Хорьдугаар зууны түүхт хүмүүсийн нэг, олноо “Залуу жанжин” хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэн /1912-1982/ нь БНМАУ-ын цэрэг, төрийн томоохон зүтгэлтэн, Монголынардын армийн хурандаа генерал, монгол цэргийн гарамгай зүтгэлтэн байлаа. Түүний нэр Халхголын дайн гэдэг хоршоо үгтэй хамт сурах бичигт үлдсэн юм. Халхголын дайнд тэрээр ямар үүрэг, гавьяатай оролцсоныг түүхч Ж.Болдбаатар тэмдэглэхдээ “Дорнод хязгаарыг японы эзэрхэг түрэмгий нарын довтолгооноос эрс шийдвэртэй хамгаалж буй байлдааны фронтыг удирдах явцад миний орлогч жанжнаар улс төрийн газрын дарга нөхөр Лхагвасүрэнг түр томилсугай" гэсэн Х.Чойбалсангийн тушаалаар залуу дарга Халхын голыг зорьж, маршал Г.К.Жуковтой хамт фронт дээр ажиллах болжээ. Ингэж Ж.Лхагвасүрэн Халх голын хавьд байрласан монгол ардын армийн анги нэгтгэлүүдийн олон талт үйл ажиллагааг гардан удирдах болсон юм.
Тэр Г.К.Жуковтай хамтран ажилласны үрээр түүний дайн байлдааны нөр их туршлага, цэргийн ухааны гүн мэдлэг, жанжны ур чадвараас бүтээлчээр суралцаж, байлдааны гол гол операцийн төлөвлөгөөг боловсруулахад оролцжээ. Ж.Лхагвасүрэн командлалаас гаргасан шийдвэрийг Монголын цэргийн анги нэгтгэлүүдэд цаг тухайд нь хүргэж, газар дээр нь шуурхай зохион байгуулах явцдаа өөрөө өсч, цэргийн авъяаслаг дарга болохоо харуулсан юм” гэсэн нь бий. Саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн Халхголын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Ж.Лхагвасүрэн жанжны охин Л.Лхагвадуламтай ярилцлаа.
Л.ЛХАГВАДУЛАМ: ААВ МААНЬ САЙН ДУРААР ЦЭРЭГТ МОРДСОН НЬ
ХУВЬ ТАВИЛАНГИЙН ДУУДЛАГА БАЙСАН БОЛОВ УУ
-Таныг Лхагвасүрэн жанжны охин гэхээс гадна сэтгүүлчийн хувиар бид танилууд. Та уг нь математикийн багш байх аа?
Миний мэргэжил бол математикийн багш, математикийг герман хэлээр заах багш. Намайг Москвад Багшийн дээд сургуульд элсэхэд тэнд гадаад хэлээр сургалт явуулдаг тусгай дунд сургуулиудад тоо, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг гадаад хэлээр нь заах багш нарыг бэлтгэж эхэлж байсан үе. Тэгээд надаас санал авахад би математик, гадаад хэл гэдэг чиглэлийг сонгосон юм. Улаанбаатарын зөвлөлтийн нэгдүгээр арван жилд герман хэл сурч байсан учир. Тэгээд сургуулиа төгсөөд ирэхэд намайг нэгдүгээр тусгай дунд сургуульд хуваариллаа. Би математикийг монгол хэлээр ерөөсөө сурч байгаагүй болохоор заана гэдэг бол бүтэхгүй ажил гэдгийг маш сайн ойлгож байсан. Гэвч тэр үеийн хууль журмаар улсын мөнгөөр мэргэжил эзэмшиж ирээд харъяа газартаа ажиллах учиртай. Тэгсэн ч би багшийн ажлыг дийлэхгүй гэдгээ мэдээд аавыгаа өөр ажилд оруулж өгөөч гэж гуйсан боловч аав минь улсын хөрөнгөөр сурчихаад хий гэсэн ажлыг нь хий гээд халгаасангүй. Тэгж байтал аз таарсан гэх үү дээ. Сургуулийн захирал нэг өдөр хурал хийгээд нэлээн ууртай, “та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол өргөдлөө өгөөд гар” гэж загнахаар нь тэгж болдог юм байна гэж баярлаад тэр дор нь өргөдлөө бичээд өглөө. Одоо бодож байхад захирал маань “шоконд” орсон уу, яасан бэ, өргөдлийг минь цохоод өгсөн. Тэр үед би ШУА-ийн Одон орон судлах оргилд орон тоо байгааг сонссон байсан болохоор тийшээ хандаад Өргөргийн станцд ажилд орлоо. Тэнд ажиллаж байхад Оргилын захирал намайг герман хэлтэй болохоор надаар герман хэлнээс эрдэм шинжилгээний өгүүллүүд орчуулуулж байлаа, тэр нь намайг орчуулгын ажилд сонирхолтой болгосон юм. Тэгж байтал МОНЦАМЭ агентлагаас эрхлэн орос хэлээр гаргадаг “Новости Монголии” сонинд орос хэлтэй хүн хэрэгтэй гэж дуулаад Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд ажилд ороод тэндээсээ тэтгэвэртээ гарсан түүхтэй. Төөрсөөр төрөлдөө л болсон доо. Гэхдээ хоёулаа аавын тухай ярилцана биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Саяхан Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Халх голын дайн, залуу жанжин Лхагвасүрэн хоёр хамтдаа яригддаг домог шүү дээ. Аавынхаа бичсэн “Халхын гол” номыг танай гэр бүлийнхэн дахин хэвлүүлсэн байна.
-Аав энэ номоо үйл явдлын шинэхэн мөрөөр бичсэн санагдсан. Хорин долоохон настайдаа фронт дээр Г.Жуковын орлогчоор томилогдоод дайны явцад шууд оролцон Монголын армиа командалж Зөвлөлтийн анги нэгтгэлүүдтэй цэргийн үйл ажиллагааг зохицуулж харилцан ажиллахыг удирдана гэдэг хэчнээн хүнд, хариуцлагатай ажил байсан бол оо гэж бодогдсон. Тэр үеийнхээ сэтгэгдлээр Хамар даваанд хийсэн тэмдэглэл гэдэг хэсгээ шүлэглэн бичсэнээс үзэхэд ямар сэтгэгдэл үлдэж, зүрх сэтгэлд нь хоногшсон гэдэг нь мэдрэгдэж байсан. Номонд нь 1940 он гэж байна билээ. Зарим хэсгийг хожим бичсэн байж ч магадгүй. Анх 1979 онд хэвлэгдсэн ном нь бол их авсаархан, гар бичмэл нь тийм байсан уу, явц дундаа хасагдсан уу, мэдэхгүй. Ямар ч байсан 1975 онд өрөлтөнд ороод 1979 онд хэвлэгдэн гарсан гэсэн мэдээлэл номонд байна билээ. Тэр үед аливаа бүтээлийг Сайд нарын зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиол хянах газрын зөвшөөрөлтэй нийтэлдэг байсан юм. Тэр газар өөрийн дүрмийн дагуу зөвшөөрөх, эс зөвшөөрөх, хасах засах асуудлыг шийддэг байв. Миний ажиллаж байсан сонингийн материалууд ч бүгд тэр газрын тамгатай хэвлэх үйлдвэрт шилждэг байсан.
-Халх голын дайны түүх судлаачдад томоохон судлагдахуун мөн болох нь гарцаагүй.
-Цэргийн түүх судлаач С.Баатар аавын үйл ажиллагааг маш нарийн судалсан хүн. 1989 онд ард олны шахалтаар аавд улсын баатар цол олгосон үйл явдал болсон юм. Үүнтэй холбоотойгоор Лхагвасүрэн жанжины үйл ажиллагаа, үүрэг ролийг судлах шаардлагатай болж, нэг үгээр бол Халх голын дайнаас 50 жилийн дараа тэрхүү үйл явдалд улс орны удирдлага дүгнэлт өгсөн юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах яаманд судлах үүрэг өгч хэсэг түүх судлаачид тодорхойлолт гаргаж өгсөн гэж би ойлгосон. Тэдний нэг цэргийн түүх судлаач хурандаа С. Баатар цаашид ч судалгаагаа үргэлжлүүлээд олон өгүүлэл, ном зэргийг гаргасан. Тийм учраас би аавынхаа номын хоёр дахь хэвлэлд С.Баатар судлаачаар өмнөх үгийг бичүүлэх хүсэлт тавьсан юм. Тэгэхэд энэ номыг С.Баатар өмнө нь олж үзээгүй байсан шүү.
-Аав тань тэр дайны талаар ярьдаг байсан уу?
-Ахтай л ярьдаг байсан шиг билээ. Дайны хамгийн аймшигтай нь юу вэ гэхээр өчигдөрхөн уулзаж ярилцаад явж байсан хүнээ маргааш нь алагдсан байхыг олж, хэн болохыг нь тогтоох маш хүнд шүү гэж ярьдаг байсан. Аав маань 1932 онд сайн дураараа цэрэгт мордож Тамсагбулагийн 15 дугаар морьт дивизэд хуваарилагдсан гэдэг. Тэнд байх үед япончууд хил дээр будилаан гаргаж, өдөөн хатгалга явуулж байсан, үүний тухай номондоо дурдсан байгаа. Тэгээд 1935 онд хэсэг цэргийн дарга нарыг зөвлөлтийн цэргийн улс төрийн академийн дэргэдэх улс төрийн ажилтны курст явуулахад аав явсан. Хоёр жилийн курст нөхдөө даргалан суралцсан. Харин 1937 онд төгсөөд нутагтаа буцах гэж байтал Маршал Х.Чойбалсангаас тушаал ирж, дараагийн группийг ахалж үлдэх үүрэг хүлээж аваад дахин хоёр жил үргэлжүүлэн суралцахаар болсон юм билээ. Тэгэхдээ Зөвлөлтийн цэргийн дарга нартай хамт суралцаж төгссөн. Төгсөж ирэхэд нь МАХЦ-ийн улс төрийн газрын орлогч даргаар томилсон.
-Сайн дураараа цэрэгт явсан түүх нь их сонин шүү дээ. Бичиг үсэгт тайлагдсан залуу өөр ажлаасаа урваж цэрэгт явсан гэдэг байх аа.
-Богд хан уулын яамны бичээч хийж байгаад цэрэг татлага болж байгааг мэдээд хүсэлтээ гаргасан байдаг юм. Өмнө нь мөн хошуу тамгын газарт тал бичээч, бичээч хийж байсан гэдэг. Сайн дураараа цэрэгт татлагад явахыг бодоход хувь заяа нь л дуудсан байх даа.
-Ямар зан чанартай хүн байсан бол?
-Их шударга, үнэнч, тусч хүн байсан даа. Ажилдаа үнэнч, мэргэжилдээ үнэнч, нөхөрлөлдөө үнэнч, гэр бүлдээ үнэнч тийм л чанараар нь тодотгох байх даа.
-Хорьдугаар зуунд төрсөн цөөхөн цэргийн жанжны нэг шүү дээ. Сонин хувь тавилан. Монголчуудын түүх бол тэр чигтээ цэрэг дайны түүх. Эцэг өвгөд тань ямар хүмүүс байсан бол оо. Та удам судраа хэр мэдэх вэ?
-Ёстой энэ талаар бодож, судалж, асууж байгаагүйдээ одоо ичих юм. Аав нь Баянхонгорын хүн байсан юм билээ. Бага залуудаа Булган аймагт цагаачилж очиж амьдарсан. Тэндээ гэр бүл зохиож, миний эмээтэй ханилан найман хүүхэд төрүүлсэн эгэл жирийн малчин байлаа. Нэг сонин түүх байдаг нь хээр малаа хариулж яваад бийрийн хошуу олсон гэдэг. Түүнийгээ ихэд бэлгэшээн хадгалдаг байж. Манай аав ихрийн өрөөсөн юм шүү дээ. Ихрийн өрөөсөн нь Зундуй гэж ах байлаа. Бас Халх голын дайнд оролцон гавьяа байгуулж явсан түүхтэй. Дайнд анхны шагнагдсан хүмүүсийн нэг, салаан дарга байж. Энэ хоёр ихэр дээрээ нэг ах, таван эгчтэй. Хоёр хүүгийнхээ нэгийг лам, нөгөөг хар болгодог заншилтай байлаа шүү дээ. Аавыг хар хүн, авга ахыг лам болгохоор шийдсэн байсан юм билээ. Тэгээд аавыг хадам ахдаа шавь оруулж бичиг үсэг заалгаад, хожим аймгийн танхимын сургуульд оруулсан түүхтэй. Тэр үед аав нь хадгалж явсан бийрийн хошуугаа өгөөд төрийн хар хүн болоорой гэж ерөөсөн гэдэг юм. Бас нэг сонин баримт байдаг юм. Маршал аавыг 1939 онд Зөвлөлтөд цэргийн эрдэмд суралцан төгч ирснээс нь хойш хоёр ч удаа Халх голд дагуулж явсан байдаг юм. Аав цэргийн улс төрийн газрын орлогчийн хувьд Халх голын цаг үеийн бүхий л мэдээг авдаг, боловсруулдаг. Маршал болон бусад дарга нарт мэдээллийг дамжуулна, сонин хэвлэлд өгнө. Суртал ухуулгын материал бэлтгэнэ гээд маш их ачаалалтай байсан гэдэг. 6-р сард аав Маршал аавтай хамт Халх голд очсон байдаг. Тэгж очихдоо гавьяа байгуулсан дайчдыг шагнасан юм. Жагсаалаас нэр дуудагдаад аавын ихрийн өрөөсөн гараад ирж. Маршал хараад зогтуссан гэдэг. Гэнэт өмнө нь Лхагвасүрэн гараад ирэхээр хүн гайхалгүй яахав. Энэ хүн таны хамаатан уу, гэж Маршалыг асуухад аав миний ихрийн өрөөсөн байна, би дүүгээ энд байгааг өөрөө ч мэдээгүй гэдгээ хэлж. Маршал ах дуу хоёрт таван минут уулзах зөвшөөрөл өгч аав, авга ах хоёр минь хэдэн үг сольсон гэдэг. Аав дүүгээсээ хэрэгтэй юм юу байна гэхэд авга, самурай хөөж яваад гутлаа урчихаад шагнуулахдаа хүний гутал өмсөөд ирснээ хэлэхэд нь аав өөртөө байсан шинэ хромон гутлаа өгсөн юм билээ. Аав гэрээсээ гараад арваад жил болсны дараа ихрийн өрөөсөнтэйгээ дайны талбарт уулзсан нь бас сонин юм шүү.
-Халх голын дайнаас хойш 80 жил өнгөрч байгаа ч одоо ч дайн мөн биш гэж маргах нь бий. Та тэр дайныг удирдсан жанжины үр хүүхэд, аавынхаа үг яриаг сонсч, энэ талаар бичсэн номыг нь хамгийн сайн уншиж судалсан хүн. Мөн сэтгүүлч. Хувь хүнийхээ хувьд энэ талаар өөрийн гэсэн баттай бодолтой байж таарна. Та хувь хүний хувьд өөрийнхөөрөө дүгнэбэл юу гэх вэ?
-Халх гол гэж аавын амнаас олон удаа сонсч байсан. Халх голын дайн, аав хоёр их ойрхон санагддаг байлаа. Хүүхэд байхад. Яах аргагүй нэг тал нь бусдын нутаг руу дайрсан, нөгөө тал нь эх орон, газар шороогоо хамгаалсан үйл явдал болсон нь эргэлзээгүй юм.
-Тэр дайны дундуур нэг аймшигтай зүйл болоод өнгөрсөн байдаг. Монгол цэргүүдээ тагнуул хэмээн барьж, шүүж, ял оноож байсан явдал.
-Тулгарсан дайны зэрэгцээ тийм аймшигтай явдал аавд тун хүнд явдал болсон. Тэр шударга бус, балмад үйлдлийг сөрж аав ямар ч нотолгоо, үндэслэлгүйгээр дарга цэргүүдийг баривчлахыг зөвшөөрөхгүй байхыг анги нэгтгэлүүдийн дарга нарт хатуу тушаасан тушаал гаргаж байсан юм билээ. Үүнийхээ төлөө яаж өөрөө эсэргүү хэрэгт тулгагдаагүй тэсч үлдсэн юм бол гэж гайхдаг. Хожим сониноос уншиж мэдсэнээр аавыг цэргүүд нь их хүндэлж хайрладаг, хүрээлдэг байсан юм билээ. Цэргүүдийнхээ гутлыг тайлаад хөлийнх нь ороолтыг засч зааж өгч ороолгодог байсан гээд олон сайхан дурсамж бий. Ер нь аав тийм олондоо элэгтэй хүн байсан. Хожим аав хөдөөнөөс олон ч хүнийг олж ирж, гэр орноороо дамжуулан сургаж гаргасан, тэдний дунд хорьдугаар зууны нэр алдартай цөөнгүй хүн байдаг. Аав олноор хүрээлүүлж, хүндлүүлсэн хүн байснаас гадна хувь заяа нь түшсэн нь ч юм болов уу гэж боддог. Ээжтэй учрах хувь тавиланг нь хамгаалсан зүйл байсныг ч үгүйсгэж, эсвэл баталж мэдэхгүй шүү дээ...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
2019.09.11 119 (2990)
Сэтгэгдэл ( 1 )
Aaviin tani hamaatanguud Bulgand ih bna. Amidad ni udam sudraa medej avahgui yasan ym ve dee.