүргэлээ. Энэ хэсэгт монголчуудын сайн мэддэг дуунуудыг шинэчлэн найруулж дэлгэн тавьснаараа онцлог байв. Хоёрдугаар хэсэгт энхийн цагийн Зэвсэгт хүчин буюу "Ялалтын дуутай монгол цэрэг" зохиомжоор шилдэг уран бүтээлүүдээ үзэгч олноо өргөн барилаа. Үзэгч олон үнэхээр халуун дотноор хүлээн авлаа. Үзэгч нь багтахгүй, суудал нь хүрэхгүй байлаа шүү дээ. Манай цэргийн чуулгынхан Хэнтий, Дорнод аймгуудад мөн үдшийн цэнгүүнээр ялалтын болон орчин цагийн дуу, бүжгээ дэглэн хүргэлээ. ЦДБЭЧ-аас 95 хүний бүрэлдэхүүнтэй удирдлага, уран бүтээлчид, инженер техник, үйлчилгээнийхэн томилогдон ажилласан" гэсэн юм. Чойбалсан хотын үдэш тогтуухан агаад дулаахан. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үдшийн цэнгүүн Чойбалсангийн хөшөөтэй тусгаар тогтнолын талбайд болов. Нутгийн ард иргэд дүүрэн цугларчээ. Цэргийн дуу, бүжгийн чуулга, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглолт хийж, “Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдааны шилдэг дуунуудыг Дорнодчууддаа өргөн барилаа. Тоглолтыг өндөрлүүлж, Халхын голын байлдааны ялалтын ёслолын буудлага хийж, тэнгэрт түм түмэн өнгийн баярын очис түгэв.

 

 

Батлан хамгаалах эх орон минь

Баярын очис цээжинд үсчин, үсчин байх ахуйд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж сэтгүүлч биднийг хүлээн авч, уулзлаа. Тэрбээр “Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын ялалтын баярын мэндийг дахин хүргэе. Түүхт 80 жилийн ойд хоёр улс маш идэвхтэй оролцож байна. 1939 оны нөхцөл байдал, хамарсан хүрээг тооцвол хоёр орны 130 мянга гаруй цэргийн алба хаагч, 800 гаруй онгоц, 1000 гаруй танк, хуягт машин оролцож байсан. Амь эрсэдсэн болон гэмтэж шархадсан цэргийн албан хаагч 80 мянга гарч байжээ. Халхын голын тулалдааныг  судлаачид түүхэн том дайн гэж үздэг. Ямар их үнээр тусгаар тогтнолоо олж, аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан бэ гэдгийг залуу үедээ таниулах нь  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний үүрэг юм” гэлээ.

1939 оны тавдугаар сарын 11-нд Японы 500 морьтон цэрэг Номун хан хэмээх газраар Монголын хилийг зөрчин орж ирснээр Халх голын зарлаагүй дайн эхэлсэн юм. Эрс уул хүртэл 60 километр, Хамар даваанаас улсын хил хүртэл 28 километр газарт 126 өдрийн тулалдаан болсон юм. Японы өдөөсөн их, бага хэмжээний 60 удаагийн өдөөн хатгалга, зэвсэгт тулгаралт, томоохон мөргөлдөөнд манай дайчид эрх орныхоо сөөм газрын төлөө анхны ялалтуудаа байгуулж, алдраа дуурсгасан түүхтэй. Халх гол орчмын газрын хөрсөн доор үүрд нойрссон эрэлхэг дайчдад зориулсан “Ханан хөшөө”, “Ерэн баатрын хөшөө”, “Илдэн хөшөө” гэх мэт  31 хөшөө дурсгал Халх голын орчимд сүндэрлэн байдаг билээ. Цуст дайны гэрч болон боссон 90 баатрын хөшөө Дорнод аймгийн Баянцагааны нуруунд бий. Ерэн баатрын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм.

Дорнын талаас нар зууж мандсан догшин талын эрмэг салхи хүртэл дайчин эрсийн ханхар цээжинд шургалж, дан шинелийнх нь энгэрт хоргодож асан дайн дажны үеүдэд охид гэзгэндээ тууз зүүхийг мартаж, хөвгүүд хайрын захидал бичихийг умартаж, харах нүдийг үл цавчин эх орноо хамгаалж ирсэн Халхын голын дайныг бид мартах учиргүй. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн  ойгоор Монгол, Орос хоёр улсын Төрийн дуулал арга хэмжээ бүхний өмнө эгшиглэж, төрийн далбаа магнай дээр намирах агшин хором бүрийд халуун алгаараа цээжин тушаанаа зөөлөн дарахад зүрх минь ЭХ ОРОН, ЭХ ОРОН гэж цохилном.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.191.80) 2019 оны 10 сарын 01

Ганцаараа үлдээгүй ээ. Цаана нь 4 хүн буй

0  |  0
z(59.153.114.46) 2019 оны 09 сарын 02

yoponchuud mongold anh tz tavih sanal gargasniig bodvol daiosagnaagui baih

0  |  0
Top